Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГТ АЖИЛЛАХ САЙД НАР

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-01-22 11:36

Сэтгүүлчийн үг

Эрүүл мэндийн сайдын албан тушаалд салбарын эмч, мэргэжилтүүдийн дэмжлэг, саналыг харгалзан Т.Мөнхсайхан сайдыг улираан ажиллуулах санал гарчээ. Гэвч энэ албан тушаалд хэд хэдэн өрсөлдөгч байгаа юм. Үүнд:

  • Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон
  • ЭМЯ-нд газрын даргаар ажиллаж байсан С.Төгсдэлгэр
  • УИХ-ын гишүүн П.Анужин
  • ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар яригдаж байна.

Харин Шадар сайдын албан тушаалд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өрсөлдөж буй аж. 

Үндсэн хуульд зааснаар эрх баригч намын удирдлага Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид танилцуулна. Өнөөдрийн /2021.01.22/ 15.30 цагийн байдлаар МАН-ын удирдлага Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид танилцуулаагүй  байна.

Ерөнхийлөгч саналтай танилцсаны дараа Ерөнхий сайдыг томилох тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барина. Тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, санал дүгнэлтээ УИХ-д танилцуулна. Ерөнхий сайдыг томилох тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч танилцуулах юм. 

Ерөнхий сайд томилогдсоноор Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж болно. Гэхдээ шинэ Засгийн газар яамдын тоонд өөрчлөлт оруулахгүй өмнөх Засгийн бодлого, үйл ажиллагааг хэвээр үргэлжлүүлэхээр болсныг МАН-ын Удирдах зөвлөлийн хэд хэдэн гишүүн хэвлэлийнхэнд мэдээлсэн билээ.

Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд танхимын гишүүдээ бүрдүүлж, Ерөнхийлөгч болон Улсын Их Хуралд танилцуулна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж болно. Сайдыг томилох, эсэх санал хураалт явуулахгүй. Ерөнхий сайд захирамж гарган, сайд нараа батламжилна. Үүний дараа сайд нар УИХ-ын чуулганд Засгийн газрын гишүүний тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжих Үндсэн хуулийн зохицуулалттай. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-01-22 11:36

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?