А.АМАРБАЛ: БИД АРД ТҮМНИЙ НҮД... АРД ТҮМНИЙ НҮДИЙГ БООЖ БОЛОХГҮЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-02 05:14

Сэтгүүлчийн үг

Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбалтай ярилцлаа.

-Үндэсний статистикийн хорооноос улирал бүр судалгаа гардаг. Өрхийн орлогын судалгааг яаж гаргадаг вэ?

-Нийгэм эдийн засгийн өрхийн түүвэр судалгааг 1966 оноос хойш хийж байгаа. Монгол Улсын 900 мянган өрхийг төлөөлүүлж, 16 мянган өрхийг түүвэрлэн судалгаа авдаг. Судалгаа сондгой тэгш жилээр ялгаатай хийгддэг бөгөөд тэгш жил, ядуурлын тооцооллыг хийх зорилгоор өргөтгөсөн хэлбэрээр явагддаг. Үндэсний статистикийн хорооноос 2020 оны гуравдугаар улирлын өрхийн орлого, зарлагын мэдээлэл гарсан. Тодруулбал, өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2020 оны гуравдугаар улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 132.2 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт бий. Задалбал, цалин хөлсний орлого 79.3 мянга, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 77.3 мянган төгрөгөөр өсжээ. Тодорхой жишээгээр тайлбарлавал, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Мөн 2020 оны дөрвөн сараас хүүхдийн мөнгийг таван дахин буюу 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ буюу хүнсний талоныг хоёр дахин нэмэгдүүлж нийт 242 мянган хүнд олгож буйгаас гадна хувийн хэвшилд ажиллаж буй 570 орчим мянган иргэний нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс 2020 оны дөрвөн сараас арван сар хүртэл бүрэн төлж, хувийн хэвшилд ажиллаж буй 989.4 мянган иргэний цалингаас суутгах орлогын албан татварыг чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээ нь иргэдийн өрхийн орлогод тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэсэн үг. Гэхдээ хэрэв Монгол Улсын Засгийн газраас ковидтой холбоотой дээрх шийдвэрүүдийг гаргаагүй бол иргэдийн өрхийн орлого унах байсан.

-Өрхийн орлого нэмэгдсэн гэх судалгаа гардаг ч иргэд цалин нэмэгдээгүй байхад орлого нэмэгдсэн гэх дүнд гарахаар эргэлздэг шүү дээ?

-2020 оны гуравдугаар улирлын мэдээгээр өрхийн дундаж орлого өсөлттэй гарсан нь Засгийн газрын хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай холбоотой. Түүвэр судалгаа учраас худлаа гарч байгаа гэж хэлэх л байх. Гэхдээ статистикийн шинжлэх ухаан  аливаа үзэгдлийг хэмжих өөрийн аргатай. Түүврийн аргаар зардал багатайгаар тухайн үзэгдлийн мөн чанарыг гаргах боломжтой байдаг юм. Дундаж цалин бага гэж ярьдаг ч бодит байдал дээр найз нөхөдтэйгээ гэрээ хийгээд нийгмийн даатгал орлогын татварыг төлөхгүйгээр тохироод ажилладаг. Би тэднийг шимэгчид гэж хэлнэ.

-Яагаад?

-Нийгмийн даатгал төлдөггүй хэрнээ төрийн үйлчилгээ авдаг. Гэтэл нөгөө талд нь  томоохон үйлдвэрлэгч компани тухайн ажиллаж байгаа хүндээ, цалин чинь нэг сая 100 мянган төгрөг. Гэхдээ бүтээгдэхүүн ав гэдэг. Иймэрхүү харилцаа тухайн  байгууллагын төлж байгаа нийгмийн даатгал болон тухайн ажил хийж байгаа хүний нийгмийн даатгалыг бууруулдаг нь нууц биш. Монгол Улсад хөдөлмөрийн насны нэг сая 500 гаруй хүн байдгаас 670 гаруй мянган хүн л нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Зүй нь бүгд нийгмийн даатгалаа төлөх ёстой шүү дээ.

-Нийгмийн даатгалын төлөлт буурсан гэлээ. Тэгвэл ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо нэмэгдсэн үү?

-Нийгмийн даатгалын зарлага нь нэмэгдэж, орлого нь буурсан. Ер нь албан байгууллагыг ажилчдыг цомтголд оруулахгүй тулд төрөөс нийгмийн даатгал дээр хөнгөлөлт үзүүлсэн.

-Судалгаагаар ажилгүйдлийн төвшин үзүүлэлт хэр хэлбэлзэлтэй байна вэ?

-Бүртгэлгүй, ажилгүй иргэдийн тоо бага зэрэг буурсан. “Ковид 19”-ийн үед иргэд ажлын байргүй байх хүлээлт бий болсон. Нөгөөтэйгээр нийслэлийн хэмжээнд хөл хорионы дэглэм барьж байгаа учраас иргэд ажлын байранд очиж бүртгүүлэх асуудал хүндрэлтэй байгаа. Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас гаргаж байгаа шинэ ажлын байранд дээр маш хурдан дэмжлэг үзүүлж, зуучлалаа сайжруулсан. Эдгээр шалтгаанаас болж бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурч байгаа үр дүн ажиглагдаж байна. Мөн бид цаг үеийн шаардлагаар Дэлхийн банктай хамтарч өрхөд суурилсан судалгааг гурван үе шаттай явуулсан. Гурав дахь шатны судалгаагаар үндсэндээ хувиараа хөдөлмөр эрхлэдэг иргэдийн 3/2 хувь нь үйл ажиллагаа зогсоосон нь тогтоогдсон.

-Хил гааль хаалттай байгаа учраас экспорт болон импортод өөрчлөлт гарч байгаа байх?

-Гадаад худалдааны нийт эргэлт бага зэрэг буурсан. Хил гааль хаалттай ч томоохон тээвэрлэлт хийгдэж байгаа учраас тэр. Харин нийгмийн даатгалын орлого хөнгөлөлт үзүүлсэнтэй холбоотойгоор буурсан.

-Үндэсний Статистикийн хороо, НҮБ-ын Хүүхдийн сангаас түүвэр судалгаа хийсэн байх аа?

-Судалгаа 2020 оны есдүгээр сарын 18-наас аравдугаар сарын 25-ны хооронд явагдсан. Нэгдүгээр шатанд “ковид 19”  цар тахлын үед  2-17 насны хүүхдүүдийн дунд зайн сургалтын талаар судалгаа хийсэн. Хот, хөдөө нь түүврийн гол домэйн бөгөөд нийт 2.200 өрхийг түүвэрлэсэн. Түүврийг дөрвөн бүсээс тус бүрээс 400 өрх, Улаанбаатар хотоос 600 өрх байхаар сонгож, панел дата үүсгэхийн тулд судалгааны үе шатуудад ижил өрхийг судалгаанд хамруулсан. Хөдөөний 10 хүүхэд тутмын дөрөв нь, хотынхны гурав нь цахим хичээлд хамрагдаж чадаагүй. Телевиз радиогоор хичээл үзэж, сонссон 2-17 насны хүүхдийн зайн сургалтын хамрагдалт 60 хувьтай гарсан. Хотын хүүхдүүдийн тэн хагас нь, хөдөөгийн хүүхдүүдийн талаас илүү хувь нь сургуулийнхаа багш нараасаа нэмэлт хичээл авсан бөгөөд өдөрт дунджаар нэмэлт онлайн хичээлд 67-79 минут зарцуулсан байна. Харин хувийн сургуулийг улсын сургуультай харьцуулахад нэмэлт хичээл өгөх нь илүү буюу нэмэлт хичээлд зарцуулж буй хугацаа 40 минутаар илүү байсан. Гэрийн даалгавартай байсан хоёр хүүхэд тутмын нэг нь эцэг эхээсээ, дөрвөн хүүхэд тутмын нэг нь ах, эгчээсээ дэмжлэг авсан. Гэрийн даалгавартай байсан дөрвөн хүүхэд тутмын нэг нь гэрийн даалгавраа хийхэд ямар нэг дэмжлэг аваагүй. Хөдөөний хүүхдүүдийн 30 хувь, хотын хүүхдүүдийн 43 хувь нь сургууль, багш нараасаа сургалтын материал авсан гэх дүн гарсан.

-Ажилгүйдэл, нийгэм, эдийн засгийн судалгаа гаргахад улс төрийн нөлөө ордог уу. Хардлагаб айдагу чраас асууж байна л даа?

-Үндэсний Статистикийн хороо УИХ-ын харьяа байгууллага ч бидний хийж хэрэгжүүлж буй ажилд Засгийн газар ямар нэгбайдлаар нөлөөлдөггүй. Бид шинжлэх ухааны үндэслэлтэй ажиллаж, бодит байдлыг үнэн зөвөөр мэдээлэх үүрэгтэй. Одоо гаргаж байгаа тоог ирээдүй хэрэглэдэг. Албан ёсны статистикийн мэдээлэл хэн нэгний амнаас шууд гараад явдаг зүйл биш. Шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй, цаг хугацааны дараалалтай, тасалбартай байдаг. Бид ард түмний нүд. Ард түмний нүдийг боож болохгүй. Шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит мэдээллээр иргэдээ хангах ёстой. Харин иргэд аливаа статистикийн мэдээллийг хэдийд ямар цаг хугацааг хамарч, ямар аргачлалаар хийснийг маш сайн анхаарах ёстой.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-02-02 05:14

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?