НАРАНД СҮСЭГЛЭДЭГ НАУРЫЗЫН БАЯР

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-22 05:25

Сэтгүүлчийн үг

 Өнөөдөр Наурызын баярын өдөр. Наурыз нь Казах түмний баяр төдийгүй дэлхийн 30-аад улс үндэстэн өргөнөөр тэмдэглэдэг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн олон улсын албан ёсны баяр ажээ. Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурызын баярыг нэгэн цаг дор тэмдэглэж байна. Энэ өдөр бид “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч М.Тилегений гэрт зочиллоо. Биднийг очиход тус айлын хүндэтгэлийн ширээний хойморт 90 насны босго алхаж яваа Х.Хатира хэмээх сайхан буурал сууж байлаа. Энэ  буурлын сургаал, ухаан бадамлан асах тулгат галын хоймор цугласан зочдыг баясгаж, жил жилийн Наурызын баярын үүх түүхийн домог мэт  уламжлалт заншлын тухай  ховор сайхан яриа дэлгэнэ. 

Баярын  ширээний хамгийн чухал хоол бол наурыз шөл (наурыз көже) юм. Уг шөлний орцод ус, мах, гурил, давс, будаа, өөх, сүү зэрэг долоогоос доошгүй идээний дээж ордог юм байна. Будаатай шөл хийдгийн учир нь өсөж олуулаа болохыг бэлгэддэг аж. Мөн наурыз шөлийг том тогоонд хийж олуулаа иддэг ёстой. Учир нь, нэг тогооноос хоол идсэн хүмүүс эв найртай байж, урт удаан нөхөрлөхийн бэлгэдэл юм. Гэрийн эзэд зочдоо үндэснийхээ ёс, уламжлалт хоолоор дайлж, хүүхдүүд уламжлалт тоглоомоор наадна. Ширээ дүүрэн алагласан идээн дотор архи байхгүй байгаа нь анхаарал татсан юм. Иймээс гэрийн эзнээс сонирхож асуухад, “Наурызын баяраар архи, дарс огт хэрэглэдэггүй. Учир нь, Исламын шашинд архи дарсыг цээрлэдэг бөгөөд бусад идээ будааны дэргэд байж болохгүй” гэж үздэг хэмээн тайлбарлав. Мөн өнгөрсөн шөнийг казахчууд “Кызырын шөнө” гэж нэрлэдэг ажээ. Учир нь, өндөр настан Кызыр өвөө гэгдэх аз жаргалын элч айлуудаар  зочилж аз жаргал, буян хишгээ хайрладаг хэмээн бэлэгшээдэг юм байна.

Халуун дулаан орчин, хүүхдийн нүдээс хайр гэрэлтэн байх энэ айлын гэрийн эзэгтэйг Хуанганы Ардах гэдэг, багш мэргэжилтэй, ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд нийгмийн ухааны хичээл заадаг. Эднийх гурван хүүхэдтэй. Том охин Т.Акбаян найм, дараагийн охин Т.Ак-Жибек дөрөвдүгээр ангид суралцдаг, бага хүү Т.Елнар нь таван настай. Зочид Х.Хатира гуайтай золгож, амар мэндийг нь эрээд уламжлалт баярынхаа арга хэмжээнд оролцоно. Ахас ихэсийг хүндлэх ёс аль ч үндэстэн ястанд байдаг. Нэг үгээр хэлбэл, энэ айлын өнөө цагийн алтан ургийн тэргүүн нь Х.Хатира гуай. Энэ буурлын заавар зөвлөгөө, удам судартаа эрдэм болж, амьдралд нь аз жаргал болон гэрэлтсээр байна. Иймээс ч манай сонины хамт олон Казах түмний уламжлалт баярын олон өнгөөс Х.Хатира гуайг онцолж ярилцлага авсан юм. Баян-Өлгий аймаг байгуулагдахаас найман жилийн өмнө буюу 1932 онд мэндэлсэн энэ буурал нэгэн зууны түүхийн амьд гэрч, нэгэн удам угсааны эрдэм мэдлэгийн оргил билээ. Хэдийгээр түүний энгэрт гавъяатын тэмдэг байхгүй ч сурсан эрдэм, хийсэн ажил, туулсан амьдралынхаа замналаар аль эрт гавъяат болчихсон билээ. Тиймээс түүнийг Баян-Өлгий аймагт танихгүй хүн цөөн. Тодруулбал, олон арван гавъяат төрүүлсэн ачит багш билээ.

-Хоёулаа таны хүүхэд наснаас ярилцлагаа эхлэх үү?

-Би Баян-Өлгийн аймгийн Булган сумын Түргэн хэмээх газар 1932 оны гуравдугаар сарын 15-нд Хали гэдэг хүний хоёр дахь охин болон мэндэлсэн. Тухайн цаг үе хэцүү он жилүүд байсан. Би аав, ээжийнхээ гар дээр бусад айлын хүүхдүүдийн л адил хүмүүжил олж, өссөн. Тэгээд Баян-Өлгий аймгийн I арван жилийн сургуульд суралцаж, төгссөн. Дараа нь Улаанбаатар хотын Бага ангийн багш бэлтгэх сургуульд орсон. 1950 онд сургуулиа төгслөө. Тэр үед бага ястны хүүхдүүдийг гадаадад сургуульд сургах шийдвэр гарсан байв. Тухайн үеийн онц сурлагатан оюутнуудыг цуглуулж гадаадад явуулахаар боллоо. Улмаар би ЗХУ-ын харьяа Казахын Бүгд Найрамдах улсын Алма-Ата хотын Абайн нэрэмжит сурган хүмүүжүүлэх дээд сургуулийн хими-биологийн багшийн ангид элсэн орж, 1955 онд сургуулиа онц төгссөн. Сургуулиа төгсөөд нутагтаа ирж, Өлгий хотын II арван жилийн сургуульд багшаар ажилд орлоо. Хоёр жилийн дараа I арван жилийн сургуульд очиж, тэндээсээ тэтгэвэрт гарсан. Нэг үгээр хэлбэл, Баян-Өлгий аймгийнхаа нэгдүгээр арван жилд хими-биологийн багшаар 40 гаруй жил ажиллаад гавъяаныхаа амралтад суусан даа. 

-Та эцэг эхээс хэдүүлээ байсан вэ?

-Би эцэг эхээс долуулаа. Бүгд сургууль соёлын мөр хөөж, боловсрол эзэмшин Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулсан. Миний том эгчийн нөхөр БНМАУ-ын Барилгын сайдаар 20 гаруй жил ажилласан О.Тилейханыг хүмүүс андахгүй. Монгол Улсын барилгын салбарын хөгжилд маш их хувь нэмэр оруулсан, Гавьяат барилгачин хүн. Мөн нэг дүүгийн маань нөхөр Уул уурхай, геологийн болон Байгаль орчны сайдаар ажиллаж байсан У.Мавлет гэдэг хүн. 

-Ханьтайгаа хэдэн онд гэр бүл болж байв. Танайх хэдэн хүүхэдтэй билээ?

-1957 онд гэрлэсэн. Хань минь бас Казахстаны Алма-Ата (хуучнаар) хотод физик математикийн багш мэргэжил эзэмшсэн. А.Ависхан гэж сайхан хүн байсан. Бид 46 жил ханилж, хамтдаа сайхан амьдарлаа. Хань минь Баян-Өлгий аймгийн I, II арван жилийн сургуулийн захирал, аймгийн боловсролын газрын дарга, Барилгын ТМС-ийн захирал зэрэг алба хашиж байгаад тэтгэвэртээ гарсан. Шатар сайн тоглодог, спортын мастер цолтой хүн. Хань минь 2003 онд бурхан болсон. Сайхан аав хүн, сайн хань байхын үлгэр жишээ явсан. Би ханийнхаа ажил үйлээр ч, амьдралаа төвхнүүлсэн ухаанаар ч бахархаж явдаг. Бид дөрвөн хүү, гурван охин төрүүлж, өсгөсөн. Манай хүүхдүүд бүгд их дээд сургууль төгссөн. Том хүү А.Марат Хөвсгөл аймагт геологийн ангид ажиллаж байв. Том охин А.Галя Алматы хотод дээд сургууль төгсөж, орос хэлний багш мэргэжил эзэмшиж, Өлгий хотын ахлах сургуульд багшилж байгаад тэтгэвэрт гарсан. Дараагийн охин А.Индира Улаанбаатар хотын Гадаад хэлний дээд сургуулийг орос хэлний багш мэргэжлээр төгсөж, аймагтаа багшилж, сургуулын захирлаар ажиллаж байгаад тэтгэвэрт суусан. Одоо Казахстаны Алматы хотод амьдарч буй. Хүү А.Ром аймгийн Биеийн тамир спортын хороонд ажилладаг. Сагсан бөмбөгийн спортын мастер цолтой, Монголын Казах үндэсний спортын холбоог тэргүүлдэг.

-Таны шавь гээд яривал их тоо гарах байх даа?

-Би ажилласан хугацаандаа 5700 гаруй хүүхэд сургууль төгсгөсөн. Олон жил анги даасан багш хийлээ. Миний шавь нар дундаас 36 гавьяат, Хөдөлмөрийн баатар нэг төрсөн байдаг. Хөдөлмөрийн баатар, гавьяат замчин Б.Пунцаг миний шавь. II арван жилд багшилж байхдаа түүнд хичээл зааж байлаа. Багш хүн өөрөөсөө илүү эрдэм боловсролтой шавь төрүүлэх л хамгийн чухал. Өнөөдөр шавь нарын минь ихэнх нь Монгол Улсын өнцөг булан бүрд, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Мөн улс орны хөгжлийн төлөө сурсан эрдмээ зориулж сайд, УИХ-ын гишүүн болсон олон хүн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Болат, Р.Сандалхан, Т.Султан, О.Ныгмет, М.Тилейхан, Х.Баделхан, А.Мурат, А.Бакей, Х.Жекей, Б.Бейсен нар. Бүгд миний шавь. 

-Наурызын баярын онцлог нь юу вэ. Монголын уламжлалт баяруудаас юугаараа өөр вэ?

-Бидний хувьд хамгийн том баяр. Нэг үгээр хэлбэл, Казах түмэн энэ баяраар өөрийн онцлог, уламжлалт шинж чанараа олон нийтэд таниулдаг. Гэхдээ энэ бол сурталчилгаа биш. Бидний аж амьдралын онцлогийг дэлхий нийт судалж мэддэг, бас хүндэлдэг. Мэдээж, монгол түмний уламжлалт баяр ёслолтой зарим талаараа ижил ч нөгөө талаараа өөр. Тухайлбал, хоол хүнс, золгох, хүндлэх ёс өөр. Наурыз бол ахмадуудаа хүндэтгэдэг уламжлалын илэрхийлэл. Ахмад настнаа гэрийн хойморт залж, сургаалыг нь сонсож, тэдний ерөөлийг хүртэх нь залуучуудад их ач тустай гэж боддог. Наурызын баяраар “Улыс он болсын, Ак мол болсын” хэмээн ерөөдөг. Энэ нь “Сүү цагаан идээ элбэг дэлбэг байж, бүх юм сайн сайхан болог” гэсэн утгатай. Урин хаврыг өлзийтэй сайхнаар угтан золгохын ерөөл Наурызын баяраар ахан дүүс, айл саахалтаараа уулзан золгож, ахмад настнаа дээдлэн хүндлэх сайхан заншилтай билээ.   

-Казах үндэстэн охидуудаа илүү их хүндэлж, хайрлаж өсгөдөг юм шиг санагддаг. Мөн их багаас нь эмэгтэй хүний эрх үүргийг ойлгуулдаг гэж би боддог. Та санал нийлэх үү?

-Санал нийлж байна. Казахууд эмэгтэй хүүхдийг маш их хүндэтгэдэг. Эцэг, эхийн гар дээр байхад нь хүнд ажил хийлгэдэггүй. Нэг үгээр хэлбэл, хүүхэд ахуйд нь их хайрладаг. Мөн гэрийн ажилд бэлдэх, хүнийг хүндлэх ухаанд их сургадаг. Эмэгтэй хүүхдийг онцгой анхаарах ёстой. Настай хүний өмнөөс хамаагүй дуугарах, инээх, гэх мэт ааш авир гаргаж болохгүй. Ирээдүйн сайн сайхан гэр бүлийн сайн эзэгтэй болоход нь бэлддэг. Манай Казах түмэнд эмэгтэй хүн ахмад хүний урдуур нь хөндлөн гарахгүй байх сайхан уламжлал бий. Ахмад хүнд зам тавьж өгнө. Энэ мэт хүндлэлийн олон ёс заншлыг багаас нь сургана.

-Үндэсний хувцасныхаа талаар та яриач?

-Манай эмэгтэйчүүд их уран. Казах бүсгүйчүүдийн гараар урласан үндэсний хувцас, дээл, хүрэм, цамц, алчуур хаана ч давтагддаггүй. Охид бүсгүйчүүд өөрсдөө урлаж, оёсон зүйлээрээ орон гэрээ чимэглэдэг. Мөн ширдэг, аравч гээд бүгдийг урлана. Гэрийн бүх хэрэглэл, өнгө үзэмжийг эмэгтэй хүн л бүтээнэ. Хувцасны хээ маш олон утга илэрхийлдэг, үндэсний уламжлалд нийлүүлэхээс гадна хээ угалзны шинэ хэлбэр зохионо.

-Таныг хоол сайхан хийдэг гэж сонслоо. Хоол хүнсийг  бэлдэхэд бас их утга учир бий биз?

-Хоолны соёл дэлхийн бүх үндэстэнд байдаг. Манай казах үндэстэн ч гэсэн өөрийн хоолны соёлтой. Тухайлбал, гэртээ ирсэн зочдод мах чанаж өгнө. Үүнийг “бешбармак” гэж нэрлэнэ. Өөрийн гэсэн дэг жаягтай. Тухайлбал, хонины толгой, сүүжийг насанд хүрсэн эрэгтэй хүнд зориулдаг. Мөн шаант чөмгийг эмэгтэй хүнд өгдөггүй гэх мэт жаяг бий. Надад залуу насандаа эхээс сурсан хоолны эрдэм бий. Охин, бэрүүд, миний удмын бүсгүйчүүд ч одоо сайхан хоол хийдэг.

-Та бол Баян-Өлгий аймгаас “эгч” хүн. Тэгэхээр нутаг орныхоо хөгжлийг сайн мэднэ биз. Ер нь энэ цагийн залууст нутаг орноо ярих түүхийн гэрч нь та болоод байна?

-Манай аймаг 1940 онд байгуулагдсан. Намайг сурагч байхад хэдхэн эсгий гэртэй л байсан. Байшин барилга байгаагүй. Манай анхны сургууль ч эсгий гэрт л байсан. Аймагт анх 10 гаруй байшин баригдсан. Түүний нэг нь сургуулийн хүүхдийн гуанз байлаа. Тэр гуанзанд бид хуримаа хийж байв. Одоо манай аймаг танигдахааргүй өөр болсон. Өндөр өндөр барилгууд сүндэрлэж, Өлгий хот улам өргөжин тэлж, сайхан хөгжиж байна. Баян-Өлгийн төвд л гэхэд арван жилийн сургууль 10 гаруй бий. Манай аймаг Улаанбаатараас хоцрохгүй хөгжиж байна. Улаанбаатар минь ч гадаад орнуудын хөгжлөөс хоцрохгүй сайхан болжээ.

-Казах эрчүүдийг бүргэдгүйгээр төсөөлөхөд хэцүү. Танай удамд анчин хүн их байсан уу?

-Би өөрийгөө Ногай үндэстэн гэж хэлдэг. Татар үндэстэн гэсэн үг. Манай өвөө Татарстаны Казань хотод гимназид суралцаж байсан өндөр боловсролтой хүн байжээ. Тэнд бослого, хувьсгал гарч, хоёр ахыг нь хөнөөсөн учир Казань хотоос зугтан гарч Шинжаанд ирж суурьшжээ. Тэнд хүүхдүүдэд эрдэм боловсрол зааж, шашны номлолд сургасан гэдэг. Манай аав Ж.Хали айлын зургаан хүүхдийн нэг. Аавын минь төрсөн ах, дүү нар гадаад, дотоодод сургууль төгсөж, дээд боловсрол эзэмшсэн. Том ах Ж.Ахмет анхны эмч нарын нэг. Тэд улс төрийн дарга болох сургуульд явахгүй ард түмэнд тус болох сургуульд явна гэж хоорондоо ярьж байсан гэдэг. Миний аавын төрсөн дүү Ардын эмч, Хөдөлмөрийн баатар, монголчуудад “тархины” хэмээн алдаршсан Ж.Хайруулла эмч шүү дээ. Түүний хүү Х.Хусаян ч Гавьяат эмч болсон. Миний аав малчин, энгийн даруухан хүн байсан. Аавын минь ахын хүүхдүүд тариаланч, малчин байсан. Би мал аж ахуй, газар тариаланг мэднэ. Бид ах дүүсээрээ газар хагалж, тариа тарьж байсан үе бий. Манай удамд гөрөөчин, анчин хүн байгаагүй. Ер нь бүргэд барьж байсан хүн байгаагүй. Бүгд сургууль соёлын мөр хөөсөн.

-Танай  хуримын ёс заншил ямар онцлогтой вэ?

-Казах үндэстний хурим, өмсдөг хувцас, ярьдаг яриа цаг үеэ дагаад өөрчлөлт орсон байх. Хувцасны загвар ч ялгаагүй өөрчлөгдөж байгаа. Манай зан үйлд хувцасны соёл их. Нэг айлын охин 10-аас доошүй хүрэм, хантаазтай байх ёстой. Эрт дээр үед хуримаа гадаа хийж төрөл бүрийн тэмцээн зохион байгуулж, морь уралдуулж, бөх барилдуулдаг байсан. Одоо өөр болж байна. Бэлэг, инж нь ч ялгаагүй цаг үеэ дагаад өөрчлөгдөж буй. Дээр үед адуу тэмээ өгдөг байсан бол одоо машин, байр, мөнгө болж хувираад байна.

-Сүүлийн асуултыг танд үлдээе. Манай уншигчдад хандаж сайхан ерөөл, сургаалаа айлдана уу?

-Наурызын баярыг тохиолдуулан намайг хүндэтгэж, сониндоо ярилцлага авч байгаад маш их талархаж байна. Монголын нийт ард түмэнд, бүх гэр бүлд сайн сайхныг авчирч, хуучин он ээл өгөөжтэй байлаа, шинэ ондоо ажил бүтээл арвин, айл өрх бүхэн аз жаргалтай байхын ерөөл дэвшүүлье. Улс орны хөгжил дэвшил улам цэцэглэж, энэ онд болох Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай болоосой гэж хүсэж байна.  

Ийнхүү Х.Хатира гуайн алтан хүйн залгамж болсон нэгэн өрх айлын Наурызын баяр хөл ихтэй, бэлгэ дэмбэрэл, зөвийн зөнг дуудсан нэгэн өдөр, бидний тухлан саатсан хором энд хүрээд өндөрлөлөө. Казах түмний бахархалт зан үйлийн баяр олон жилийн даваа даван үргэлжилж, Х.Хатира гуайг үр ачдаа үнэт сургаалаа хайрлаж, энх тунх байхыг хүсэн ерөөе. Эгэл нэгэн сайхан буурлын хойч үедээ өвлүүлсэн эрдмийн зам нь тэгш дүүрэн өглөөний тунгалаг нарыг хvндэтгэж, сүүгээ өргөн угтсан казах түмэн минь энх тунх байхыг хүсэе.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-22 05:25

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    DR MAXWELL [129.205.124.xxx]

    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?