ДАРАНГУЙЛАГЧИЙГ ТӨРҮҮЛЭХГҮЙ ГЭЖ ҮНДСЭН ХУУЛЬДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН ГЭВ ҮҮ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-12-17 05:30

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжөөр тоолохоос гадна 100 хувь гараар тоолох санал төсөлд тусгагдсан. Мөн саналаа өгсөн сонгогчдод гар дээр нь бэхэн тэмдэглэгээг давхар хийхээр болжээ.

-УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Өмнөх сонгуулийн тухай хуулиудаас ухуулагчийн тоо нэмэгдэж байгаа юм байна. Гэтэл энэ заалтаар ухуулагч нэрээр мөнгө тараалт хийх боломжийг нэр дэвшигчдэд олгодог. Энэ заалтыг яаж өөрчилж байгаа вэ. Ер нь сонгуулиар  хөрөнгө их зардаг байдлыг зогсоох хэрэгтэй. Ухуулагчдын зардлыг бууруулах нь зөв гэж үзэж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд олны танил хүмүүс нэр дэвшдэг учраас ухуулагчдын тоо олон байх шаардлагагүй.

-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд 200 сонгогч тутамд нэг ухуулагч гэсэн заалт орсон. Энэ заалт сонгуулийн зардлыг хамгийн их өсгөж байгаа. Үүнээс татгалзана гэсэн боловч АН-ын бүлгээс энэ саналыг оруулж ирсэн.

-УИХ-ын гишүүн Т.Доржханд:  

-Нэр дэвшигч сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын газарт өгдөг. Хэрвээ зөрчвөл дараагийн сонгуульд орох боломжгүй болох. Энэ бол олон улсын сайн туршлага юм байна лээ. Энэ заалтыг яагаад хассан юм бэ. Сонгуулийг хамгийн их зардалтай болгодог зүйл ухуулагч нар. Ерөнхийлөгчийн сонгуулиар мэдээллийн технологийг ашиглая. Бид туршаад үзэх боломж байна. Блокчэйнийг ашиглая. Ямар ч зардалгүйгээр санал өгөх боломж байна.  Шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэж заасан. Одоогийн Ерөнхийлөгч, өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэж ойлгоод байгаа. Үүнийгээ хуульдаа тодруулж өгөөч ээ. Маш ойлгомжтой Үндсэн хуулийн заалт оруулчхаад яагаад үүнийгээ тойроод байгаа юм бэ. Одоогийн Ерөнхийлөгч дөрвөн жил ажиллачхаад дахиж сонгогдож 10 жил энэ төрийг удирдах гээд байгаа юм уу. Бид нар ямар ийм удирдагчтай болох нийгмийг байгуулж байгаа юм уу. Өмнөх Ерөнхийлөгч найман жил ажилласан. Нэмэх нь зургаан жил гээд 14 жил энэ төрийг удирдах юм уу. Энэ боломжуудыг хааж өгөх ёстой биз дээ. Дарангуйлагчийг төрүүлэхгүй гээд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан биз дээ. Үүнийгээ яагаад тодруулж өгөхгүй байгаа юм бэ.

-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Сонгуулийн тайлангийн зардал гэдэг 52 дугаар зүйлийг тэр чигт нь хасаагүй байгаа. Сонгууль их зардалтай болж байгаад тантай санал нэг байгаа. Энэ ганцхан Сонгуулийн тухай хуулиар зохицуулагдахгүй юм байна лээ. Хэд хэдэн хуулиар зохицуулах юм байна. Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлнэ, дэвшүүлэхгүй гэсэн асуудал байна. Үндсэн хуулиараа нэр дэвшүүлэхгүй гэчхээд Сонгуулийнхаа хуулиар нээгээд өгчихлөө гэсэн асуудал яриад байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар Үндсэн хуулийг тайлбарлаж болохгүй.

-УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд: 

 -Тайлангаа өгөөгүй бол дараагийн сонгуульд оролцуулахгүй гэдэг заалт хасагдаагүй. Хуулийн төсөлд хэвээр байгаа.

Үүгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталж, чуулганы хуралдаан түр завсарлала



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-12-17 05:30

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?