УБТЗ-ЫН ДАРГААР Г.СЭРЭЭНДОРЖООС ӨӨР ТОМИЛОХ ХҮН БАЙХГҮЙ ХЭРЭГ ҮҮ

Сэтгүүлчийн үг

Ган замыг дагасан гажуудлын эхлэл их эртнийх. Төмөр замын вант улс гэгддэг байсан УБТЗ ХНН-ийн удирдлагуудын улаан цагаандаа гарсан луйвар энэ цагт ч үргэлжилсээр байна. Үргэлжилсээр байна гэдгийн учгийг өдгөө АТГ-т шалгагдаж буй тус газрын дарга асан П.Жигжиднямаа, ОХУ-ын төмөр замд ашиглаж байсан 1000 вагоныг “Максбридж ложистик” гэх Домниканы оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан авсан нь мөнгө угаах хэрэг байх гэх магадлалтай гэх хэргийн улмаас АТГ-т шалгагдахад хүрснээс “татаад” мэдчихэд болно. УБТЗ-ын экс даргыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр АТГ-т шалгаж эхэлсэн хэрэг одоо ч эцэслэн шийдэгдээгүй нь маргашгүй үнэн. 

Тэр ч бүү хэл, хугацаа нь дууссан гэж хэлж болохуйц 1000 вагон авахын тулд Зам, тээврийн сайдын 2014 оны аравдугаар сарын 14-ний 234 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журамд өөрчлөлт оруулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандсан байдаг. Дээр дурдсан хугацааг өөрчлүүлэх саналтай бичиг ирж байсан гэдгийн тус яамны эх сурвалжууд баталдаг бөгөөд тухайн үед нь Засгийн газар солигдсоноор Зам, тээврийн сайдын тушаалыг өөрчилж чадаагүй. Тухайн үеийн ХЗДХЯ-наас саналыг нь буцаасан. Тэгвэл эл асуудал эцэслэн шийдэгдэлгүй ийнхүү дуншиж байх зуур П.Жигжиднямаа гэр бүлийн хамт халуун намраар Герман улсыг зорьж, сар гаруйн өмнө эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт албаа үргэлжлүүлэн хаших боломжгүй боллоо хэмээн чөлөөлөгдөх хүслээ салбарын сайд Л.Халтарт өгсөн. 

Харин түүний оронд Г.Сэрээнэндорж томилогдох болсон тухай яригдах болсон. Яриа батлагдаж, олны үг ортойг нотолж орхилоо. Г.Сэрээнэндорж төмөр замд шинэ хүн биш. Тэрбээр олон жил төмөр замд ажилласан шигээ, хоёр улсын хамтарсан өмчөөс завшсан гэх төвөгтэй асуудалд орооцолдож, хуулийн дагуу ял эдэлж байсан гэдгээрээ түмэнд танигдсан нэгэн. "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Г.Сэрээнэндорж улсын хөрөнгө завшсан, эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр 2015 оны зургаадугаар сараас шалгагдаж эхэлсэн байдаг юм.Тодруулбал тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 20 000 000 төгрөгийн өртөг бүхий зүтгүүрийг дур мэдэн УБТЗ нийгэмлэгт 800 сая төгрөгөөр худалдаж авсан. Энэ хэргийг анхан, давах, хяналтын шатны шүүхээр хэлэлцэж гэм буруутай гэж үзэн ял оноосон. Гэхдээ ялыг нь Өршөөлийн хуульд хамруулж цагдан хориогүй юм. 

Үйлдсэн хэргийн тухайд, Г.Сэрээнэндорж нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.2, 47 дугаар зүйлийн 47.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтуудыг зөрчин 2013 оны зургаадугаар сарын 11- ний өдөр “Арвижих групп” ХХК-тай ОХУ-д үйлдвэрлэсэн, ТГМ23В загварын ашиглалтад явж байгаагүй, шинэ сэлгээний илчит тэргийг 816.000.000 төгрөгөөр худалдан авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас “Арвижих групп” ХХК-иас дээрх гэрээний дагуу нийлүүлсэн ОХУ-д 1987 онд үйлдвэрлэсэн, ашиглалтын хугацаа дууссан ТГМ23В загварын сэлгээний илчит тэргийг 2014 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт хүлээлгэн өгч 330 000 000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм. 

Нийслэлийн прокурорын газраас, Г.Сэрээнэндоржид холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Г.Сэрээнэндоржийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байхдаа албан үүргийн хувьд хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сэрээнэндоржийг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч, нэг жил хорих ял шийтгэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны наймдугаар сарын 11-ний өдрийн хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1-д зааснаар Г.Сэрээнэндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2-т зааснаар оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч, нэг жил хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байна.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Арвижих групп ХХК-ийн захирал Д.Цогтбаатараас 228.400.000 төгрөг гаргуулж Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт олгож, Г.Сэрээнэндорж нь гурав хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д заасны дагуу 2016 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Сэрээнэндоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 

Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Г.Сэрээнэндорж, түүний өмгөөлөгч Ө.Одгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Улсын дээд шүүх, шүүгдэгч Г.Сэрээнэндорж, түүний өмгөөлөгч Ө.Одгэрэл, иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Цогтбаатар, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хүн гуравхан хоног саатуулагдсан.Нэг жилийн ял авсан ч Өршөөлийн хуульд хамрагдчихсан.Тэгвэл тодорхой хугацаа буюу хоёр жил албан тушаал эрхлэх эрхээ хасуулсан эл эрхмийн ажиллах эрх сэргэжээ. Өдгөө хөрөнгийг завшсан УБТЗ ХНН-ийн даргын сэнтийд суухаар зүтгэж явна. 

Зам тээврийн дэд сайд, УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Ж.БатЭрдэнэд АТГ-ын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа, Г.Сэрээнэндоржийн хувьд УБТЗ ХНН-ийн даргаар ажиллахад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй, байхгүй гэх тодорхойлолтыг гаргаж өгчээ. Өөрөөр хэлбэл, УБТЗ ХХН-ийн дарга П.Жигжиднямаа эрүүл мэндийн шалтгааны улмаас үргэлжлүүлэн үүрэгт ажлаа хийж чадахгүй болсон тул чөлөөлөгдөх хүсэлтээ салбарын сайд Л.Халтарт 2021 оны хоёрдугаар сарын найманд өгсөн байдаг.

Харин түүнийг чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөс хойш яг 14 хоногийн дараа буюу 2021 оны хоёрдугаар сарын 22-нд УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Ж.Бат-Эрдэнэ, “Оросын төмөр замууд” НХН-ийн нэгдүгээр орлогч дарга С.А.Павловт П.Жигмиднямаагийн оронд Г.Сэрээнэндоржийг томилуулах хүсэлтээ албан ёсоор хүргүүлжээ. Улсад их хэмжээний хохирол учруулж, гуравхан хоног хорогдсон түүнд одоо УБТЗ ХХН-ийг даатгах эсэхийг “Оросын төмөр замууд” НХН-ийн нэгдүгээр орлогч дарга С.А.Павлов л шийдэхээсээ өнгөрсөн гэх сураг байна. Өөрөөр хэлбэл, УБТЗ ХНН-ийн Ерөнхий хороо хуралдаж эцсийн шийдвэрийг гаргах юм байна. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөрөнгөнөөс хумсалж, хуулийн дагуу ял шийтгүүлж явсан түүнд ийм их итгэл хүлээлгэх нь хэнд хэрэгтэй вэ. Басхүү чононд хонь хадгалуулахын үлгэрийг хэн найруулж, бичиж байна вэ гэдэг асуултын хариуг хэнээс тодруулах вэ. Нийгэмлэгийн хөрөнгийг үнэгүйдүүлж, хэрэгцээгүй бараа худалдан авснаар УБТЗ-д үзмэр л нэмэгдсэн. Үзмэрийн тоог нэмэгдүүлж, музей байгуулах гээгүй л юм бол томилохгүй л баймаар юм гэх үгийг төмөр замчид дайсныг энэ ташрамд дуулгачихъя.

З.УРСГАЛ

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?