Ц.ЭЛБЭГДОРЖ:АРДЧИЛЛЫН ҮНЭ ЦЭН УНАНА ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-10-23 01:37

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн. Түүнээс цөөн асууултанд хариулт авлаа.

-Таныг ирэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд намынхаа гишүүнчлэлийг сэргээж байгаа гэх мэдээлэл байна?

-Намынхаа гишүүнчлэлийг ямар нэг бодлоор сэргээсэн юм байхгүй. Хэдийгээр би намын гишүүнчлэлгүй олон лусын хурал зөвлөгөөнд оролцоод л явна гэж бодож байсан ч  шаардлага байна. АН-аа орчин үеийн нөхцөл байдалтай хөл нийлүүлж, өөрчилж шинэчлэхэд нь оролцохын тулд би гишүүнчлэлээ сэргээхээр шийдсэн. Ардчилсан нам хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлээ сэргээж, үүсэж бий болсон буйран дээрээ баттай зогсох ёстой. Иргэдийн зүгээс ч энэ шинэчлэлд оролцооч гэх санал их ирдэг. Бусад шинэ намуудаас ч манайд намд ирж ажиллаач гэх санал ирдэг. Гэхдээ эхнээс нь оролцоод явсан энэ нам, намынхаа үзэл санааг шинэчлэхийн төлөө ажиллах нь зүйтэй.  

-АН сөрөг хүчнийхээ үүргийг тааруу биелүүлж байна гэх шүүмжлэл их. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ. АН уналтанд орсон уу?

-Шүүмжлүүлэх олон шалтгаан байгаа. Гэхдээ АН өөрийнхөө байр суурин дээр л очих ёстой. АН, эрх чөлөөг,  баялаг бүтээгчдээ дээдэлдэг нам. Төрийн авлига, данхайсан төр, төрийн зардлыг бага болгох гэхчлэн эрх чөлөөний үзэл санаатай... АН үзэл санааны жанжин чиг шугман дээрээ бат зогсож чадвал  хүмүүсийн дэмжлэгийг авч чадна.

-Намын дарга муу байснаас намын нэр шалан дээр уналаа гэх шүүмжлэлтэй санал нийлэх үү?

-Энэ бол хувь хүний л асуудал. Тодорхой албан тушаалтан, хүний нэр зааж, улс төрийн ашиг хонжоо харах шаардлага, сонголт надад үнэндээ байхгүй. Надад энгийн иргэн байгаа нь хамгийн сайхан. Монгол Улсын иргэн байх хамгийн өндөр албан тушаал. Нөгөөтэйгүүр би цэргийн хүн. Үүгээрээ бахархаж баярладаг. Тэр ч утгаараа эх орон хэрэгтэй гэж дуудсан цагт бүгдээрээ л босоод зогсох үүрэгтэй л гэж боддог хүн.

-Тэгвэл та ардчиллын үнэ  цэн уначихаад байна гэдэгтэй санал нийлэх үү?

-Ардчиллын үнэ цэн унана гэж байхгүй л дээ. Тодорхой субьектид л хамаатай байх. Ер нь Монгол тусгаар бие даа сайн байя,  монголчууд нь эрх чөлөөтэй байя гэвэл бид улам л ардчилсан байх ёстой. Ардчиллынхаа үнэт зүйлсийг өөд нь татах ёстой. Нөгөөтэйгүүр зөвхөн Монголд л улс төрийн намууд задраад байгаа юм биш. Дэлхий нийтэд адилхан байна. Улс төр нь шүүмжлэлгүй улс орон хаа ч байхгүй.  Хүн бүхэн утастай, цахим ертөнц хөгжсөн энэ үед улс төрийг яаж хийх вэ гэдэг  хуралд хүртэл илтгэгчээр орлоо. Тэнд яригдаж буйг харж, оролцож яваагийн хувьд энэ бүхнийг Монголд хийх хэрэгтэй юм байна гэх бодол төрдөг. Өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой гэж хардаг. Үнэхээр намаа шинэчлэх хэрэгтэй байна, таны санал бодлыг сонсоё гэвэл би яваад л очино. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн 30 жил улс төрд байлаа. Шинэ улсууд шинэ санаа авч байдаг. Гэхдээ хуучин, шавар туулаад, гол гаталсан улс хэцүүг нь мэддэг учраас илүү туршлагжсан байдаг. Миний бодлоор  улс төрийн намуудын хуулийг бүтнээр шинэчлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч байхдаа өргөн барьсан ч УИХ хүлээж аваагүй. Ний нуугүй хэлэхэд ардчилсан бай үгүй ч бай, Монголын улс төрийн намуудын  байж байгаа байдал буруу байгаа. Бүгдээрээ хуучин зөвлөлт маягийн, тэрэндээ дасчихсан, тийм байдаг юм шиг ойлгоод байгаа юм. Бүрэн буруу замаар орчихсон. Үүнийг улс төрийн намын хуулийг шинэчилж байж л залруулна. Тэгээд улс төрийн намууд нь шинэчилсэн хуулийнхаа дагуу дахин зохион байгуулалтанд орох ёстой. Хууль нь шинэчлэгдээгүй байхад улс төрийн намууд шинэчлэгдэнэ гэж байхгүй. Хууль нь шинэчлэгдээгүй байхад намын дүрэм журмыг шинэчлээд яах юм бэ. Тиймээс улс төрийн намтай гэхээсээ илүүтэй энэ чигийн санаа бодолтой гишүүдтэй уулзаж ярилцаж, хуучин барьж байсан төслөө улам сайжруулах чиглэлд анхааръя гэж бодож байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-10-23 01:37

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?