ҮҮРГЭЭ УХАМСАРЛАДАГГҮЙ "ҮҮРЭГТНҮҮД" БА МОНГОЛЧУУД

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-10-16 03:00

Сэтгүүлчийн үг

Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэхэд гомдол, мэдээлэл хамгийн чухал. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид ихэнх  тохиолдолд  хүчирхийлэл үйлдэгчээс шууд хараат байдаг тул хуулийн байгууллагад хандаж чаддаггүй, айдастай байдаг. Иймд дээрх асуудлаар хохирогч өөрөө гомдол гаргахаас гадна хуулиар зарим субьектүүдэд мэдээлэх үүргийг хүлээлгэсэн байдаг. Тухайлбал, цэцэрлэг болон сургуулийн багш, эмнэлгийн мэргэжилтэн нь албан  үүргээ  биелүүлж  байх  үедээ    хүчирхийлэл  үйлдэгдсэн  болон үйлдэгдэж болзошгүй талаар мэдсэн бол заавал мэдээлэх үүрэгтэй. Мэдээллийг цагдаагийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх үүрэгтэй. Харин гомдол, мэдээллийг утас, ам, факс, бичиг, шуудангаар гаргаж болно. Хэрвээ үүргээ биелүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ. Гэвч үл анзааран хохирогчийг амь насаа алдах хэмжээнд хүртэл нь явуулдаг нь нууц биш. Хүчирхийллийг мэдсээр байж мэдээлэх үүргээ биелүүлээгүй хэмээн хариуцлага хүлээсэн хүн өнөөдөртөө алга л байна.  Нөгөөтэйгүүр, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр байгуулсан хохирогчдод үйлчилгээ үзүүлэх 15 нэг цэгийн үйлчилгээний төвөөс гадна дэмжлэг үзүүлэн хамгаалах хоёр байр тогтмол үйл ажиллагаа явуулдаг ч хүрэлцээ нь хаанаа ч хүрдэггүй.

Түүнээс гадна гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн олонх нь буюу эмэгтэйчүүд эдийн засгийн хараат байдалд байдгаас хүчирхийллийн тухай бусдад мэдэгддэггүй бол нийт хүчирхийлүүлэгчдийн багагүй хувь нь амьжиргааны дундаж түвшинд аж төрдөг.  Өөрөөр хэлбэл амьдралын доод түвшинд  хамрагсад хүчирхийллийн талаар эрээлхэх зүйлгүй бусдад ярьж, ойр дотныхноосоо тусламж гуйдаг бол дундаж давхаргынхан ичиж нэрэлхээд их олон жил нуусан болохоо эцсийн мөчид хүлээдэг аж. Эцэст нь тэмдэглэхэд, гурван  парламентад дамжсан ч батлагдалгүй өнөөг хүрсэн Гэр бүлийн тухай хуулийг нэн түргэн батал, өнөөгийн УИХ. Бас хэрэгжүүл, хэрэгжилтэнд нь хяналт тавь...



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-10-16 03:00

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?