НАМУУДЫН НЭГДЛИЙН ДЭНЧИН НЬ ЗАСГИЙН ГАЗАР

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-04 04:38

Сэтгүүлчийн үг

МАХН, МАН-ын нэгдэл ардаа ихээхэн том асуудлыг нууцалж байгаа талаар эх сурвалж өгүүллээ. Нэгэн дээвэр доор аж төрж, нэгэн үзэл санааны төлөө зүтгэж явсан нэг хүчний нөхөд салан тусгаарласан нь 10-аад жилийн өмнө. Өдгөө тэд өвөр түрийгээ хамтатган, өш хонзонгооч хойшлуулж, үзэл бодлын зөрүүгээ умартан байж Ерөнхийлөгчийн сонгуульд хүчээ нэгтгэх гэж байна. Товчхондоо, МАН-д Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг ялуулах нь нэн чухал. Тиймдээ ч МАХН-ын тавьсан шаардлагыг дэмжсэн эс  бөгөөс хүлээн зөвшөөрсөн дүр эсгэхээр, ажлын хэсэг гарган ярилцаж байна гэх мессежийг нийгэмд түгээж байгаа хэрэг. Яг үнэндээ тохироо ийн хийгджээ.

Тодруулбал, тун удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай дөрвөн нам хүч үзэж, хүнээ сойх боломжтой. Хэрэвзээ МАХН Н.Энхбаяр даргаа дэвшүүлбэл , МАН-аас нэр дэвших У.Хүрэлсүхийн саналаас “зулгаана.” Тиймээс МАХН-тай нэгдэж, Н.Энхбаяр нэрээ дэвшүүлэхгүй байхаар тохиролцож буй агаад оронд нь Намбарын хүүгийн зарласан таван шаардлагыг биелүүлэх юм  огт биш.  Шуудхан хэлэхэд Н.Энхбаяр нэр дэвших эрхэм эрхээ Засгийн газартай тулж буй. Энгийнчилбэл, МАХН, МАН хоёр нэгдэж,  дундаасаа У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойх бөгөөд хариуд нь МАХН-д Засгийн газраа бэлэглэнэ.

АН-ын тухайд алалцаж, хэрэлдэж байж адаг сүүлд нь одогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвшүүлэх нь баарагггүй. АН-ын саналаас хуваалцах гол хүч нь ХҮН-ын нэр дэвшигч. Ниссэн “бор шувуу”-ны жиргээнээс сонордвоос ХҮН, Б.Жаргалсайханг нэр дэвшүүлэх магадлал маш өндөр байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл одоогийн Ерөнхийлөгчийн саналаас хамгийн их зулгааж чадах этгээдийг ХҮН дэвшүүлнэ гэсэн үг.

Хар зах дээр ханцуй дотроо наймаалцдаг шиг Ерөнхийлөгчийн төлөөх тулаан ийнхүү Монгол төрийн албаар арилжагдаж, бүх ард түмний саналаар сонгогдох учиртай, эв нэгдлийн бэлэгдэл болох ирээдүйн Ерөнхийлөгч маань энэ цагийн улстөрчдийн ёс бус наймаагаар тодрох нь ээ... Юутай гуниг, юутай харуусам...

 

У.Сүхээ



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-03-04 04:38

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?