"АСТРАЗЕНЕКА" КОМПАНИЙН ВАКЦИНТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ СУДАЛЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-13 04:34

Сэтгүүлчийн үг

ДЭМБ "Ковид-19" халдварыг цар тахлын хэмжээнд хүрснийг албан ёсоор зарласнаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөөд байна. Сүүлийн мэдээгээр халдвар авсан хүний тоо дэлхийн хэмжээнд 118 саяыг даваад байна. Харин дэлхийн хэмжээнд вакцинжуулалтын явц нэлээд хурсдаж байна. Дэлхийн 121 орны хүн амд нийт 334 сая тун вакцин хийгээд байна. Мөн өдөрт  8.41 сая тун вакциныг хийж байна гэсэн тооцоолол байна. Гэтэл "Астразенека"-гийн вакциныг дархлаажуулалтад ашиглахаа түр зогсоохоор шийдвэрлэсэнтэй холбоотойгоор юун түрүүнд энэ вакцины үр дүн, аюулгүй байдалд эргэлзэх нь их байна. 

Гэхдээ хамгийн түрүүнд эрдэмтэн, мэргэжилтнүүд эргэлзэж болгоомжлохоос илүүтэйгээр шинжлэх ухааны бодит үнэлэлт дүгнэлтийг хүлээхийг олон нийтэд зөвлөж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд вакцины аюулгүй байдлын асуудал эрхэлсэн олон улсын зөвлөлдөх зөвлөл "Астразенека"-гийн вакцинтай холбоотой мэдээллүүдийг нарийн судалж байгаагаа хамгийн түрүүнд мэдэгдэж байна.

Тодруулбал, шинжээч мэргэжилтнүүд нь энэ талын бүрэн ойлголтыг авсны дараа ямар дүгнэлт гаргаснаа, эсвэл тус вакцинтай холбоотой одоо байгаа зөвлөмжөө өөрчлөх үгүйгээ аль болох шуурхай танилцуулна гэдгээ мэдэгдэж байна. 

"Астразенека" компанийн вакциныг хүн амаа дархлаажуулахад ашиглахаа зогсоох шийдвэрийг Европын есөн орон гаргасан. Тиймээс Европын холбооны хэмжээнд тус компанийн вакциныг шуурхай горимоор ашиглах зөвшөөрөл олгосон   Европын эмийн хяналтын агентлаг хамгийн түрүүнд байр сууриа илэрхийлсэн.

Европын эмийн хяналтын агентлаг үүссэн нөхцөл байдлыг судалж нягталж байгаагаа Австри, Данийн эрх баригчдын шийдвэрийн дараахан мэдэгдсэн. Гэхдээ тус агентлагаас "Астразенека"-гийн вакцины тусламжтайгаар хүн амаа  үргэлжлүүлэн дархлаажуулахыг зөвлөмж болгосон. Гол нь "Астразенека"-гийн вакциныг ашиглахаа түр зогсоохоор шийдвэрлэсэн Данийн эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд вакцинаас болоод цусны бүлэгнэл үүсч, хүндрэл  гарсан нь нас баралтын шалтгаан болсон гэж шууд дүгнэх нотолгоо алга байгааг онцолсон нь чухал гэдгийг сануулах нь зүйтэй.  

Мэдээж эрсдэлүүдийг сайтар тооцоолж цусны бүлэн үүсгэсэн гэх тохиолдлуудыг нягтлан шалгаж байж эцсийн дүгнэлт, зөвлөмжөө гаргахаа илэрхийлж байгаа. Европын холбооны удирдлагууд ч мөн тус агентлагийн дүгнэлт шийдвэрийг хүлээх хэрэгтэйг зөвлөж байна. 

Еврокомиссын албан ёсны төлөөлөгч Стефан де Кеерсмакер "Бид Европын холбооны гишүүн орнууд дахь энэ вакциныг ашигласан дархлаажуулалтын явцад хяналт тавьж байгаа Европын эмийн хяналтын агентлагийн дүгнэлт, зөвлөмжийг  хүлээж байна. Гэхдээ Европын эмийн хяналтын агентлаг Австрид цусны бүлэгнэл үүсч нас барсан тохиолдол "Астразенека"-гийн вакцин хийлгэснээс үүдэлтэй гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталж чадаагүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасныг сануулах байна. Тиймээс яаран дүгнэлт хийлгүй, үүсээд байгаа нөхцөл байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгөх шинжлэх ухааны байгууллагууд, хяналтын агентлагуудын эцсийн дүгнэлтийг хүлээх хэрэгтэй байна" гэж ярьжээ. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-13 04:34

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?