ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙГ УЛС ТӨРИЙН САЛБАРТ ХЭВШҮҮЛЖ, НУТАГШУУЛАХЫН ТУЛД ГИШҮҮНЧЛЭЛГҮЙ БОЛЦГООЁ. ТЭГЭХ ҮҮ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-07 07:47

Сэтгүүлчийн үг

үзүүлэлтийн нэг. Харамсалтай бид шударга өрсөлдөж чаддаггүй. Учир нь хүсдэггүй учраас тэр л дээ. Зүй нь шударга өрсөлдөөн хүн бөөгнөрөлдөн аж төрж буй тэр хэсэгт байх ёстой. Ялангуяа зэрлэг гэж гоочлогддог капиталист нийгэмд бүр ч хэрэгтэй зүйл. Гэтэл бид зөвхөн эдийн засгийн салбарт л шударга бус өрсөлдөөний талаар маш чухалчилж авч үздэг. Хэн нэгэн давуу байдал олж аваад түүнийгээ хамгаалах гэж оролдсоор бүх эдийн засгийг ч нурааж болдог учраас тэр. Гэхдээ шударга өрсөлдөж чаддаггүй гэж дээр хэлсэн. За тэгээд яг хаана ямар шударга бус өрсөлдөөн өрнөөд буй талаар ярья гэвэл цаг зав, цаас бэхний асар их нөөц шаардагдах тул зарим нэгийг нь онцолъё, энэ удаадаа...

Дээр хэлсэн дээ, хэн нэгэн давуу байдал олж аваад түүнийгээ хамгаалах гэж оролдсоор бүх эдийн засгийг ч нурааж болдог оо гэж... Түүнтэй яг адилхан нэг үзэгдэл Монголд явж байгааг бид одоо л хүлээн зөвшөөрч, даруй засах хэрэгтэй байгаа юм. Уг нь бол бүгд л харж, мэдэрдэг, зарим нь тэр өрсөлдөөн дундаас олз ашиг олчих санаатай улангасаад ухаанаа гээчихсэн л гүйж явна. Зүй нь олж харах төдийгүй даруй засах хэрэгтэй байгаа юм. О Ойлгомжтой байгаа биз дээ, улс төр дэх шударга бус өрсөлдөөний талаар ярьж буй минь. Олоон жил... төрийн эрхийг барьсан басхүү хууль бусаар олж авсан улс төрийн хүчин давуу байдлаа хамгаалахаас өөр ашиг сонирхолгүй байгаа байдал нь эргээд Монголын хөгжилд хэрхэн чөдөр тушаа болж байгаа болон даамжирвал сүйрэлд хүргэх аюул дагуулсаар байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр зам бидэнд алга.

Тэр чигтээ дампуурч ангалын ирмэгээс нисэхийг хүсээгүй л бол тэр шүү дээ. 1921-1989 оны хооронд Монгол Улсад нэг л нам байсан. МАХН-аас өөр нам байх хориотой байсан. Тиймээс одоогийн нөхцөлд 100 жилийн түүхтэй өөр ямар ч нам байх боломжгүй. Нөгөө талаас одоогийн МАН-ын оршин тогтнох үндэс нь 100 жилийн түүх гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ энэхүү түүхийн бүхэл бүтэн үеийг өөрийн намын түүх болгон сурталдах нь шударга ёсыг гажуудуулж байгаа хамгийн том жишээ биш гэж үү. Уучлаарай найзуудаа, 70 жилийн түүхэнд ямар ч өрсөлдөөн байгаагүй л биз дээ. Тэгэхээр одоогийнхоор тайлбарлавал үндсэндээ шударга бусаар олж авсан түүхэн байр сууриа хамгаалахаас өөр улс орны хөгжлийн төлөө бодлого, Монгол хүний төлөө үзэл санаа гэж байхгүй болчихсон юм шиг санагдаад байгаа юм.

Мэдээж шинэчлэгдэж, өөрчлөгдөж, цоо шинэ түүхийн хуудсаа нээх гэж хичээн зүтгэж буй эгэл гишүүд бас лидерүүд бий. Гэхдээ олонх нь огт өөр бодолтой юм шиг харагдаад байна.
Хувьчлал, гадаадад зорчих эрх, сонгуулийн шинэчлэл гээд ардчилсан болоод зах зээл, эдийн засгийн шинэчлэл бүрийг эсэргүүцэж хөгжлийг хойш татаж байгаагийн гол шалтгаан нь зүгээр л олж авсан давуу байр сууриа алдахгүй байхын төлөөх тэмцэл болж хувирчихлаа. Хэн нэгэн шинэ юм сэтгэхийг харж байгаад дэгээдэж унагаад булааж авах гэсэн ганцхан арга барилтай. Газар хувьчлал дээр яг ийм зүйл болж байсныг хүмүүс санаж байгаа байх. Эцсийг нь тултал эсэргүүцэж байгаад боломж гаруут дараа нь өөрийн намын нэрээр гүйцэтгэж нэр хүндээ өсгөх үйлдлийг хэчнээн гарамгай хийлээ дээ.

Одоо бол Ерөнхийлөгчийн сонгуулийн шинэчлэл, Шүүхийн шинэчлэлийн хуулийг эсэргүүцээд л олон юм яриад байна. Зүгээр л давуу байр сууриа хадгалах гэснээс өөр ямар ч шалтгаан байхгүй. Ийм шударга бус өрсөлдөөний нөхцөлд ямар ч эрүүл саруул ухаан, оновчтой санал, шийдлээр өрсөлдөх боломжгүй болчихож байгаа юм. Нийгмийн эрүүл хэсэг нь бодлого ярьж байхад нэг монопол нам тэс хөндлөн түүх яриад эхэлнэ. Улс төрд ингэж хоёр өөр хэмжигдэхүүнээр өрсөлдөөнийг явуулсаар байгаад иргэдийг бүр төөрөгдүүлж орхилоо. Одоо олон иргэд улс төрийн талаар ямар ч үзэл баримтлал, үнэлэмжгүй болчихоод байна.

Ажаад байхад өнөөгийн улстөрчид иргэдийг хоёр төрлийн хүмүүс л байх боломжтой байх хэмжээнд хүртэл төөрөгдүүлчихлээ. Тодруулбал, төөрөлдсөн хүмүүс буюу амьдарч байгаа цаг үеийнхээ онцлог, чөлөөт зах зээл, эдийн засгийн хөгжлийн мөн чанарыг ойлгохгүй байгаа хүмүүс. Хоёрт, ашиг хонжоо хайгчид. Хэдийгээр бурхны сургаалд мунхаг хүн өөрөө өөрийгөө устгадаг гэдэг ч тэр хүртэл хүлээж зүгээр суух нь бас л нэг төрлийн мунхаг болох биш үү. Монголын 70 жилийн түүхийг монголчуудад буцааж өгөхийг ард түмэн шаардах хэрэгтэй. Бас эрхтэй гэж би боддог. Тэгэхгүй бол маш олон ухаан суугаагүй залуучуудын толгойг эргүүлж авлигач болгох замд хөтөлж байна.

Оюутны холбоонд дарга болохгүй бол идэвхтэн гишүүн ч болов хийж байгаад аль нэг намд элсэж, албан тушаалд хүрнэ. Ай даа, тэр чинь л амьдрал шүү дээ гэх хандлага газар авчихлаа, залуусын дунд. Эмгэнэл гэж энэнээс өөр юуг хэлэх юм бэ. Эх орны ирээдүй болсон залуус ийм гажиг сэтгэхүйд дөрлүүлээд байхад ирээдүйдээ итгэж суух галзуу ч олдохгүй байх нь хэр биз дээ. Тэгэхээр одоо бүх намыг татан буулгаад бүх намыг дахин шинээр эхлүүлж болно шүү дээ. Үгүй ядаж л намыг гишүүнчлэлгүй болгох хэрэгтэй байна. Өмнө нь олонтоо сонсогддог байсан даа. Төрийн бодлогын залгамж халаа гээч юм огт алгаа гэж... Гэтэл өдгөө залгамж халаанаас өөр шинэ юм алгаа гэж гоочлоод амраахаа байлаа. Улс төрийн нам хүчнүүд бие биенээ. Янз нь цоо шинэ юм хий гэж шаардаад байгаа юм даг уу даа.

Хэрвээ өмнө нь хийж байсан засгийн ажил, эхлүүлсэн бүхнийг бүгдийг үгүйсгээд бүгдээс яг одоо цоо шинээр эхлүүлнэ гэсэн бол яах байсан бол... Өмнө нь сэдэж эхлүүлснээ алдартай болчихоод засч залруулаад үргэлжлүүлнэ гэхээр юунд нь бухимдаад байгааг ойлгох юм алга. Мэдээж зөв шийдэлтэй, байгаа оноод тэхий дундаа ортол явчихсан төсөл хөтөлбөр бий л байх. Тэгээд тэрнийг нь дутуу хаяад шинийг эхлүүлэх үү. Тийм юм гэж хаа байсан юм бэ. Ажлаа сольчихлоо, авгай хүүхдээ бас аавынхаа овгийг ч өөрчилнөө гэж хийрхэхээс юугаараа ялгаатай юм бэ. За тэгээд сүүлийн үед улс төрийн намууд манай намаас хэдэн хүн гарч танай намд орлоо. Танай намаас хэдэн гишүүн урваж манайд элслээ гэх бас л эрүүл бус мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд өгөх боллоо.  Ихээ чухал хурал, үйл ажиллагаа болно заавал ирж сурвалжилна уу гэх тодотголтой урилга илгээх нь хэвийн үзэгдэл болох маягтай. Эцсийн эцэст МАН-д 500 хүн, АН-д 400 хүн, МАХН-д 300 хүн элслээ гэх мэдээлэлд дөрлүүлэн намын гишүүнчлэлээ солих гээд харайж явдаг нь хэд бол. Тэр зэргийн мэдээлэлд хууртдаг гэнэн монголчуудын үе дууссан. Хэрсүү монгол­чуудын үе ирж байнаа гэж хэлээд л байсан ш дээ, өнөө хэн гуай. Хэлсээр байхад улс төрийн томдуухан хүчнийхэн маань үл сонссон дүр эсгэн уймарч гишүүнчлэлийн араас хөөцөлдсөөр суух юм. Хэлбэрдэнэ гэж энийг л хэлдэг байх ч гэж заримдаа бодох. Одоо болъё оо, болоо ш дээ. Шударга өрсөлдөөнийг улс төрийн салбарт хэвшүүлж, нутагшуулахын тулд гишүүнчлэлгүй болцгооё. Тэгэх үү?



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-07 07:47

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?