Б.МӨНХБААТАР:ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ЗОРИУЛСАН БАЙРЫГ ОРОН НУТАГТ БАРИНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-11-02 03:03

Сэтгүүлчийн үг

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараас  зарим зүйлийг тодрууллаа.

-150 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж хэр байна вэ. Эдийн засаг хүнд үед томоохон бүтээн байгуулалт хийх нь бүтэшгүй мөрөөдөл гэж гоочлогсод цөөнгүй байна л даа?

 -150 мянган айлын орон сууцны хөтөлбөр зургаан янзаар хэрэгжинэ. Арилжааны банкууд, Монголбанк хамтраад ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгосон. Хамгийн сүүлийн  мэдээллээр 38 хүнд 2.5 тэрбум төгрөгийн зээлийг зургаан хувийн хүүтэй олгосон байна. Ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа олон өрх айл байгаа учраас  аймгийн төвүүдийг хэрхэн орон сууцжуулж болох вэ гэдэг схемийг хийсэн. Аймгийн төвүүдийн 60-аад хувь нь инженерийн шугам сүлжээгүй байна. 150 мянган айлын орон сууц баригдахаас 20 орчим мянга нь түрээсийн орон сууц байна.

-Ипотекийн зээлийг зургаан хувь болгоход урьдчилгааг бууруулах боломжтой. Байранд орохыг хүсдэг хүмүүсийн хувьд босго өндөр байна гэх юм билээ?

-Зургаан хувийн зээлд хамрагдах хүмүүст найман хувь авдаг байсан шиг л шалгуурыг тавина. Гэхдээ найман хувь авахад гэр бүлийн орлого 1.5 саяас дээш байх ёстой гэдэг байсан бол зургаан хувийн зээлд хамрагдах болсноор гэр бүлийн орлого нэг сая болж байгаа. Урьдчилгааг бууруулах тал дээр цаашдаа анхаарч ажиллана.

-Барилгын үнэ зах зээлд маш өндөр байна. Зорилтод бүлэгт зориулсан орон сууц барих уу?

-Ипотекийн зээлээр баригдаж байгаа орон сууцнуудын 80 хувь нь Улаанбаатар хотод баригдаж байгаа. Ипотекийн зээл авах боломжтой нь 50-60 сая төгрөгийн үнэтэй байрнууд. Нөгөөтэйгүүр зээлийн хүүг зургаан хувь болгоно гэдэг бол барилгын салбарыг дэмжиж байгаа нэг хэлбэр. Түүнээс гадна Улаанбаатарт хэт төвлөрөл байгаа учраас аймгийн төвүүдэд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр танилцуулсан.

-2021 оны төсөвт ипотекийн зээлийг санхүүжүүлэх мөнгө тусгаагүй. Цаашид санхүүжүүлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Төсөвт мөнгө байхгүй учраас тавьж чадаагүй. Гэхдээ ипотекийн зээлийн санд хуримтлагдах 300 тэрбум төгрөгийн л эх үүсвэр байгаа. Энэ мөнгөнийхөө хэмжээнд зээлээ олгоно гэж ойлгож болно.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-11-02 03:03

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?