ЭРХЭЭ ЭДЛЭХ "ЭРХГҮЙ" Т.ЧИМГЭЭГИЙН ЭРХИЙГ ХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-08 04:21

Сэтгүүлчийн үг

“Захиалгат аллага” гэх тодотголтой хэрнээ захиалагч нь байхгүй, нэр нь ч ил гардаггүй, ганц амьд гэрч нь шүүх хуралд оролцдоггүй, хүнийг мөчилж алаад шоронд сууж байгаа рецедив гэмт хэрэгтний амаар босгож ирсэн, хохирогчдын төлөөлөл шүүгдэгчдийн ар гэрийнхнийг оролцуулаагүй шүүх хурал болов. 1998 онд нийгмийг цочроож, түүнээс хойш энэ сэдэв 18 жилийн турш огт мартагдаж бүдгэрэлгүй, ард түмэн алуурчдыг “нэхсэн” хэвээр байв. Гэтэл 2015 онд гэнэтхэн эл хэргийг үйлдсэн хэмээн гурван хүнийг баривчлан хорьж, 2016 онд шүүхээр таслан ял оноов. С.Зориг агсны амийг хөнөөсөн гэж үзэн Орхон аймгийн харьяат Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оногдууллаа. Б.Содномдаржаа нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Их залуу” багийн харьяат. С.Зоригийг алагдах үед аавтайгаа хөдөө хадлан тэжээл бэлтгээд ажил ихтэй байсан гэдэг. Ц.Амгаланбаатартай хүүхэд ахуйн танил, нэг довон дээр өсч өндийсөн.  Ц.Амгаланбаатар хүн амины хэргээр шоронд орсны дараа “Эргэж ир. Мөнгө төгрөг өг” гэж хэд хэдэн удаа хэлүүлэхээр нь нэг удаа эргэж очсон, хөдөөний ажил их учир тэр бүр эргэж очоод байж чадаагүй. Тэгсэн чинь сүүлдээ “Чи С.Зоригийг алаа биз дээ. Бид очиж алсан шүү дээ. Хэргээ хүлээхгүй бол чамайг ална. Танайхныг хүйс тэмтэрнэ гэж байнга дарамтлах болсон гэж мэдүүлсэн байдаг.  Харин С.Зоригийг хөнөөсөн хэмээн 20 жилийн ял авсан хоёр дахь хүн бол Орхон аймгийн харьяат, Эрдэнэтийн ГОК-д тогооч байсан Т.Чимгээ. Тухайн үед нялх биетэй, хөхүүл хүүхэдтэй байсан эл бүсгүй рүү ч мөн эргэж ир, мөнгө шилжүүл гэдэг байсан гэх. Басхүү аллагын цорын ганц гэрч Б.Булган дээрх хоёр хүнийг яллах шүүх хуралд оролцоогүй. Оролцоогүй ч юу байхав. Оролцуулаагүй. Б.Булганы ам зургаар бол өндөр хүүхэн, намхан эрэгтэй хоёр байдаг. Тэгвэл алуурчид гээд яллагдагчийн ширээнд суусан хүмүүс нь өндөр эрэгтэй, намхан хүүхэн байсан. Түүнчлэн  Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Б.Булгантай нүүрэлдүүлэхэд алуурчид эд биш гэж хэлсээр байтал тэр гурвыг ялласан тухай Б.Булган хожим бичсэн захиандаа маш тодорхой бичсэн. Гэвч С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээг оноолоо.

Гэвч Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, ял тулгасан болох нь ил боллоо. Өөрөөр хэлбэл, тэднийг Төв аймаг дахь хорих ангийн хонгилд тусгайлан бэлдсэн өрөөнд бүтэн 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан үйл явц бичлэгт үлджээ. Засгийн газрын шийдвэрээр ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийн тодорхой хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж, зөвхөн зургаахан өдрийн бичлэгийн нэгээхэн хэсгийг 2019 оны гуравдугаар сарын 29-нд хэвлэл мэдээллийнхэнд үзүүлэв. Хэвлэлийнхэнд үзүүлсэн ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэг 27 минут найман секунд үргэлжилдэг. Бусад бичлэгийг прокурорын байгууллагаас олон нийтэд үзүүлэхийг хориглосон учраас тэр. Өөрөөр хэлбэл, зөвхөн хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн бичлэгийн хэсгийг л хэвлэл мэдээллийнхэнд үзүүлсэн хэрэг.

Бичлэгийн 25 минут орчим нь Б.Содномдаржааг эрүүдэн шүүж, тамлан зовоож байгаа нь гарах бол үлдсэн минутад нь Т.Чимгээг айлган сүрдүүлж, хэргээ хүлээхийг шаардаж байгаа нь гардаг.

 Бичлэгийг Төв аймаг дахь хорих ангийн ашиглалтаас гарсан доод давхрын хонгилд 2015 оны есдүгээр сард хийсэн гэдэг нь тодорхой харагдаж байлаа. Өөрөөр хэлбэл, дүрс бичлэгт гарч байгаагаар бол Б.Содномдаржааг 2015 оны есдүгээр сарын 1-6-ны хооронд буюу бүтэн зургаан өдөр тамлан зовоож, эрүүдэн шүүж байгаа дүр зураг гардаг бол Т.Чимгээг тухайн оны есдүгээр сарын 08-09-нд шилжих шөнө ойролцоогоор 40 орчим минут дарамталж, хэргээ хүлээхийг тулгаж байгаа нь дүрс бичлэгт үлджээ. Т.Чимгээгийн хоригдож байсан өрөө Б.Содномдаржаагийн эрүүдэн шүүлгэж байсан өрөөтэй ижилхэн ч өрөөний голд ганц ортой. Гэсэн ч ямар ч стандартын шаардлага хангахгүй, цонх болон агааржуулалт, бие засах газар байхгүй нь харагдана.Т.Чимгээгийн хоригдож байгаа өрөөнд 2015 оны есдүгээр сарын 8-ны 23.00 цагийн үед дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа биеийн тамирын хөх өмд өмссөн Ц.Амгаланбаатар орж ирж байгаагаар бичлэг эхэлдэг.  00.30 цаг хүртэл Т.Чимгээг хэргээ хүлээхийг шаардаж, хэл амаар доромжилж байгаа хэсэг багтжээ. Өөрөөр хэлбэл, Ц.Амгаланбаатар "Чи хэргээ хүлээ. Хэргээ хүлээчихвэл ял чинь хөнгөрнө. Б.Содномдаржаа та хоёр С.Зоригийг алсан чинь үнэн биз дээ" гэх зэргээр дарамталж, доромжилдог. Харин Т.Чимгээ "Би ямар ч хэрэг хийгээгүй. Би хүн алаагүй" гэхээс өөр үг хэлдэггүй. Бичлэгээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хүч хэрэглэж, ял тулгасан гэх ганцхан зүйл л уншигдана.

Т.Чимгээ, Ц.Амгаланбаяр хоёрыг эрүүдэн шүүж, тарчлаан зовоосон нь нийтэд нэгэнт ил болчихсон асуудал. Бичлэг ил болсноор төрийн хамгаалалтад байгаа ялтан эрүүдэн шүүлгэдэг болохыг харсан. Өөрөөр хэлбэл шууд нөлөөлөн хэрэг хүлээлгэсэн байх магадлал маш өндөр.  Шинээр үүссэн нөхцөл байдал ил тод болчихоод байхад прокурор санаачлаад дахиад шүүх хуралд оролцтол нь чөлөөлөх ёстой. Хэн ч бай гэмт хэрэг хийгээгүй байх магадлалтай болчихоод байхад хүнийг шууд чөлөөлөх ёстой. Атал гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй бүхий нотолгоо, нотлох баримт гараад ирчихсэн байхад өдийг хүртэл хориод байгааг яг яаж ойлгох ёстой вэ. Өчүүхэн төдий л эргэлзээ байвал, шинээр үүссэн нөхцөл үүсвэл шүүхийн гэж шийдвэрийг  хүчингүй болгож  нэр тухайн хүнийг чөлөөлж, мөрдөн байцаалт ахиад явуулах ёстой. Энгийнчилбэл, Дээд шүүх хуралдаж, яллах тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалт явуулах ёстой. Эргэлзэх, маргах шалтгаан даанч байхгүй. Гэвч өнөөдрийг хүртэл Дээд шүүхэд хэн ч хүсэлт гаргасангүй. Дээд шүүх хуралдсангүй. Эрхэм хуульчид ч энэ талаар ам ангайсангүй. Өнөөх Хүний эрхийн комисс ч таг чиг суусаар.. Он цаг урссаар...Ардчилсан улсад байж боломгүй хүний эрхийн зөрчлийг хараагүй мэт таг чиг...

Гэтэл хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхйи сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд ил болсон эрүүдэн шүүлт бол хамгиЙн “энэрэнгүй” шүүлт болохыг, эрхэм гишүүд болон холбогдох албаныхан хүний ой тоонд багтамгүй эрүүдэн шүүлтийг Т.Чимгээд тулгаж буйг харуулсан бичлэгийг ЯГ ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ  үзснээ ил тод зарлав. Өчигдөр үзсэн юм биш. Өмнө нь үзсэн. Өчнөөн жил таг чимээгүй суусан гэсэн үг. Ингэхэд эрхээ эдлэх эрхгүй эмэгтэйн эрхийг эдлүүлэх “энэрэнгүй” эрхтэн дархтан энэ улсад алга уу... 

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-08 04:21

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Иргэн. [64.119.22.xxx]

    Монголчууд аа, зөвхөн шашлык буюу шорлог идэцгээгээрэй!

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?