Л.ЭНХ-АМГАЛАН: НИЙТ СУРАГЧДЫН 70-80 ХУВЬ ХОЦРОГДОЛД ОРЧИХОЖ...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-04 03:27

Сэтгүүлчийн үг

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас цөөн зүйлийг тодрууллаа.

-Цахим сургалт шаардлага хангахгүй байна гэх шүүмжлэл бий. Танхимын сургалт  хэзээ эхлэх бол гэх хүлээлт байна?

-Гуравдугаар улирлын хичээл сая хоёрдугаар сарын нэгнээс цахимаар эхэлчихлээ. Бидний хувьд нөхцөл байдлыг судлаад ирэх гуравдугаар сарын нэгнээс танхимаар хичээллүүлэхээр төлөвлөж байна.

-Иргэдийн гомдлоос болоод уу?

-Хоёрдугаар сард танхимын сургалтыг эхлүүлээгүй хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, цаг уурын нөхцөл хоёрдугаар сард хүйтэн байх мэдээ бий. Отроор явж байгаа малчдын 20 мянга орчим хүүхэд аав, ээжтэйгээ явж байгаа юм байна.  Хоёрдугаарт, томуу томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе нь энэ сард тохиодог.  Гуравдугаарт, “ковид 19” халдварын хөл хорио цагаан сарын үеэр тавигдах төлөвтэй байгаа учраас хойшлуулсан. Хоёрдугаар сард хичээл эхлээд долоо, наймхан хоног хичээллээд дахиад завсарлах нөхцөл үүсэх учраас бэлтгэлээ хангаад ирэх сарын нэгнээс эхлүүлэх нь зөв гэж үзсэн.

-Өвчний дэгдэлт нэмэгдээд байвал яах вэ?

-Эхлүүлэх талаас нь бэлтгэлээ сайн хангах л ёстой. Яагаад гэвэл маш их хоцрогдол үүссэн байна. Эхний хагас жилд сурагчид 165-180 хоног хичээллэх ёстой ч 80 гаруй хоногт нь цахим буюу теле хичээлээр хичээллэсэн. Үүнээс болж, нийт сурагчдын 70-80 хувь хоцрогдолд орчихсон. Түүнчлэн улсын хэмжээнд 174 мянга орчим хүүхэд теле хичээл үзэх боломжгүй нөхцөлд байна гэх судалгаа байна. Нийслэлд гэхэд л цахилгаанд холбогдоогүй 30 мянган өрх байгаа гэх тооцоо бий. Ташрамд дуулгахад, дэлхийн 130 улс халдварын өндөр дэгдэлттэй байгаа ч ерөнхий боловсролынхоо сургалтыг хэвийн үргэлжлүүлж байгаа юм байна.  Тиймээс би УОК-ын хуралдаан дээр байр сууриа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, ирэх сарын нэгнээс улс даяар танхимын сургалтыг нээхээр бэлтгэлээ базааж эхэлсэн. Гэхдээ нийслэлийн хувьд хүндрэлтэй асуудал бий.

-Тухайлбал?

-Нийслэлд зарим сургуулиудыг PCR шинжилгээ авах цэг болгон ашиглаж байгаа нь эрсдэл дагуулж байгаа. Тиймээс баасан гарагт Улаанбаатар хотын ЗДТГ-ынхантай ярилцаж, тодорхой шийдэл гаргах төлөвлөгөөтэй байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-04 03:27

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?