ТӨР, ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ДЭМЖСЭН Ч “УВС ХҮНС” КОМПАНИ АШИГГҮЙ АЖИЛЛАСАН ГЭВ ҮҮ?

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-21 02:39

Сэтгүүлчийн үг

Монгол хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компаниуд хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг тараахаа мэдэгдсээр байна. Компанийн тухай хуульд зааснаар Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг тараах эсэхээ 50 хоногийн дотор гарган мэдүүлэх үүрэгтэй билээ. Тэгвэл нэр бүхий 17 хувьцаат компани 2020 оны ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэсэн тухайгаа Монголын хөрөнгийн биржид мэдэгджээ. Тодруулбал, "Говь" ХК, "Увс Хүнс" ХК, "Баянгол зочид буудал" ХК, "Дархан зочид буудал" ХК, "Монгол савхи" ХК, "Жуулчин говь" ХК, "Сор" ХК, "Хот деволопмент" ХК, "Ард санхүүгийн нэгдэл" ХК, "МИК Холдинг" ХК, "Монгол шилтгээн" ХК зэрэг 17 компани ногдол ашиг тараах боломжгүй гэдгээ мэдэгдэв. Дээрх нэр бүхий компаниуд санхүүгийн хүндрэл болон “COVID-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэжээ.

Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахал эдийн засаг, бизнесийн зах зээлд шууд нөлөөлсөн нь үнэн. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2020 онд Монгол Улсын эдийн засаг өмнөх оноос 5.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Тухайлбал, бүтэн жил хил хаалттай байсан учраас гадаадын аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон. "Жуулчин говь" ХК,  "Говь" ХК, "Сор" ХК, "Баянгол зочид буудал" ХК, "Дархан зочид буудал" ХК гээд аялал жуулчлалын салбартай шууд холбогддог, бүтээгдэхүүнээ борлуулдаг, жуулчдад үйлчилгээ үзүүлдэг компаниудын хувьд ногдол ашиг хуваарилах боломжгүй гэдгийг ойлгохоос өөр аргагүй. Зочид буудлууд бүтэн жил хаалттай байсан. Ашигтай гэхээсээ алдагталтай ажилласан байж таарна.

Гэвч бүх салбарын бизнес эрхлэгчид ашиггүй ажилласан гэвэл өрөөсгөл ойлголт болно. Дотоодын үйлдвэрлэл, тэр дундаа хүнс үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа өнгөрсөн онд хэвийн явж ирсэн. Хүнсний салбарыг Засгийн газар “ногоон гэрэл”-ээр дэмжиж, үйл ажиллагааг нь зогсоогоогүй. Тиймээс ч “Мах импекс”, “Талх чихэр”, “АПУ”, “Түмэн шувуут” гээд үндэсний үйлдвэрлэгч нээлттэй компаниуд ногдол ашиг тараахаа зарлаад байна. “АПУ" ХК гэхэд 2020 оны хоёрдугаар хагас жилийн үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 57.5 төгрөг буюу нийт 61.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ. Харин “Түмэн шувуут” ХК нь 2020 оны ногдол ашигт цэвэр ашгийн 40 хувь буюу 1,6 тэрбум төгрөгийг хуваарилахаар болов.

Гэтэл дээрх 17 компани дотор ашиг хувиарлахгүй гэж “луу унжиж” буй хүнс үйлдвэрлэгч нэг компани бий. Тэр нь “Увс хүнс” ХК компани. Тус компани чацаргана, талх нарийн боов, ус ундаа, архи, гурил үйлдвэрлэдэг Монголын тэргүүлэх компанийн нэг. Ижил төрлийн үйлдвэрлэгч компаниуд нь ашигтай ажилласан гэж ногдол ашиг тараахаа зарлаж байхад “Увс хүнс” ХК санхүүгийн хүндрэлтэй хэмээн мэдэгдэж, ногдол ашиг тараахааргүй болов. “Увс хүнс” компани ашиггүй ажиллаад бусад хүнс үйлдвэрлэгч компаниуд өндөр ашигтай ажилласан байж таарахгүй. Тодорхой хэмжээнд “Увс хүнс” компани ашигтай ажилласан байх боломжтой.

Хувьцаат компани нь өндөр ашигтай ажилласан байсан ч ногдол ашиг тараахгүйгээр шинэ төсөлд хөрөнгө оруулалтад зориулах тохиолдол байж болдог. Гэвч “Увс хүнс” ХК шинэ төсөлд хөрөнгө оруулалт хийхээр болсон тухай тайлбар, мэдээлэл гаргаагүй бөгөөд Монголын хөрөнгийн биржийн мэдээлснээр санхүүгийн байдал болон “COVID-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны ногдол ашиг тараахгүй гэх мэдээлэл гаргасан. Тэгэхээр тус компани нь өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт оруулахгүй гэж ойлгох ёстой. Иймээс ногдол ашиг тараах ёстой байв.

Тус компанийг үүсгэн байгуулагч, гол хувьцаа эзэмшигч нь Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбат нар. Уг нь бизнес эрхлэгчдийн дуу хоолой болох ёстой МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин салбартаа манлайлал үзүүлэх ёстой биш билүү. Хувьцаа эзэмшигчид нь “Увс хүнс” компанийг ногдол ашиг тараахыг хэдий хүртэл хүлээх вэ.

СЭТГҮҮЛЧ Т.АМАРАА



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-21 02:39

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    зочин [66.181.184.xxx]

    мөнгөө төлөөч ээ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?