Б.ЖАВХЛАН:УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУД 2020 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛЭЭР 170-180 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТАСАРСАН

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-13 04:50

Сэтгүүлчийн үг

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө”-г Сангийн яам, Монголбанкнаас дэлгэрэнгүй танилцуулах үеэр сэтгүүлчдийн асуусан цаг үеийн зарим асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулт өгсөн юм. Тодруулбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зорилгоор иргэнд 50 сая, ААН-д (НӨАТ төлдөг) 500 хүртэл сая төгрөгийг гурван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй зээлийг өнөөдрөөс эхлэн олгох юм.

-Хөтөлбөрийг хэрэгжилт яг хэзээнээс эхлэх юм бэ?

-Өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ “Эрүүл мэнд, эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө”-г танилцуулснаас хойш иргэд, аж ахуйн нэгж рүүгээ чиглэсэн ажлын байрыг дэмжих зээлийн үйлчилгээ албан ёсоор өнөөдрөөс эхлэж байна. Мөн төлөвлөгөөнд тусгагдсан Монголбанкнаас өмнө нь уламжлал болгон авч хэрэгжүүлж байсан бусад төрлийн санхүүжилт, зээлийн үйл ажиллагаа, тухайлбал, репо санхүүжилт, ипотекийн зээлийн үйл ажиллагаа  хэвийн үргэлжилж байгаа.

 “Эрүүл мэнд, эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө” зургаан чиглэлтэй. Зургаан чиглэлийн яамд эдгээр үйл ажиллагааг хариуцана. Сангийн яамны зүгээс Төв банкны мөнгөний болон төсвийн бодлогыг уялдуулах, макро орчныхоо нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа байлгах, энэ жилийн төсвийн гүйцэтгэл болон УИХ-аас Монголбанканд даалгасан мөнгөний бодлогын орчинд энэ бүгдийг тааруулж, уялдуулж ажиллах гээд олон асуудал бий. Товчхондоо, “Эрүүл мэнд, эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө”-нд тусгагдсан иргэд, аж ахуйн нэгж рүүгээ чиглэсэн ажлын байрыг дэмжих зээлийн үйлчилгээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангалаа. Арилжааны болон Төв банкныхантай хамтарч судалж, хэлэлцээр хийлээ.

-Судалгааны чиглэл, хамрагдсан хүрээ, хугацааны талаар тодруулахгүй юу?

-Дээр дурьдсан эдийн засгийн идэвхжүүлэлтийг хийснээр эдийн засгийн макро түвшинд тэнцвэр  алдах гэхчлэн сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх юм. Товчхондоо мөнгөний инфляци, Төв банкны валютын нөөц, ханш гээд зорилтот бодлогын хүрээнд багтаах, хяналтдаа байлгахын тулд судалгаа хийсэн гэсэн үг.  Цаг хугацааны хувьд ч оносон гэж үзэж байгаа. Ямартай ч арилжааны банкууд дээр эдийн засгийн байдал хүндэрч, эрсдэлтэй нөхцөл үүссэнээс зээл нь гарахгүй, гацаж, төвлөрсөн эдгээр сул эх үүсвэрүүдийг дайчлах замаар эдийн засгаа идэвхжүүлэх боломжуудыг судалж, Засгийн газрын Зээлийн батлан даалтын сан, төсвөөс хүүгийн хөнгөлөлтийг Батлан даалтын сангаар дамжуулж, зээлдэгч иргэд, аж ахуйн нэгжүүддээ олгох замаар нийт 2 их наяд төгрөгийн ажлын байрыг дэмжих зээл гаргахаар банкуудтай хэлэлцээд, гэрээгээ үзэглэлээ.  Төв банк энэ ажил дээр нэлээн том үүрэгтэй, хяналтын функцтэй оролцож байгаа. Зээлийн нөхцөлийн тухайд, төр улсдаа данстай, НӨАТ төлөгч байх гэсэн ганц л шаардлагыг тавьж байгаа.  Хэрвээ бүртгүүлж амжаагүй бол бүртгүүл. Түүнчлэн энэ зээлийн үйлчилгээнд аж ахуйн нэгжээс гадна иргэд хамрагдах боломжтой. Бичил, өрхийн бизнес эрхэлдэг иргэдээ хамруулна. Судалгаагаар иргэдийн зээлийн 80-90 хувь нь    50 сая төгрөгийн зээл авдаг нь харагдсан. Тиймээс иргэддээ 50 сая хүртлэх төгрөгийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээлийг олгоно. Зөрүү долоон хувийг нь төрөөс зээлдэгч иргэддээ олгох замаар санхүүжүүлнэ.  Өнөөдрийн байдлаар 500-600 тэрбум төгрөгийг 25.000 орчим авах  эрэлт байна. Энэ дагуу хэрэгжүүлнэ. Аж ахуйн нэгжүүдийн тухайд 500 сая төгрөг хүртэлх зээлийн 60 хүртлэх хувийн батлан даалтыг төр гаргаад олгохоор зохицуулсан.

-Төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд санхүүжилтийн асуудлаа яаж шийдсэн юм бэ. Мөнгө хэвлэж, өнөөх нь инфляци өсөж, Төв банкны валютын нөөцөд сөрөг дарамт ирэх юм биш биз?

-Өнгөрсөн жил дотоод нийт бүтээгдэхүүн зургаан хувь буурсан. Өмнө жил нь таван хувийн өсөлттэй гарч байсан. Өөрөөр хэлбэл, зөрүү 11 хувийн агшилттай гэсэн үг. Мөнгөний нийлүүлэлт хамгийн өндөр өсөлттэй буюу 2010-2011 онд ДНБ 75 хувийн нийлүүлэлтэй байсан бол хэвийн үед мөнгөний нийлүүлэлт 35-36 хувь байсан бол өнгөрсөн оны сүүлд энэ үзүүлэлт 15 хувьд хүрсэн. Харин төлбөрийн тэнцэлийн үзүүлэлт  730 ам.долларын сая нэмэх гарсан. Сүүлийн 15 жилд гараагүй үзүүлэлт. Гэхдээ энэ тайвшрах тоо биш. 2020 онд цар тахлын улмаас манай улсын  гадаад эдийн засаг маань үндсэндээ зогссон. Нөгөөтэйгүүр экспортын үнэ харьцангуй тогтвортой байсан нь төлбөрийн тэнцэл эерэг гарахад нөлөөлсөн хэрэг. 

-Зээлийг арилжааны банкаар дамжуулахаар байгаа. Барьцаа хөрөнгөгүй ААН-үүдэд зээлийг яаж хүртээх вэ?

-Зээл өнгөрсөн онд багадсан. 2020 онд нийт банкны системээр дамжиж гардаг зээл 15 хувиар буюу гурван их наяд төгрөгөөр багассан. Тэр хэмжээгээр зах зээлд хүлээлт үүссэн. Орон зай нь дутагдаж байна гэсэн үг. Энэ удаа зээл олгохдоо хүртээмжтэй байх, зөв хүндээ очих боломжтой болгох үүднээс мэргэжлийн газраар дамжуулж олгох бодлогын шийдвэр гарсан. Зээлээ зориулалтын бусаар ашиглахыг банкууд маш амархан илрүүлнэ. Банк мөнгөний урсгалыг хянах дэд бүтэц нэг үеэ бодвол маш сайжирсан. Мөн Төв банк болон Засгийн газраас давхар хяналт тавиад явна. Зориулалтын бусаар ашигласан байвал Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээ нь зогсох, хөнгөлөлт авсан хүүг нь эргүүлж төлүүлэх зэрэг банкан дээр ч мөн эрсдэл давхар учрах гэрээний зохицуулалт хийгдсэн. 

үүнээс гадна 2021 төсөвт тодотгол хийх үү. 42 сая тонн нүүрс экспортлоно гэсэн хэт өөдрөг төсөөллөлтэй баталсан шүү дээ?

-Тодотгол хийх эсэхийг хэлэхэд эрт байна. Энэ нь өөрөө Төсвийн тухай хуулиараа нөхцөл нь тодорхой болсон байх шаардлагатай бөгөөд одоо төсвийн тодотголыг ярих эрт байна. Төсвийн орлого хоёрдугаар сард 100 хувиас бага зэрэг давсан үзүүлэлттэй гарлаа. Эдийн засгийн хөдөлгөөн идэвхжихийн хэрээр орлого хэвийн байдалдаа ирж байна. Төсвийн зардал тасалдаагүй, хөрөнгө оруулалт дээр одоогоор эрсдэл үүсээгүй. 

-НОСК-аас төрийн албан хаагчдад олгосон орон сууцны санхүүжилтийг Сангийн яамнаас олгох уу? 

-НОСК-аас өнгөрсөн жил КОВИД-ын эсрэг эрсдэлтэй нөхцөлд нүүр тулж ажилласан төрийн албан хаагчдад орон сууцыг нь биет байдлаар олгочихоод санхүүжилтийг нь хүлээж байгаа юм билээ. Уг нь өнгөрсөн жил бүх бондоо гаргаж, арилжаалаад тухайн ондоо буюу 2020 ондоо багтаад мөнгөө өгөлцсөн байх ёстой. 

Сангийн яам, Засгийн газар хүүгийн хөнгөлөлтийн зөрүүг нь төсөвлөчихсөн байсан. Гэтэл одоо болохоор үүнийг зориуд улс төржүүлээд Сангийн яамны гадна хүмүүс жагсаагаад байна. Сангийн яам мөнгө өгөхгүй, төсөвлөөгүй.

2020 онд НОСК, Монголбанк хоёрын хооронд арилжаа нь явагдаад, санхүүжилт нь гараад, төсөвт сууснаар хүүгийн хөнгөлөлтийг нь өгөх ёстой байсан. НОСК өөрөө гаргаж чадахгүй хариуцлага бас хугацаа алдсан. Төсвөөс 100 гаруй тэрбум төгрөгийн мөнгө өгөх ямар ч боломжгүй. НОСК өөрөө хариуцах хэрэгтэй.

-Өнгөрсөн хугацаанд олгосон зээлүүд багадаагүй, эзэндээ хүрдэггүй байсан. Одоо арилжааны банкуудаар дамжуулахаар өөрсдөө эрсдэлээ дааж байгаа учраас барьцаа хөрөнгө өндөр, томоохон аж ахуй нэгжүүд авдаг гэсэн шүүмжлэл их байна?

-2020 онд нийт банкуудын системээр дамжуулдаг зээл 15 хувиар буурсан учраас дутагдаж байна гэсэн үг. Цар тахалд хамгийн их нэрвэгдсэн, эзэндээ хүрэх чиглэлээр бодлогын шийдвэр гаргаж явна гэдэгт эргэлзэхгүй байна.

-ААН-д олгох зээл намын хамаатан, ах дүү нараараа дамжаад хүрдэг?

-Энэ алдааг давтахгүйн тулд арилжааны банкуудаар дамжуулж байгаа юм. Арилжааны банкуудын үйл ажиллагаа нь тогтвортой, зээл авагчдаа мэддэг. Зориулалтын бусаар ашигласан тохиолдолд банк олоод мэдчих боломжтой.

-Энэ зээлийг бүх банкаар дамжуулах уу?

-Бүх банкаар дамжуулах боломжтой.

-Яг ямар иргэдэд зээл өгөх вэ. Иргэд зээлээ авахдаа тавигдах шаардлага нь хэт өндөр байх уу. Давхар зээлтэй байж болох уу?

-Иргэдийн зээлийг хэрэглээний зээлийн зориулалтаар л хязгаарлагдана. Ажил олгодог, хоёр хүн цалинжуулдаг, бизнес эрхэлдэг иргэд хамрагдана. НӨАТ төлөгч байх шаардлагагүй.

-Төсвийн хөрөнгө оруулалт нэлээн тасарсан. Яаж зохицуулахаар төлөвлөж байна вэ?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтууд 2020 оны гүйцэтгэлээр тасарсан нь үнэн. 170-180 тэрбум төгрөгийн гүйцэтгэл тасарсан. Энийг зохицуулалт хийж 2021-2022 оны хөрөнгө оруулалтад нэмж шингээнэ хэмээн 2021 оны хөрөнгө оруулалтын  тухай хуульд тусгаад баталчихсан. Хуулийнхаа дагуу шийдэгдэнэ.

 

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-13 04:50

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?