С.ГАНБААТАР:ЗАЛУУ ГИШҮҮДИЙГ БАНКНЫ МАФИУД ХАРЛУУЛАН ДАЙРЧ ЗОРИГИЙГ НЬ МОХООХ ГЭЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-01-21 11:03

Сэтгүүлчийн үг

 Хэвлэлийн хуудсууд хийгээд цахим орчимд сүүлийн үед хооронд нь холбосон гурван гишүүний талаар ихэд “жиргэх” болжээ.

Хөөрхий, хэдхэн сарын өмнө хамт нэг ширээнд суугаад гарыг нь атгаж адис нь авах нь холгүй сууж явсан дух хочтой хүүхэн ч өнөө хэдийнхээ урд хойдохыг нь ухчихсан, бүр хурал хүртэл зарлаад ихэд “уурлачихсан” сууж байх юм. Цэцэг их ууртай байна. Онцгой комиссыг огцор гэсэн пайз барьж, зургаа нийтлүүлсэн хэрнээ ихэд яарсан хурал зарлан хийхдээ хүн хоорондын зайгаа ч барилгүй, маск аа ч зөв зүүх сөхөөгүй, уурласан бүсгүй хүн бэлтгэж цээжилсэн үгээ урд хойно нь оруулан сандарч түгдчин орилох нь даанч өрөвдмөөр байлаа.

Түүний гол яриа нь яагаад ч юм амаржсан бүсгүйг хайхрамжгүй тээвэрлэсэн уучилж болшгүй алдааны талаар биш, ард түмэнд очих өгөөжийг арван хэдэн үеэрээ идээд уучихсан, энд тэнд хадгалуулчихсан /офшор гэдэг байх аа/ нөхдийн талаар биш, товчоон дээр амиа алдсан иргэний эмгэнэлт явдлын талаар биш, ерөөсөө юуны талаар ч биш, гагцхүү ярих гэж нилээд бэлтгэсэн “элдэвтэй” гурван гишүүний талаар өгүүлж байхыг сонслоо.         

Яг үнэндээ “элдэвтэй гурван гишүүн”-ийх нь талаар би сайн мэдэхгүй ээ. Гэхдээ кембриджийн хөтөлбөрийг 10 жилийн сургуулиудад нэвтрүүлэх гэж Учрал гишүүнтэй хамтарч ажиллаж байсныг нь мэдэх юм. Хамтарч нийлээд Банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсныг нь бас сонссон.

Өөрсдөд дээрээ “гал” авч бусдыг суудлаасаа огцом босч сандартал, “оддын өвчин” тусчихсан олиггүй хэдэн нөхдөд төлбөртэй “лайв” захиалтал нь айлгаж цочоосон 3 гишүүний нэгдсэн, санал боловсруулсан хуулийн төслийг нь та харсан уу.

“Улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд банкны хувьцаа эзэмшигч байж болохгүй”, “Хуулийн этгээд аливаа банкны хувьцааны 20 хувиас дээшгүй хувийг эзэмшиж болно”, “Хэрэв заасан хугацаанд тухайн банкинд хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй хувь хэмжээ 20 хувиас хэтэрсэн бол Монголбанкнаас бүрэн эрхэт төлөөлөгч томилж тухайн хувьцаа эзэмшигчийн эрхийг түдгэлзүүлэх, цаашилбал уг хувьцааг банкны өөрийн хөрөнгөөс нь хасах хүртэл хатуу арга хэмжээ авах” гэх мэтчилэн өнөөгийн хүчин төгөлдөр хуулинд нь албаар орхигдсон байж болох нөлөө бүхий заалтуудтай шинэчилсэн найруулгын төслийг эдгээр гурван гишүүн бусад нөхдийн хамт өргөн барьжээ. Тэгээд л эхнээсээ онилуулж эхэлж.

Үйл хэргийг нь өмөөрч дуугарах эрх нь надад бий. Учир нь би бас тэр гурван гишүүн шиг зээлтэй. Гэхдээ орон сууцны зээлд сар бүр арай гэж төлдөг 1,300,000 төгрөгийн зээлийн дөнгөж 20,000 төгрөг нь үндсэн зээлээс хасагддаг “аймаар” хүүтэй зээлтэй иргэн. Би 20 жил ийм байдлаар төлөх хатуу гэрээтэй.

Шатрын хүү аажим аажмаар түлхэгдсээр ноён болдог, тэгээд МАД тавьдаг даа. Гурван гишүүн зорьсоноороо зүтгэж чадвал миний ирээдүй, миний үрсэд хэрэгтэй.

Хүү, охины чинь идэх талх, өмсөх хувцсанд илүүчлэх боломжийн талаар тэд түрүүлж дуугарсандаа чичлүүлж байна.

Цэцэг мэт хүмүүс зөв чимээ түгээ, цаана чинь хүмүүс ажил хийж байна.

Иргэн миний зээлийн хүү буугаасай. Бас энэ цар тахал ч гэсэн бушуу намдаасай. Бусдын үгээр хоолны саваа дүүргэдэг “хорчин” хүүхэн, залуучууд үүд хавьцаа даруу сууж, үгийн цөөнийг хэлж байгаасай. Өөрөөсөө өөр бусдад хор бүү хүргэг. Цэр нь цээжиндээ байг...    

Тэгэхдээ адлуулж байгаа манай 3 гишүүний шинэ “гуншин” их гоё оо. Гурвын тоотой. Гурван тэр, гурван муу, гурван ... гээд л чичлүүлнэ.

Үнэндээ бол оддын дор, орчлын гүнд гал түлж, унд чанахад чухамдаа тулгын гурван чулуу хэрэгтэй. Хүчтэй бай....  



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-01-21 11:03

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?