Б.ОЮУНГЭРЭЛ:ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТГҮЙГЭЭС ЭРХЭЭ ЗӨРЧҮҮЛЖ, ЗӨРЧИЖ БУЙГАА Ч МЭДДЭГГҮЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-22 04:24

Сэтгүүлчийн үг

МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Та ажлаа авснаас хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Яриагаа энэ хугацаанд юу хийж амжуулав гэдгээс эхлэх үү?

-“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны Ерөнхийлөгчийн ажлыг аваад хоёр жил, хоёр сар гаруй болж байна. МЭХ насаар ярьвал 97 хүрлээ. Энэ  түүхэн байгууллагад ажиллаж буйгаа их хувь заяа гэж боддог. 1924 онд Монгол Улс анхны тусгаар тогтнолоо баталгаажуулсан Үндсэн хуулиа батлахад л МЭХ-ны суурь тавигдсан. Ази тивд анх удаа, дэлхийн 200-гаад улс орноос эхний 15 улсын нэг  болж,  Монголын эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж авсан гэдгээрээ дэлхийн түүхэнд бичигдэхүйц том үйл явдал. Мэдээж энэ түүхэн  үйл явдлын манлайлагч, төлөөлөгч болж байсан Д.Сүхбаатар жанжины гэргий Н.Янжмаа гуайн санаачлага болон Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам гээд тэр үеийн эмэгтэйчүүд, төр засаг, эрчүүд, нөхрүүддээ ойлгуулснаар Монгол эмэгтэйчүүд сонгох, сонгогдох эрхээ баталгаажуулсан юм. Сонгох, сонгогдох эрх гэхээр ихэнх хүн сонгууль гэж ойлгоод байдаг. Гэхдээ энэ эрхийн цаана хүн гэдгийг хүлээн зөвшөөрсөн хамгийн том ойлголт явдаг гэж би боддог. Ний нуугүй хэлэхэд, эрэгтэй, эмэгтэй хүн гэдэг ялгаа өнөөгийн нийгэмд ч байсаар байна. Уг нь хүн гэж нэг л юм бий. Хүйсийнхээ хувьд ялгаатай болохоос биш, адилхан хүн. Ардын хувьсгал ялсан болон өмнөх Манжийн дарлалын үед эрчүүд хүн, эмэгтэйчүүд хүн биш гэж үздэг нийгэм байсан. Ардын хувьсгал ялсны дараах он жилүүдэд эмэгтэй хүн бичиг, үсэг сурахыг хоттой хонь руу нь чоно дайрахтай адилтгадаг. Богтлох ёс гэдгийн дор эмэгтэй хүнийг эд бараа мэт аваад явдаг. Сайн дур нь хүрвэл хэдэн хонь, арван цэнгийн алт, мөнгөн ембүүгээр сольж, мөнгө төгрөгөөр худалддаг байсан нь гашуун үнэн. Сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулснаар эмэгтэйчүүд  хайр сэтгэлтэй хүнтэйгээ сууж, бичиг үсэг сурсан. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн Монголыг бүтээхэд түүхэн том үүрэг гүйцэтгэсэн. Магадгүй тэр үед эмэгтэйчүүдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулаагүй  бол өнөөдөр та бид хоёр ярилцаад суух байсан уу. Монгол эмэгтэйчүүд эрх чөлөөтэй, Монголын нийгэм  энэ хөгжилд хүрэх байсан уу гэдэг эргэлзээтэй шүү.

-Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүй гэдэг дээ?

-Яг үнэн. Эмэгтэй хүнийг хүн гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь Монголын хөгжил дэвшил, Монголын түүх, Ази тивд том өөрчлөлтийг авчрах гол алхам болсон. 1924-1990 он хүртэл МЭХ, Эмэгтэйчүүдийн тасаг, Эмэгтэйчүүдийн төв зөвлөл,  Эмэгтэйчүүдийн хороо 1990 оноос хойш Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулж байна. XX зуун Монголын эмэгтэйчүүдийн мандан бадралын үе байсан гэж хэлж болохуйц, 100-гаад жилийн түүх манай байгууллагад бий. Сонгох, сонгогдох эрхээ хүлээн зөвшөөрүүлсэн бүсгүйчүүд бичиг үсэгт тайлагдаж, соёл, боловсролтой болсон. Өндөр мэдлэгтэй болсны ачаар шийдвэр гаргах түвшинд  оролцож эхэлсэн. Монголын эмэгтэйчүүдийн тухайн үеийн төв зөвлөл одоогийн МЭХ, тухайн үедээ бараг л эмэгтэйчүүдийн яам байсан. Тухайн үеийн төр засагт бодлого тодорхойлдог нөлөө бүхий байгууллага байсан юм. 1990 онд Ардчилсан хувьсгал ялсан тэр үед Эмэгтэйчүүдийн хороо гэж байгууллага байх шаардлагагүй татан буулгана гэхэд манай Д.Мөнхөө гуай, “Энэ байгууллага Монгол Улсад байх ёстой. Гэхдээ шилжилтийн цаг үе, нийгмийнхээ нөхцөл байдлыг дагах ёстой” гэж зөвлөснөөр МЭХ гэдэг төрийн бус байгууллага болж хувирсан. Өөрөөр хэлбэл, 1990 оноос хойш өнөөдрийг хүртэлх 31 жилд МЭХ төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж, хоёр нийгмийн шилжилтийн он цаг, эдийн засаг, нийгэм, улс төрийн тогтворгүй байдал дөнгөж байгуулагдсан төрийн бус байгууллага гэдэг утгаараа асар олон бэрхшээлийг даван туулж өдийг хүрсэн. Монголд 22 мянга гаруй  төрийн бус байгууллага байдгийн нэг нь МЭХ. Гэхдээ үнэт зүйлээрээ бол Монголд нэг, хоёрт тоологдож, тооцогдох том байгууллага нь МЭХ бас мөн. 100-гаад жилийн түүхтэй, үндэсний хэмжээний сүлжээтэй, Монголын түүхэнд бүтээсэн хувь нэмэртэй өөрийн гэсэн үнэт зүйлтэй том байгууллага.

-Ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?

-Стратегиэ дэлхий  нийтийн тогтвортой хөгжлийн зорилт буюу 2030 он хүртэл монгол эмэгтэйчүүд бид хаана байх юм бэ, тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд бидний үүрэг оролцоо ямар байх юм бэ гэдэг агуулгаар харж, үйл ажиллагаагаа явуулж байна. МЭХ-г хүмүүс өмнөх нийгмийн буюу С.Удвал гуайн үеийн шийдвэр гаргадаг байгууллага гэж ойлгоод байдаг. Бид шийдвэр гаргадаг байгууллага биш. Иргэний нийгмийн байгууллага гэдэг утгаараа “шүгэл үлээгч” болж байна. Хүүхэд хамгаалал, жендер, гэр бүлийн асуудал гээд олон асуудлын   бодлогод саналаа гаргаад явдаг. Явсаар ч байх болно. Мэдээж,  “шүгэл үлээгч”-ийн хувьд тодорхой акциуд зохион байгуулдаг. Санаж байгаа бол Эрвээ тс анаж байга блол 2019 оны намар Олон улсын охилын  өдөр УИХ-ын гишүүдийн шгирээн дээр  мсёхахэрвээ ужасмэм₮ц жахминажрүлвдгшлүдп 2019 оны намар Олон улсын охидын өдөр УИХ-ын гишүүдийн ширээн дээр бөжин туулайн зөөлөн  тоглоом тавьж, охид, хүүхэд хамгаалал, ялангуяа бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийлэл ямар түвшинд хүрснийг сануулж, Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа өгсөн. Бидний оруулсан таван санал өдгөө ч яригдаж байгаа.

-Яг ямар таван санал юм бэ, Тодруулаач?

-Яг одоо Эрүүгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр яригдаж байгаа. Гэхдээ таван саналын хэдэн хувь нь хуульд тусгагдах нь бодлого гаргагчдын асуудал. Өнөөдрийн нийгэмд хамгийн их тулгамддаг асуудал нь гэр бүл салалт. УИХ дээр Гэр бүлийн тухай хууль яригдаж байна. 1996 оноос хойш анх удаа шинэчлэгдэх гэж байгаа нь энэ. Олон парламент ярьсан ч ажил хэрэг болдоггүй. Дөрвөн удаа өргөн барьсан ч унагасан. Гэхдээ энэ парламент эцэслэн батлах болох уу гэсэн хүлээлт бий.

-Нийгмийн чанартай хуулиуд батлагдахгүй унаад байдгийг та хэрхэн харж, ойлгодог вэ?

-Уул уурхай, эдийн засагтай  холбоотой хуулиуд маш богино хугацаанд хэлэлцэгдээд батлагдаад байдаг ч нийгмийн суурь болсон асуудал сүүлийн 30 жилд орхигдож дээ л гэж хувь хүний хувьд боддог. Нийгэмд ч тэгж харагддаг. Судалгаагаар ч гарч ирдэг. Үнэндээ шийдвэр гаргах түвшнийхэн нийгмийн асуудал гэхээр жижиг асуудал гэж хардаг. Гэр бүл, хүүхдийн асуудлыг ч тэгж хардаг. Тусгаар тогтнолоо баталгаажуулаад, зам гүүрээ бариад, нисэх хүчнээ хөгжүүлээд, төмөр замаа байгуулаад гэдэг ч юм уу эдийн засгийн чанартай арга хэмжээг Монгол Улс сүүлийн 30 жил авсан байна. Үнэндээ байшингаар бол сууриа хаячихсан. Байшингийнхаа хундаамыг мартчихсан. Ямар гоё  шилэн, өндөр том байшин барих вэ гэж л ярьсан болохоос биш, энэ том  байшинг барихад суурь нь ямар байх шаардлагатай вэ гэдгээ тооцолгүй 30 жил болчихсон. Эргээд хартал, гэр бүлийн салалтын түвшин жил ирэх  бүр нэмэгдэж, хүүхэд хамгааллын  асуудал тартагтаа тулж, хүчирхийлэл тоймоо алдлаа. Тоо баримт яривал ярих юм биш. Сэтгэл эмзэглэмээр тоо баримт дурьдаж чадна. Дурьдлаа гээд  яах юм бэ?

ХҮҮХДИЙН ХАМГААЛАХ БАЙРАНД  АВААЧИЖ, ХҮЧИРХИЙЛЭГЧИЙГ ШОРОНД ХОРЬСНООР АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ

-Яг үнэн шүгэл үлээгч хэн юм бэ. Нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь ямар түвшинд байна вэ?

-Б.Оюунгэрэл сайн пост хийгээд эсвэл нэг хүчирхийлүүлсэн эмэгтэй  дээр очиж, жижиг тусламж  үзүүлээд лайв хийж тавьснаар ажил хийсэнд тооцогдох уу. Үр дүнд хүрэх үү. Би эмэгтэйчүүдийн байгууллагыг тийм биш байгаасай гэж боддог. Бид маш  олон хүнд тусалсан. Нэгийг нь ч хэвлэлээр гаргаагүй. Гаргах ч үгүй. Жижигхэн асуудлыг  босгоод, улстөржүүлж, дэвэргэн хөөсрүүлээд ямар том асуудал болгож болдгийг бид цөм харж байна. Гэвч өнөөдөр бид хэлбэр хөөх үү,  эсвэл агуулга руугаа явах уу... Жишээ нь, хүүхэд хамгааллын асуудлаар өнөөдөр  мөрдөгдөж буй хууль олон. Маш олон хууль байгаа. Сайн хууль байгаа шүү, Монголд. Огт байхгүй юм биш. Мэдээж сайжруулах шаардлага ч бий. Гэхдээ бид яг сууриа  харж, сайн хүн хүмүүжүүлж байж л хүчирхийллийг даван туулна. Хүүхдийг түр хамгаалах байранд  аваачаад хүчирхийлэгчийг шоронд хорьсноор асуудал шийдэгдэхгүй. Энэ бол зүгээр л гал унтрааж буй хэлбэр, аргацааж буй аргачлал.  Гэмт хэрэг үйлдсэн  хүн ямар ч  цаг үе, нийгэмд хариуцлагаа хүлээх нь зүй ёсны хэрэг. Хувь хүний хувьд өнөөгийн аргацаагаад  байгаа байдлыг хүчирхийлэлтэй тэмцэх аргачлал биш гэж боддог. Тэр утгаараа МЭХ-ны сүүлийн хоёр жил хийсэн үйл ажиллагаа иргэдийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх тал руу чиглэгдсэн. Ажлаа авснаас хойш Монгол Улсын 21 аймгаар явах гурав дахь тойргоо эхлүүллээ. Сумдаар явж эхэллээ. Нийт 60 гаруй мянган хүнтэй уулзлаа.  Соёлыг түгээгчид буюу нийгэмд тодорхой манлайлал бүхий бүх салбарын  залчуучуудтай хамт ажиллаж байна. Бид асуудлыг хэн нэгнээс хайдаг биш өөрөөсөө хайдаг, холоос биш ойроос хайж сурдаг болмоор байгаа юм. Бүх зүйлийг төр засаг, энэ тэрний буруу гэхээ болимоор байна. Мэдээжийн хэрэг,  төр засгийн буруу бодлогоос болж хүний эрх зөрчигдөж буй олон үйлдэл гардаг нь үнэн. Гэхдээ иргэн хүний бас эрх, үүрэг юу вэ гэдгийг хаа хаанаа бодмоор байгаа юм. Бид эрхтэй гэх ганц зүйл яриад байлгүй эрхийг дагаад үүрэг явдаг гэдгийг иргэддээ ойлгуулмаар байна. Та бид хүнлэг ардчилсан иргэний нийгэмд амьдарч байгаа. Хүний эрх гэж ярьж байгаа бол хүний үүрэг гэж бас байдаг юм. Эрхээ ч эдэл, үүргээ ч хүлээ. Ийм л зүйлийг иргэдэд ойлгуулахын тулд ажиллаж байна. Нөгөө талаараа мэдээж хүмүүнлэгийн тодорхой ажлууд хийдэг.

-Тухайлбал, олонд дэмтэй, нийгэмд хэрэгтэй юу хийв. Ийм юм хийлээ гэх реклам зар явдаггүй болохоор мэдэхгүй байна л даа?

-Өнгөрсөн жил “Ковид-19”  эхлэх үед МЭХ манлайлан санаачилж, 70 мянга гаруй амны хаалт оёж, тараасан. Дэлхий нийтэд амны хаалтны хомстол үүссэн үе шүү дээ. 10 мянгыг нь ЭМЯ-нд хандивлаж, 10 мянгыг нь Солонгост хууль бусаар ажилладаг иргэдэд хүргүүлж, шарадлагатай хэсэгт нь хүргэсэн. Мөн хүнсний хүргэлт хийж, “Дэм дэмэндээ”, “Айл хүний амь нэг” аянуудыг зохион байгуулсан. Ерөнхийдөө нөлөөллийн сургалт, мэдлэг олгох, урьчилан сэргийлэх ажил дээр төвлөрч ажиллаж байна. Өнгөрсөн жилээс Европын холбоо, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран, “Туслах малчдыг чадавхжуулах” төслийг эхлүүлсэн.

-Төслийнхөө талаар тодруулаач?

-Монголчууд нүүдлийн соёлтой, уламжлалт мал аж ахуйн орон. Гэтэл малчдын асуудал гэж маш том асуудал бий. Малчдын асуудлыг гэхээр шийдвэр гаргах түвшинд улстөрчид ноос, ноолуурхнаар хардаг. Угтаа малчдын хөгжил, чадавх, эрхийн зөрчлийн асуудал дээр түлхүү анхаарах ёстой юм шүү дээ. Тэр ч утгаараа  төслөөрөө дамжуулаад туслах малчдыг чадавхжуулах дээр анхаарч байгаа. Наад зах нь эзэн малчин, туслах малчин гэх нэр томъёогоо бодох ёстой. Манайхан эзэн малчин бол мянгат малчин, туслах малчин гэхээр бараг боол мэтээр ойлгодог. Гэтэл тэнд хөдөлмөрийн бүхэл бүтэн зах зээл, ажлын байр байж байдаг. Тэр ажлын байранд тавигдах шаардлага ямар байх юм бэ, үнэлэмж нь хэр байх вэ,  хүний эрхийг дээдэлсэн ажлын байрыг тэнд яаж бий болгох юм бэ гэхчлэн олон асуудал ард нь эзэнгүй үлддэг. Туслах малчдын ихэнх нь бичиг үсэггүй, боловсролгүй байдаг учраас эрхээ зөрчүүлж, хөдөлмөрөө мөлжүүлдэг. Маш олон сөрөг асуудал байдаг юм. Тэдэнд мэдлэг ойлголт олгох зорилтоор хүний эрхийн сургагч багшийг дөрвөн аймгийн 12 суманд бэлтгэлээ. Үлдсэн аймгуудаа ч сургагч багштай болгохоор төлөвлөсөн. Бид юм л бол энэний, тэрний  эрх гэж ярьдаг ч яг миний эрх гэж юу юм бэ гэдгээ тэр бүр сайн мэддэггүй. МЭХ-ны хувьд хүний эрх гэдэг ойлголт дээр төвлөрч ажиллахаар төлөвлөсөн. Угтаа эмэгтэйчүүдийн зөрчил гэдэг маань хүний эрхийн л зөрчил. Хүний эрх дотроо хүйсийнхээ хувьд эмэгтэйчүүдийн эрх илүү зөрчигдөөд байгаа болохоос эмэгтэйчүүдийн гэдэг тусгай эрхийн зөрчил гэж байхгүй. Тиймээс хүний эрхийн асуудал дээр онцгой анхаарч, ялангуяа хүний эрхийн мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх дээр илүү олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн ч цар тахлаас болоод удааширсан тал бий.

-Төрийн бус байгууллагын хувьд гадаад харилцаа маш чухал санагддаг. Энэ тал дээр ямар ахиц дэвшил гарч, хэр анхаарч ажиллаж байна вэ?

-Хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Жишээ нь Энэтхэгийн Элчин сайдын яамтай өнгөрсөн жилээс эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, сургах тал дээр хамтарч, 60 гаруй эмэгтэйг Энэтхэгийн засгийн газрын тэтгэлгээр сургах байсан ч цар тахлын улмаас хойшилчихоод байж байна. Дашрамд сонирхуулахад, МЭХ 70-80-аад оны үед ахуйн соёлын “Соёлын довтолгоо” аяныг хийж байсан түүх, туршлагыг сэргээж, “Соёлын довтолгоо II” гэж үндэсний хэмжээний төсөл эхлүүлж, “Соёлыг түгээе” аяныг 10 гаруй аймагт эхлүүлсэн ч мөн л цар тахлын улмаас зогсчихоод цаг тавирахыг хүлээзнэж байна.

Түүнээс гадна МЭХ өнгөрсөн оны есдүгээр сард дүрэмдээ өөрчлөлт оруулсантай холбоотойгоор гишүүнчлэлтэй болох асуудал яригдаж байна. Өмнө нь 90-ээд оноос өмнө эмэгтэй хүүхэд мэндэлсэн л бол гишүүн гэж явдаг байсан. Одоо манай  холбоо татвар авдаггүй, төрөөс дэмжлэггүй  сайн дурын байдлаар л үйл ажиллагаагаа явуулдаг. Есөн дүүрэг, 21 аймгийн салбарын дарга нар маань цалингүй.  Сайхан сэтгэлээрээ л ажиллдаг. Гэвч дандаа бүх зүйл сайхан сэтгэл дээр явахгүй. Хөдөлмөрлөж байгаа хүн цалин авах ёстой. Байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бол тодорхой санхүүгийн эх үүсвэртэй байх ёстой. Санхүүгийн хувьд хараат бус байх ёстой учраас өнгөрсөн есдүгээр сард дүрэмдээ өөрчлөлт оруулж, гишүүнчлэлтэй байх асуудлын эхлэлийг тавьсан. 2021 оны нэгдүгээр сарын нэгнээс гишүүнчлэлээ бүртгэж, татвар авахаар төлөвлөсөн ч нөхцөл байдлаас болоод хойшлуулж, эхний улиралд авахгүй байхаар шийдвэрлсэн. Магадгүй ирэх дөрөвдүгээр сараас гишүүнчлэлийн асуудал яригдаж эхлэх байх.

-“Шүгэл үлээгч”-ийн хувьд хууль эрх зүйн орчинд саналаа тусгах, хүсэлт хүргүүлэхээс өөр боломжгүй. Энэ тал дээр хууль боловсруулагч буюу УИХ-тай хэр нягт холбоотой ажиллаж байна вэ. Ялангуяа эмэгтэй гишүүдтэй?

-Би Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлд тодорхой саналуудаа өгсөн. Хуулиудад санал өгөхөөс өөр ямар нэг байдлаар шийдвэр гаргах боломжгүй учраас улс төрийн намууд болон УИХ дахь 13 эмэгтэй гишүүнтэй уулзаж саналуудаа хүргүүлж, ярилцаад явж байна. Ахин хэлье. МЭХ-ны цаашдын гол зорилго бол хүний эрх, эрх чөлөөний тухай мэдлэг, ойлголтыг иргэддээ өгөх явдал. Ний нуугүй хэлэхэд, хүний эрх зөрчигдөөд байна гэдэг ч  эрхээ зөрчүүлж буй иргэн нь өөрийнхөө эрхийг мэддэггүй. Эрхийг нь зөрчиж буй нь ч зөрчиж буйгаа мэддэггүй. Эрхийн тухай ойлголтгүй учраас яаж зөрчиж, зөрчүүлж байгаагаа мэдэхгүйд л асуудлын гол нь байгаа юм. Нэгэнт бид шийдвэр гаргах түвшний  байгууллага биш учраас чаддагаараа шаардлага хүргүүлж, уриалга гарган, хүсэлт хүргүүлээд л байж байна даа.

-ХЭҮК-той хэр ойр ажилладаг вэ. Ажилладаггүй гэж ад үзэгддэг болсон шүү дээ комисс?

-ХЭҮК бол төрийн байгууллага. Үндсэн үүрэг нь хүний эрхийг хангаж, хамгаалах бодлогыг хийх ёстой байгууллага. Ажлаа аваад хамтарч ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зураад Европын холбоотой хамтарч хүний эрхийн сургагч багш бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. Цаашдаа түгээн дэлгэрүүлэх ажлыг манайх хийнэ гэсэн бодолтой байгаа. Бид хүний эрхийн мэдлэггүйгээсээ болж алддаг. Хүн маш олон эрхтэй. Жам ёсныхоос гадна, хууль ёсны эрх бий. Тэр эрхийг нь төр хамгаалах үүрэгтэй. Үүргээ хэрэгжүүлэхийн тулд төрийн албан хаагчид мэдлэгтэй байх ёстой. ХЭҮК-той энэ түвшинд ажиллаж, хүний эрхийн мэдлэг ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх дээр анхаарч үндсэн чиглэлээ болгон ажиллаж байна.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД НАС, НАМ ХАМААРДАГГҮЙ

-Хүний эрхийн зөрчил гэхээс илүүтэй, хувь хүний хандлагаас болж таагүй зүйл их гардаг болж?

-Асуудлыг алсаас биш ойроос хаймаар байна. Шат шатан дээр хариуцлагагүй, хүн чанаргүй байдлууд анзаарагдаж байна. Хууль дүрэм гэхээсээ илүүтэй хүн чанараар шийдэх олон асуудал дээр алдаж байна. Наад зах нь гэхэд саяхан болдог жирэмсэн эмэгтэй зөөвөрлөдөг асуудал дээр дарга үүрэг өгсөн, өгөөгүйгээс үл хамааран нялх биетэй эхийг зөөвөрлөх гэж байгаа жолоочид машинаа халаах, дулаан байлгах сэтгэл байсангүй. 20 минут машиныхаа хаалгыг онгорхой зогссон гэж сэтгүүлч хэлж байна лээ. Төрөх эмнэлгээс нярай хүүхэд, нялх биетэй эх авч, зөөхөө мэдэж байгаа нь ойлгомжтой ч сэтгэлгүй хандсан.

-Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр нийгмийн доод давхаргад хамаатай гэж ойлгодог байсан ч дундаж давхаргад илүү байдаг гэх судалгаа гарсан байсан?

-Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр нийтлэг дөрвөн зүйл байдаг юм. Гэр бүлийн хүчирхийлэл бүх түвшинд яригддаг асуудал. Тодруулбал гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, гэр бүл салалт, хүүхэд хамгааллын асуудал, эдийн засаг. Энэ таван зүйл тоть шиг давтагддаг. Бид нийтлэгээрээ гэр бүлийн хүчирхийлэл гэхээр зоддог гэж бодоод байдаг. Нөгөөтэйгүүр, ядуу хүмүүст тохиолддог гэж ойлгодог. Гэтэл үгүй. Энэ бүхний суурь нь эдийн засгийн бүр тодруулбал, эдийн засгийн хувьд хараат байхтай холбоотой байдаг. Үнэндээ энэ асуудал нийгмийн доод түвшинд нэг их байдаггүй. Нэр хүндтэй хүмүүс нэр хүнд, ажил, мөнгөө бодоод дардаг, нуудаг. Илэрч байгаа хэлбэр нь орлого багатай, ажилгүй хүмүүс дээр илэрдэг. Хамгийн харамсалтай  нь энэ асуудал бүх түвшинд нас, нам, ажил, мөнгө харгалзахгүйгээр байна. Шуудхан хэлчихэд хаалга бүрийн цаана янз бүрийн хэлбэрээр байгаа. Орон нутагт ч хотод ч энэ таван зүйл бүх түвшинд байнга л байж байдаг асуудал. Бид хүчирхийллийн суурь шалтгаан гээд бодлого ярьдаг ч хамгаалах байр барья, хүүхэд хүчиндсэн хүнийг шоронд хийе гэхээс өөрийг хийдэггүй. Ингэлээ гээд шийдлээ олохгүй гэдэг нь одоо тодорхой болчихлоо. Мянган байр бариад ч шийдэл болохгүй. Түр аргацаах л үйлдэл. Тэр хүүхэд 90 хоног хамгаалах байранд байгаад буцаад хүчирхийлэлтэй орчиндоо очдог. Мэдээж  төр хүүхдээ хамгаалах үүрэгтэй. Гэхдээ үүрэг нь хамгаалах байр биш. Үйлчилгээ үзүүлж буй л нэг хэлбэр. Төрийн үүрэг нь тэр хүүхэд хүчирхийлэлд өртөхгүй байх орчин нөхцөлийг бүрдүүлэх явдал. Тэгэхийн тулд боловсролын тогтолцоо, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээрээ эцэг, эхийн ёс суртахуунд нөлөөлөхөд  гол хүчээ хаямаар байгаа юм. МЭХ-ны 1951 оны архивын бичиг баримтыг үзэж байсан. Тэгэхэд улсын нийт төсвийн 30 хувийг соён гэгээрүүлэх ажилд зарцуулж байсан байдаг юм билээ.

Өнөөдөр бид ямар ухамсар, ёс суртахуунтай болчихсон байгааг эмнэлгээс нярай хүүхдээ тэврээд гараад явж байгаа ээжийн дүр зургаас харлаа. Нийгмийн бодит хандлага тэр дүр зураг. Шуудхан хэлэхэд энэ явдал нийгэм, та бидний ёс суртахууныг хаалт хамгаалалтгүй ил цагаан илчилсэн л үйл явдал болоод өнгөрсөн дөө.  Тэгэхээр одоо бид аргацаах бус углуургаар нь асуудалд хандахад анхаарах ёстой. Байшингийн гаднах өнгөлгөөний хавтан уначихлаа. Тоосго тавьчихвал бөглөчих гээд байна гэдэг. Доод суурь нь цуурсан учраас хавтан уначихлаа гэж хэн ч бодохгүй байгаа нь л хамгийн том асуудал. Суурь цуурсан учраас өнөөдөр 10, маргааш 1000 хавтан нурна. Ирээдүйд энэ байшин нурах нь тодорхой. Гэтэл тэр байшинг  нурааж болохгүй. Тиймээс цууралтыг зогсоох, засах ёстой биз. Харамсалтай нь энэ “цууралт”-ыг зогсоох, янзлах  бодлого хийгдэхгүй байгаад л асуудлын гол нь байна. Манайхан соён гэгээрүүлэх ажил гэхээр реклам хийх тухай бодоод байдаг. Тэр хүний сэтгэлгээ хандлага, ёс суртахуун, үүрэг, эрхийг ойлгуулах нь гол асуудал аргачлал. Гэвч Б.Оюунгэрэл ганцаараа яваад, 100 лекц уншаад ойлгуулж чадахгүй. Үндэсний хэмжээний цогц бодлого хийх хэрэгтэй. Наад зах нь үзэж буй кино, ярьж буй яриа, манлайлж буй манлайлал, уншиж буй ном тэр ч бүү хэл ёс суртахуунгүй байгаа улстөрчдийн үг, үйлдэл ч хамаатай. Иргэдээ хуурч худлаа ярьдаг нь байдаг л үзэгдэл болчихоод байгаа нь үнэн биз. Энэ бүхнийг цэгцэлж байж л шийдэгдэх асуудал шүү дээ. Лоозогнож, тунхаглаг шиг ухаалаг үг хэлж, эсвэл энэнтэй тэмцэж байна гэж попорч, цахим орчинд лайв хийснээр юу ч шийдэгдэхгүй. Мэдээж иргэний хувьд хэн ч үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлэх эрх, эрх чөлөө нь байгаа. Гэхдээ аливаа асуудлыг давслаад, хөөсрүүлээд яг ямар асуудлыг нааштайгаар шийдэв гэдгээ эргэж харан, хамтдаа нэг ярилцан, шийдэлд хүрэх цаг нь болчихсон байна даа.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

З.Урсгал

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-22 04:24

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?