Х.ГАНХУЯГ:ХОЁР САЯ ГАРУЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ХОЁР ДАХЬ ЗАХ ЗЭЭЛИЙН БОНД ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ БОЛЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-10 03:57

Сэтгүүлчийн үг

“Эрдэнэс Тавантолгой ХК” 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 бизнес төлөвлөгөөгөө өнөөдөр танилцууллаа. Тэрбээр "Түүхэн өдөр хэвлэлийн бага хурлаа хийж байна. 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 бизнес төлөвлөгөөгөө холбогдох яамдуудаар нягталсны эцэст батлуулсан. Өнөөдрөөс хэрэгжинэ. 

"Бизнес төлөвлөгөөний дагуу 2025 он гэхэд хүрэх зорилт 

  • Хөрөнгө оруулалт 10.1 их наяд байна  
  • Үндэсний их бүтээн байгуулалт хийнэ
  • Орлого ₮32 их наяд, үнэлгээ ₮50 их наяд төгрөг байна
  • Монгол Улсын санхүүгийн үндэс ЭТТ байна
  • 20 төсөл 5,500 ажлын байр бий болгоно” гэв.

Тус хугацаанд Эрдэнэс Тавантолгой ХК нийт найман төслийг хэрэгжүүлэх аж.

Мөн тэрбээр "1072 хувьцаатай иргэн 2025 он хүртэл жилд 669.7 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэнэ. 2021 онд бид 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ёстой. Үүний 1.5 их наяд төгрөгийг ETT бонд гаргаж босгохоор СЗХ, болон Хөрөнгийн биржид өнгөрсөн долоо хоногт материалаа өгсөн. Монгол Улсын иргэн энэ бондыг худалдаж аваад бондын хүүгээр өөрийнхөө хөрөнгийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байхаар зарлана. Тодруулбал гуравдугаар сарын 25-нд зарлах төлөвлөгөөтэй байна" гэлээ. 

Хурлын дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Ногдол ашиг тараах тухай? 

-Компанийн үнэ цэнийг тогтоож, 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг хүртээсэн. Ажиллах орчныг сайжруулж, ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлсэн. 
Цаашид найман төрлийн төсөл хэрэгжүүлнэ. Төмөр зам, дулааны станц барина. Говийн бүсийг усан хангамжтай болгох маш том зорилт тавин ажиллаж байна.

2023 оноос 7 их наядын борлуулалтын орлоготой ажиллана гэж төлөвлөж байна. Ингэснээр цэвэр ашгийн хувьд 2023-2025 онд 1072 хувьцаатай иргэн 669.781 төгрөгийн ногдол ашиг хүртэх тооцоо гараад байна. 

3 сарын 30 гэхэд бонд гаргана. Хоёр сая гаруй хувьцаа эзэмшигч маань хоёр дахь зах зээлийн бонд эзэмших эрхтэй болж байгаа юм. Дотооддоо байгаа мөнгөн хөрөнгийн зах зээлийг сайжруулна.

-TTJVCO ХХК-тай холбоотой асуудлаар? 

-Цанхийн зүүн уурхайд хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгүүлэхээр "Мазмахон" гэх БНХАУ-ын компанитай гэрээ байгуулсан. Тус байгууллага 2012 оноос нэрээ "ТиТиЖиВиСиӨү" болгож өөрчлөн, гэрээ шинэчлэлт хийгдсэн. Тэр гэрээнд гэрээ цуцлах бүх нөхцөл заагдсан байсан. Тус байгууллагатай хийгдсэн гэрээ 2021 оны 02 сарын 28 өдрөөр дууссан.

Гэрээний заалтын дагуу албан тоотоор "гэрээ сунгахгүй" гэж гурван удаа мэдээлсэн. Яагаад гэвэл үнэ хэт өндөр байсан. Баруун дээр ажиллаж байгаа компаниуд 11000 орчмоор ажил гүйцэтгэж байгаа бол тус газрын үнэ 12000 гаруй төгрөг байгаа гэх мэт асуудлаар ТУЗ гэрээг сунгахгүй гэж шийдвэрлэсэн.

Өнөөдөр энэ компанийн ажилчид буруу мэдээлэл өгч байна. Энэ байгууллага нь манайтай хммааралтай биш,  тусдаа бие даасан байгууллага. Манай дээр ажил гүйцэтгэж байгаа 885 хүн бий. Эдгээр хэвлэлийн хурал хийж байгаа залуус удирдлагынхаа өмнөөс яриад байна. Бид үнэ цэнэтэй мэргэшсэн уурхайчдыг алдахгүй. Манай дээр хүн хүч дутуу байгаа. Өөр ажил гүйцэтгэж байгаа компаниуд ч эдгээр залуусыг ажилд авъя гэдгээ илэрхийлсэн.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-10 03:57

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?