ХУУЛЬ МЭДДЭГГҮЙ САЙД...

Сэтгүүлчийн үг

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон гэж нөхөр бий. “Монгол росцветмет” ТӨҮГ-ын даргаар ажиллаж байхдаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлчихээд, тэр нь илрэхээр “.... улсын мөнгө биш” гэж мэлзэж явсан увайгүй эр. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, шийдвэр гаргадаг бөгөөд саналын эрхээр нь аваад үзвэл компанийн нийт хувьцааны 81,5 хувийг эзэмшдэг тул “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай холбоотой бүхий л шийдвэрийг ганцаараа гаргадаг гэсэн үг юм. Энэ ч утгаараа Г.Ёндон хуулийг гууль болгож, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д дураараа авирлан, өөрийнх нь үгнээс гардаггүй нөхдүүдээр Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрдүүлж, өөрийн хүссэн шийдвэрийг гаргуулж суугаа ажээ. Тодруулбал, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 01 тоот шийдвэрээр компанийн дүрмийг шинэчлэн баталсан байна. Ингэхдээ дүрмийн 8 дугаар зүйлийн 2-т “Төлөөлөн удирдах зөвлөл нь 11 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн 4 нь хараат бус гишүүн байна. Хараат бус гишүүнийг 1 удаа улируулан сонгож болно.”, мөн дүрмийн 8 дугаар зүйлийн 3-т “Төлөөлөн удирдах зөвлөлийг 2 жилийн хугацаатай сонгоно.” гэж тус тус заажээ.

            Компанийнхаа дүрмийн энэхүү заалтыг баталгаажуулж,“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 тоот тогтоолоор “Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан бөгөөд журмын 2 дугаар зүйлийн 1.4-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа хоёр жил байна. Хараат бус гишүүнийг нэг удаа улируулан сонгож болно” гэж тусгасан болох нь компанийн цахим хуудас дээрээс илхэн харагдаж байна.  Эндээс “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа хамгийн ихдээ хоёр жил байх бөгөөд зөвхөн хараат бус гишүүн нэг удаа улиран сонгогдож, ТУЗ-ийн гишүүнээр ажиллах боломжтой гэдэг нь харагдаж байна.  Гэтэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Ганхуяг, Ц.Баяр-Эрдэнэ, Г.Нандинжаргал, С.Наранцогт, П.Өлзийнаран, Х.Болор-Эрдэнэ нарын хүмүүс 2016 оноос эхлэн компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа нь дээр дурдсан компанийн дүрэм, ТУЗ-ийн үйл ажиллагааны журмаа зөрчсөн үйлдэл болоод байна.  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ гишүүдийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байна гэж өөрсдөө журам гаргаж баталсан атлаа түүнийгээ мөрдөхгүй байгааг юу гэж ойлгох вэ.

            Энэ бүхэн дээр дурдсан УУХҮ-ийн сайд Г.Ёндон гэгч нөхөртэй шууд хамааралтай бөгөөд эдгээр хүмүүсийг ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөхгүйгээр, цаашид ч хууль, журмыг зөрчин, ажиллуулсаар байх сонирхолтой гэдгийг нь Компанийн тухай хууль, компанийн дүрэм, дотоод журмаа зөрчсөн гэдгийг мэдсээр атлаа ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх шийдвэрийг гаргахгүй байгаагаас тодоос тод харж болохоор байна.  Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 5-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг ба “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ 11 гишүүнтэй.  Үүний дийлэнх  олонхи буюу 66 хувь болох найман гишүүн нь хуралд оролцож байж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд ТУЗ-ийн аливаа шийдвэр хүчинтэй болох хуулийн шаардлага тавигдаж байна гэсэн үг. Гэтэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн зургаан гишүүн нь компанийнхаа дүрмийг зөрчсөн тул тэдгээр гишүүд эрх зүйн чадамжгүй болсон нь эндээс харагдаж байгаа биз. Тэгэхээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гаргаж байгаа аливаа шийдвэр бүхэлдээ хуулийн хувьд хүчин чадалгүй шийдвэрүүд болох боловч харамсалтай нь энэхүү чадамжгүй ТУЗ маань улс орны хөгжил дэвшилтэй холбоотой чухал шийдвэрүүдийг хууль бусаар гаргасаар суугаа нь харамсалтай.  Тухайлбал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс Монголын хөрөнгийн биржид хоёр их наяд төгрөгийн бонд гаргах асуудлыг шийдвэрлэж, одоо “ЭТТ бонд” гэж нэрлэгдсэн өрийн бичгийн захиалга явагдаж байгаа нь хууль бус үйл ажиллагаа гэсэн үг.

Нэгэнт ТУЗ нь бүрэлдэхүүний хувьд хуулийн шаардлага хангахгүй, шаардлага хангасан тавхан гишүүнтэй, хууль бус бүрэлдэхүүнээр гаргаж буй шийдвэрүүд нь хууль зөрчсөн  тул “ЭТТ бонд” гаргаж буй процесс өөрөө хүчингүй билээ. Улс орны ирээдүйн хөгжил дэвшилд томоохон түлхэц болохуйц төсөл хөтөлбөрт зориулан санхүүжилт босгох зорилготой “ЭТТ бонд” хууль зөрчиж гарсан болох нь тогтоогдвол хариуцлагыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон гэгч нөхөр хүлээж, хоёр их наяд төгрөгийг хувиасаа гаргах уу. Үгүй гэдэг нь ойлгомжтой. Иймд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хуулийн хүчин төгөлдөр байдлыг хангаж, ТУЗ-ийн хууль бус гишүүдийг нэн даруй чөлөөлөхийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон танаас шаардаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Иргэн. [192.82.74.xxx]

    Машиныг услах хэрэгтэй юм.

  • Зочин

    ЗОЧИН [202.179.26.xxx]

    Сайд болоход ямар шалгуур тавьдаг вэ? Гэнэтхэн л нэг хүн гарч ирээд сайд, дарга болчих юм.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?