ТАВДУГААР САРЫН 1-НД ШУУД ХИЛЭЭ НЭЭНЭ ГЭЖ ХЭЛЭХ БОЛОМЖГҮЙ Ч БОЛОХ ТАЛААС НЬ БҮХ БЭЛТГЭЛЭЭ ХИЙНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-07 07:50

Сэтгүүлчийн үг

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаас цөөн зүйлийг тодрууллаа.

-Засгийн газар ирэх тавдугаар сард хилээ нээх шийдвэрийг гаргасан. Гэхдээ халдварын тархалт буурахгүй байна. Өдөрт илэрч буй тохиолдол 30-аас буурахгүй хэвээрээ байвал яах юм бэ. Энэ бүхнийг тооцоолж байж шийдвэр гаргасан уу?

-Халдвар буураагүй, эрсдэл өндөр байгаа нь үнэн. Гэхдээ Засгийн газар, УОК-ын хүрээнд гаргасан шийдвэрийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн ажил, амьдралыг хэвийн үргэлжлүүлэх, зохих дэглэм, журам, халдваргүйжүүлэлт, ариутгалын асуудалд хүн бүр анхаарч ажиллах зайлшгүй шаардлага байгаа. Хэдийгээр бүх үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ч бүх зүйл сайн, сайхан, эрсдэлгүй болчихлоо гэсэн үг биш. Гэхдээ хаа хаанаа анхаарч ажиллаж чадах юм бол тавдугаар сарын 1-н гэхэд хил орчмын үйл ажиллагаа болон хилээ нээх ажил амжилттай хэрэгжинэ. Мэдээж тавдугаар сарын 1-нд шууд хилээ нээнэ гэж хэлэх боломжгүй ч болох талаас нь бүх бэлтгэлээ хийнэ. Боломжийг  бүрэлдүүлэх нь  бүх талын оролцооноос шалтгаална.

-Өмнө нь тусгаарлах байрны дэглэм алдагдсанаас дотоодод халдвар тархсан. Одоо алдвал бүр л хэцүү. Вирус мутцаид орчихсон. Гэтэл тусгаарлах байраар ашиглаж буй Амар зочид буудлын байдал тааруу гэх мэдээлэл түгээд буй нь нийгмийг айдаст автуулж байна. Тусгаарлах байрны нөхцөл байдал ямархуу байгаа вэ?

-Тусгаарлах байруудад хяналт шалгалт хийгдэж байгаа. Тусгаарлалтын байрнаас халдвар алдагдах эрсдэл байж болохгүй. Өмнө нь “Энх саран”-гаас халдвар алдагдсан гол шалтгаан нь нэгдүгээрт, тухайн байранд дэглэм сахигдаагүй, хоёрдугаарт, зарим мэргэжлийн хяналтын байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын өөрсдийнх нь харьяа газрын байсан учраас хариуцлага алдагдсан. Өөрөөр хэлбэл, албан тушаалтны нөлөө орсон. Одоо ч гэсэн тусгаарлах байранд шаардлага хангахгүй зүйл их бий.

-Тухайлбал?

-Халдваргүйжүүлэлт дутуу хийгдэж байна. Цэвэрлэгээ, ариутгал хангалтгүй хийгдэж байгаатай холбоотой зохицуулалт хийх чиглэл, үүрэг өгч байгаа. Өчигдөр гэхэд л ЭМЯ, УОК-ын холбогдох албан тушаалтан, гишүүд, ОБЕГ-ын удирдлагуудтай шуурхай хуралдаж, яаралтай арга хэмжээ авах талаар ярилцлаа. Ний нуугүй хэлэхэд шийдвэр гаргадаг ч дунд, доод шатандаа хийддэг, алгуурладаг байдал төрийн албанд байна гэдгийг Засгийн газрын хуралдаан дээр ч хөндсөн. Бидэнд хийж буй ажил ч байна, алдаа ч бас байна. Алдааг засах боломж бий. Засах талаас нь ажиллаж байна.

-Долоо хоногт 9751 хүнийг вакцинд хамруулсан гэлээ. Энэ маягаар бол 1.9 сая хүнийг вакцинжуулахад дөрвөн жил шаардагдах нь. Вакцинжуулалтыг хурдавчлах арга байна уу. Мөн тусламжийн вакцин дуусахаар хаанаас ямар вакциныг ямар хөрөнгийн эх үүсвэрээр авах юм бэ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Цаашид вакцины татан авалтыг эрчимжүүлнэ. Цаашдаа дархлаажуулалтыг түргэвчлүүлэх тал дээр анхаарч байгаа ч ханган нийлүүлэлт үйлдвэрлэлтийн асуудлаас шалтгаалж хугацаа орох байх. Ямартай ч эрчимтэй арга хэмжээ авч хурдлуулахаар ажиллаж байна. Товчхондоо, вакцинжуулалт энэ сарын 15-наас эрчимжинэ гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр хоёрдугаар улиралд багтаж дархлаажуулалтын ажиллагааг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна. Дэлхийн 100 гаруй оронд тархсан мутацлагдсан вирусийн халдвар Монгол Улсад орж ирэх магадлал өндөр байгаа учраас нийслэлд хэсэгчилсэн хязгаарлалт хийж, халдварын голомтыг хумих ажил хийгдэж байгаа. Засгийн газар аль болох бүх нийтийн хөл хорио тогтоолгүй тухайн орчинд  нь хязгаарлалт хийх бодлогыг барьж байгаа. Хөл хорио тогтоох хэмжээнд хүрэх эсэх нь иргэд, аж ахуйн нэгжүүдээс шууд шалтгаална. Бид дээр дооргүй дэглэмээ барьж, журмаа мөрдвөл болох л асуудал.

-PCR шинжилгээний үнэ ханш 98-150 мянган төгрөг байна. Бизнес боллоо гэх шүүмжлэл гарч эхэллээ. Бодлогын хувьд анхаарч, вакцины үнэ ханшийг тогтмолжуулах арга байна уу?

-Энэ асуудлаар иргэдээс санал гомдол их ирж байгаа. Одоогоор шинжилгээний хариу 24 цагийн дотор гарч буй. Ирэх долоо хоногоос шинэ арга барил, шинэ тестээр шинжилгээг авна. Тухайлбал, шүлснээс авах гэхчлэн бусад түргэвчилсэн аргыг нэвтрүүлэхээр холбогдох байгууллага, ЭМЯ ажиллаж байгаа. Хэвшүүлж нэвтрүүлж чадвал цаг хугацаа, зардал хэмнэнэ. Яалт ч үгүй зардал гарч байгаа ч иргэдэд аль болох ачаалалгүй байх тал дээр зохицуулах үүрэг, чиглэлийг барьж байна.  

-Түүнээс гадна нийслэлд дөрөвдүгээр сарын нэгнээс хичээл эхлэх үү гэх хүлээлт их байна?

-Засгийн газрын шийдвэрээр ногоон бүсэд хичээл, сургуулийн үйл аижллагааг хэсэгчлэн, эрсдэл багатайгаар зхлүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн. Байнгын зохицуулалт, хяналт тавьж байгаа. Нийслэлийн тухайд яг хэдийд эхэлнэ гэж тодорхойлогдсон зүйл байхгүй.  УОК, Засгийн газрын хуралдаанаар салбарын яам, сайдын санал дүгнэлтийг сонсож байж эцсийн шийдвэрийг гаргана.

-Нийслэлээс гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээсэн ч  аймаг, сум бүр нийслэлээс очиж буй иргэдэд харилцан адилгүй шаардлага тавьж байгаа нь чирэгдэл үүсгээд байна?

-Орон нутагт зорчиж байгаа иргэдээс санал, гомдол ирж байгаа. Аймаг, орон нутгийн онцгой комиссууд УОК-ийн шийдвэрийг өөр өөрөөр хэрэгжүүлж байгаа тохиолдол бий. Энэ талаар аймгийн удирдлагуудтай цахим хурал хийж, УОК-ын шийдвэрийг нэг мөр хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Хяналт тавьж ажиллаж байна. Хэдий тийм боловч зарим газар ийм тохиолдлууд гарсаар байна. Зүй нь 72 цагийн хугацаанд хүчинтэй шинжилгээ өгсөн бол орон нутагт очоод заавал тусгаарлагдах шаардлагагүй. Харин тухайн орон нутагт байнга оршин суудаг иргэн Улаанбаатар хотоос очиж байгаа бол долоо хоног ажиглалтад байна. Гэхдээ буцаж гарах бол шинжилгээний хүчинтэй хугацаандаа багтаж орж, гарах нь чөлөөтэй. Ямар нэгэн байдлаар олон хоног тусгаарлагдах шаардлага байхгүй. Зарим аймагт 14 хүртэл хоног тусгаарлаж байна гэдэг асуудал ч гарсан. Тийм асуудал огт байхгүй



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-07 07:50

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?