МОНГОЛ ХУРГАНЫ МАХ ДЭЛХИЙН БРЭНД БОЛНО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-11-02 02:41

Сэтгүүлчийн үг

Манай улсад хурганы махны брэнд нэвтрүүлж байна. Үүнийг хэрэгжүүлэх "Mongolian Lamb" төслийн нээлт өнөөдөр нийслэлийн "Саруул" худалдааны төвд боллоо. 

Төслийг "Чинээлэг малчин бойжуулах төв" ТББ-аас хэрэгжүүлж буй "Чинээлэг малчин" хөтөлбөрийн хүрээнд "Мон Эколэмб" ХХК-тай хамтран эхлүүлж байна. Энэ талаар "Чинээлэг малчин бойжуулах төв" ТББ-ын тэргүүн Л.Одсэрээс тодруулав. 

-Төслийн гол зорилго гадаад зах зээлийн шаардлага хангасан, бага малын махыг боловсруулж брэнд болгон экспортлох гэж ойлгож байлаа. Гэтэл танай төсөл олон давхар үйл ажиллагааг хамарч байна. Үүнийгээ тодруулна уу? 

-Тийм ээ, экспортоос гадна малчид малаа эргэлтэд оруулах явдал хамгийн гол нь юм. Хэдийгээр дэлхий нийтэд төлөг, хурганы эрүүл, зөөлөн брэнд болсон махыг голлон хэрэглэдэг ч ийм махыг бид дотооддоо бэлтгэхээс гадна, монголчууд бид яагаад өөрсдөө брэнд бий болгож, эрүүл хүнсээ хэрэглэж болохгүй гэж. 

Эрүүл гэдэг нь хурганы мах ямар нэг бордоо, химийн эм тариа хэрэглээгүй, дөнгөж бэлчээртээ гарсан цэвэр мах юм. Манай малчид малаа заавал том мал болгох гэж 3-4 жилийн хөдөлмөрөө зарцуулж, цаг хугацаагаа алдаж, бэлчээрийн даацаа хэтрүүлж байх юм. Энэ хооронд бага малын махаа эрт боловсруулж зах зээлд гаргах боломж байна. 

Энэ үүднээс хурганы махыг дотоодын хэрэгцээнд нийлүүлэхээс гадна гадаадад гаргах юм гэдгийг манай төсөл нэг талаар харуулахыг зорьж байна. Энэ нь түрүү хэлснээр малын тоо толгой их өсөж буй энэ үед малаа эдийн засгийн эргэлтэд оруулах нэг гарц болох юм. Дахин хэлэхэд, бэлчээрээ хамгаалж, малчид эдийн засгийн эргэлтэд орсноор тэд мөн ядуурлаас гаргах гэсэн эцсийн зорилготой бид ажиллаж байна. 

-Төсөлд одоо нийт хэдэн аймгийн хэчнээн малчин хамрагдаад байна вэ?

-Манай хөтөлбөрийн хүрээнд энэ үйл ажиллагааг ойлгож хүлээн аваад сайн дураар оролцож буй малчид олон бий. 21 аймаг бүгд хамрагдаж байна. Гол нь заавал том мал гэхгүйгээр, бага малын махаа эргэлтэд оруулж болно гэсэн сэтгэлгээ, хандлагыг бий болгож, ийм бэлтгэлийн загварыг Монголд нэвтрүүлэх зорилготой юм. Бид инкубатор хэлбэрээр ажиллаж байна. 

-"Мон Эколамб" ХХК-тай хэрхэн, яаж холбогдон хамтран ажиллаж байна вэ?

-Хувийн хэвшлийн энэ компани манай саналыг хүлээн авч, шинээр байгуулагдан бизнесийн үүднээс хамтарч ажиллаж байна. Ер нь бидний ажлыг компаниуд шүүрч аваад хийчихгүй байна. Яагаад гэвэл, манай монголчуудын бага малын махыг хэрэглэдэггүй уламжлал, ёс заншлаа дагаад тэр бүр хүлээн авахад хүнд байх шиг байгаа юм. Гэхдээ бид энэ сөрөг сэтгэлзүйн хандлагаа өөрчилж байж л өнөөдөр тулгарч буй олон зүйлийг шийдэж, ард нь гарна шүү дээ. Үүнийг ойлгон нэг үйл ажиллагаанд зориглон орсонд "Мон Эколамб" компанийнханд талархаж байгаа. 

-"Чинээлэг малчин" хөтөлбөрийн үйл ажиллагааг цааш яаж өргөжүүлэх вэ?

-Арьс шир боловсруулах төвийг нээнэ. Албан ёсны зөвшөөрөл нь гарч байгаа. Малчид хурганы махаа бэлтгэх сургалт явуулна. Цөлжилт их байгаа говийн аймгуудад нөөц бэлчээр гаргах, таримал ургамал тарьж бэлчээрээ сайжруулах тал дээр малчидтай хамтран ажиллахаар төлөвлөж байна гэв. 

Тэрээр цааш нь хэлэхдээ, "Чинээлэг малчин" хөтөлбөр нь бэлчээрийн даац хэтэрсэн, малчид ядуурлын бүлэгт багтаж буй, хөдөө орон нутгаас төв рүү чиглэсэн их нүүдэл шилжилт, хүн амыг эрүүл хүнсээр хангах зэрэг өнөөдөр манай улсын МАА-н салбарт тулгарч буй, шийдэж чадахгүй байгаа олон зүйлийн зангилгааг тайлна" гэдгийг илэрхийлж байв. "Монголын 230 малчин өрх бүгд үйлдвэрлэгчид юм. Малыг чанаржуулж, эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэднийг чинээлэг дундаж давхаргад оруулж, цаашлаад тэрбумтнууд болгох ийм уриа, зорилгоор ажлаа эхлүүлж байна" гэв. 

Төслийн нээлтэд  Монголын махны холбооны тэргүүн Б.Пүрэвдорж оролцож хэлэхдээ, "Малчид, МАА-н мэргэжилтнүүдтэй хамтран хувийн хэвшил санаачлан хурганы махны брэндийг эх орондоо хөгжүүлж нэвтрүүлэх нь бэлчээрээ хамгаалж буй, малынхаа үүлдэр угсааг сайжруулж, чанаржуулж буй явдал хэмээн харж хүлээн авч байгаа. Ингэснээр малчдын амьдрал сайжрах, монголчууд эрүүл, аюулгүй, дээд зэргийн чанартай хүнс хэрэглэх, хүнсний шинэ соёл, хэрэглээг нэвтрүүлж буй зэрэг олон давуу тал, ач холбогдолтой"-г тэрээр онцолж байв.

Мөн нээлтэд Говьсүмбэр аймгийн малчин М.Мөнхзаяа оролцож үг хэлэхдээ, "Малчид бид энэ мөчийг хүлээж байсан. Бизнесийн эргэлтийн үе бидэнд ирж байна. Бид хурганы махаа борлуулахын сацуу монгол мах маань дэлхийн зах зээлд гарах гэж буйд их баяртай байна. Бэлчээрийнхээ даац хэтэрсэн энэ үед малаа чанаржуулж, тоо толгой нь багасгах боломж ирж байна" гэв. 

Төсөл анх яаж эхэлж, хэрхэн холбогдсон талаар түүнээс тодруулахад, "Чинээлэг малчин" хөтөлбөр анх манай аймгаас эхэлж, одоо Ховд, Хөвсгөл, Баян-Өлгий, Архангай, Дундговь (тус аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо сум) гээд баруун болон төвийн аймгуудад хэрэгжиж байна. Сая Дорнод аймгаас хүртэл туршлага судалъя гээд ирж байна. Энэ нь гол нь малчин бидний хувьд бэлчээрийн даацаа багасгах, малаа чанаржуулж, эргэлтэд оруулах ашигтай хөтөлбөр байгаа юм.

Анх хөтөлбөр манай аймагт 2019 оноос хэрэгжин эхэлж байхад 5-6 айл өрх хамрагдаж байсан. Бид ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн мэргэжилтнүүдийн гаргаж авсан хорголжин тэжээл хэрэглэж байгаа. Мөн хургаа эрт, 3 дугаар сараас эхлэн төллүүлж бойжуулж байна.

Гол зорилгоо бид анхнаас нь мэдэж байсан. Бид өмнө нь төл малаа эр хонь болтол 2-3 жил маллаж байсан бол одоо хургаа сайн бойжуулсан бол том малаас дутахгүй ашиг шимийг нь хүртэж байна. Ноднин манай нэг хурга 100 мянган төгрөг хүрч байсан" гэв. 

Төслийн нээлтэд ресторан, зоогийн газар, үйлчилгээний газруудын төлөөлөгч нар, Говьсүмбэр, Дундговь аймгийн малчид, нийслэлийн үйлчлүүлэгч, хэрэглэгч иргэд, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-11-02 02:41

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?