Б.БАЛДУЛМАА:БАГАХАН МЭДДЭГ ХҮНИЙ МЭДДЭГ ЮМ НЬ ИХ САНАГДДАГ

Сэтгүүлчийн үг

Багшийн сургуультай 1974 онд хувь заяагаа холбосон МУБИС-ийн Багшийн сургуулийн багш, доктор профессор Балдулмаа багш эдүгээ Боловсролын салбарт ажилласны 51 дэх намартайгаа золгож байна. Түүний аав гавьяат багш Балжир гуай ч тус сургуульд орон зай, тод мөрөө үлдээсэн алдартны нэг байлаа. Энэ сайхан эрдэм гэгээрлийн  зам, үргэлж сургууль багш, шавиа гэсэн гэгээн бодол нь  Балдулмаа багшид анхны доктор, дэд профессор, профессор гэсэн олон олон анхдагч тодотголыг харамгүй хайрлажээ. Нөгөө талаас эзэмшсэн мэргэжлээрээ амжилт олж, олон сайхан шавь нарынхаа дунд бужигнан шуугиж яваа тэрбээр багш хүний ёс зүй, хандлага харилцаа гээд олон талаар үлгэрлэгч нэгэн юм.

-Таны Боловсролын салбарт ажилласан он жилүүд үргэлж амжилт дагуулж, сайхан бүхэн гэрэлтэж иржээ?

-Миний бие Би МУБИС-ийг Багшийн дээд  сургууль гэж байхад нь төгсөөд ажлын анхны гараагаа 39 дүгээр сургуулиас эхлээд дараа нь 6 дугаар сургуульд очсон. Харин  Багшийн сургуульдаа 1974 онд ирээд тэр цагаасаа хойш сургуульдаа зүрх сэтгэлийн дуудлагаар ажиллаж  байна. Энэ жил миний 50 дахь хичээлийн жилийн намар.Аав маань Балжир гэж гавьяат багш энэ сургуулийн багш байсан. Аавтайгаа 1974 оноос 1980 он хүртэл хамт ажиллаж, аавынхаа математикийн багш мэргэжлийг сонгож авсан. Энэ үүх, түүхтэй сургуулийн босгыг алхахад олон гавьяат багш тосч авсан. Хөгжим соёл, номын сангийн ангитай,  намайг математикийн багш мөртөл соёлын ангийг даалгаж өгсөн. Энэ ангиас Ё.Сүхбаатар, Чулуун нарын хөгжмийн зохиолчид төрсөн. Үүнээс гадна өөр ангиудад хичээл ордог байхад УГЗ хөгжмийн зохиолч Бямбабаяр,Байзда нарын авьяаслаг хүүхдүүдэд мөн хичээл ордог  байлаа. Бас олон багш нарт хичээл заасан. Төгсгөж гаргасан шавь нар маань бараг 14000 болж байгаа. Магистр, доктор хамгаалуулсан. 1998 онд “Цэцэрлэг болон ЕБС-ийн математик сургалтанд монгол ардын уламжлалт тоглоом ба бодлогыг хэрэглэх нь” сэдвээр докторын зэрэг хамгаалж байлаа. Дараа нь 2000 онд ахлах багш, дэд профессор, 2006 онд профессор цол авсан. Аав  маань ажиллаж байсан болоод тэр үү сургууль маань нэг л сэтгэлд дотно, миний хоёр дахь гэр шиг санагддаг. Эргээд бодоход дандаа л анхны анхны гэсэн тодотголуудыг надад бэлэглэж байж ээ. Одоог хүртэл энэ сургуульд хамт ажиллаж байгаа багш нараас хамгийн анхны Доктор, анхны ахлах,  , дэд профессор, профессор болоод дараа нь Шинжлэх ухааны тэргүүний ажилтан болсон. Тэгээд араас маань олон доктор шинжлэх ухааны тэргүүний ажилтан, дэд профессорууд төрсөн. Үүнээс гадна“Боловсролын тэргүүний ажилтан”, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор энгэрээ мялаасан. Ингэж улс эрх орон маань ажил үйлсийг минь үнэлж, хишгээ хүртээсэнд баяртай явдаг. 

-Таны багаасаа багш болж тоглодог байсан нь эдүгээ дуртай мэргэжлээ сонгоод амжилтанд хүрч байгаа гэж бодож байна?

-Тийм ээ, би багшийн мэргэжлийг багаасаа сонирхож, сонгосон. Энэ сургуульдаа би 45, боловсролын байгууллагад нийтдээ 50 дахь жилдээ ажиллаж байна.Тиймээс энэхүү байдлыг маань онцгойлон авч үзээд хичээлийн жилийн нээлтэн дээр үг хэлүүлсэн.

-Та одоо ямар хичээл зааж байна вэ?

-Би математикийн хичээл заахын зэрэгцээ, Ёс зүйн хичээл зааж байгаа. Багш хүн бол ёс зүйг өндөр  хэмжээнд эрхэмлэсэн байх ёстой. Хувь хүний ёс зүй, мэргэжлийн ёс зүй, албан байгууллагын ёс зүй гээд тодорхой заачихсан байгаа. Манай боловсролын сайд ёс зүйн боловсролыг 10-н жилийн сургуулиас нь чанартай олгох хэрэгтэй гэж хэлж байсан. Энэ бол зөв. Тийм учраас манай сургуулиас бэлтгэгдэн гарч байгаа багш нар хүүхдүүдийг багаас нь ёс зүйтэй болгож хөгжүүлэхийн тулд өөрсдөө ёс зүйтэй байх ёстой. Багш хүн үглэж сургахаас, үлгэрлэж сурга гэсэн үг байдаг. Ёс зүй, харилцааны соёл, мэдлэг боловсролыг эндээс сайтар олж авах юм бол цаашдаа манай хойч ирээдүй ийм л замаар хүмүүжинэ. Байшингаар зүйрлэвэл манай сургууль хундаам нь  гэсэн үг. Тэгэхээр байшингийн суурь хичнээн бат бэх байнав, тэр байшин удаан хугацаанд сүндэрлэнэ. Тийм учраас оюутнууддаа та нар суурийг нь тавих учраас хичээл номондоо шамдаж, хичээл номоосоо хоцрохгүй, өөрсдийгөө боловсруулах хэрэгтэй гэж хэлдэг. Орчин үеийн багш нар доод тал нь 2-оос доошгүй гадаад хэлтэй, мэдээлэл харилцааны технологийг эзэмшсэн, соошиал ертөнцөөр чөлөөтэй харилцаж чаддаг байх ёстой. Тиймийн тулд өөрсдийгөө байнга хөгжүүлж байх хэрэгтэй. Хүн хөгжиж байж, улс орон хөгжинө. Хүний хөгжлөөс улс орны хөгжил харагдана. Тиймээс бидний хөгжүүлж хүмүүжүүлж гаргаж байгаа оюутнууд цаашдаа ирээдүйн Ерөнхийлөгч, Улс төрч, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар,Төрийн соёрхолт хүмүүст хичээл заагаад сууж байгаа шүү гэж хэлдэг. Цаашдаа миний багш тийм хүн байсан шүү гэж дурсч байхаар зөв боловсон хүмүүжүүлж, тархинд нь их эрдэм түгээгээрэй гэж захидаг. Хичээл номондоо шамдан суралцаж байгаа олон оюутан бий. Тухайлбал, ярилцлага өгсний дараа шав нар маань баяр хүргэсэн байна лээ. Би ч бас оюутнуудаараа бахархдаг. Цэцгээр зүйрлэх юм бол оюутан сурагчдаараа услуулж байдаг. Сургууль дээр ирэхэд миний баяр баясгалан хамаг хүсэл минь биелж байдаг. Заах хичээлээ ч бодож ирдэг. Тийм учраас надад ажил маань хөнгөхөн  санагддаг. Манай сургууль сайхан хамт олон. Манай сургуулиас Төр нийгмийн зүтгэлтэн, нэр алдартай хүмүүс төрдөг. Хэд хоногийн өмнө Б.Шарав агсан,Н.Жанцанноров нарын хоёр Хөдөлмөрийн баатар төрөх жишээтэй. Энэ сургуульд хэр баргийн хүн суралцахгүй, хэр баргийн хүн багшлахгүй, босго өндөртэй  гэж хэлдэг. Мөдхөн сургуулийн маань 100 жилийн ой болно. Аав маань Боловсролын байгууллагад 50 жил, би 50 дахь жилдээ багшилж байгаа болохоор 100 жилийн ойдоо түүхэн оролцоотой гэж бодож байна. Ийм сайхан сургуульд ажиллаж байгаагаараа, эрдэмтэн багш нараараа, эрдмийн зэрэг цол удирдаж хамгаалуулсан багш нараараа, тэнхимийн хамт олноороо,ажилчдаараа гээд энэ сургуульд ажиллаж байгаа бүх хүмүүсийг харж баярлаж явдаг юм.

-Сайн хүний нөлөө насан туршийнх байдаг болохоор аавын тань үг яриа, үйл хөдлөл, үйлс бүтээл нь таны төдийгүй, мэргэжил нэгт нөхдөд нь өнөө ч дурсагдсаар байдаг юм билээ?

-Тийм ээ, Би үргэлж аавыгаа дурсч байдаг. Учир нь аав маань огт уурладаггүй, муу зуршилгүй, архи тамхи хэрэглэдэггүй их сайхан эрхэм  чанартай хүн байсан. Оюутнуудтайгаа аав нь, ах нь юм шиг харилцдаг. Заримдаа оюутнуудынхаа мөрөн дээр гараа тавьчихсан, бүсэлхийгээр нь тэвэрчихсэн байхыг нь хараад аавыгаа харамлаж, атаархмаар санагддаг байсан шүү. Ингэж багш шавийн харилцаа ийм л элэгсэг дотно байх ёстой юм байна гэдгийг  ааваасаа олж авсан. Энэ хэрээр оюутнууд улам дотно болдог. Алдарт сурган хүмүүжүүлэгч Ушинский “Илэн далангүй ийм сайхан харилцаанаас эрх чөлөөт сэтгэлгээ бол эрдэм ном сурах эх үндэс мөн” гэж хэлсэн байдаг. Харин айж эмээх юм бол сурахгүй, зарим багш нар айлгаж сургадаг. Айж биеэ барихгүй сурвал бодсон санаснаа зөв илэрхийлж, буруу хэлсэн ч засч залруулах боломжтой.

-Таны ажилдаа баримталдаг гол зарчим юу вэ?

-Ажлаасаа хоцрохгүй, хичээл номондоо сайн бэлтгэх, оюутан сурагчидтайгаа эелдэг зөөлөн, дандаа л ололтон дээр нь тулгуурлаж ажилладаг. Хэрэв муу тал дээр нь тулгуурлавал хүн хөгждөггүй. Тийм учраас хүн болгонд байгаа ололттой талыг нь олж харна гэсэн үг. Хүн болгон магтаал урамшилд дуртай. Сайхан инээмсэглээд харилцвал бидний харилцаа улам гүнгийрч сайжирна. Түүнээс гадна сайхан орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Багш хүн өөрөө өмсч зүүсэн, үг яриа намуун, алхаа гишгээ төв, нуруу цэх, муу үгийн биш, сайн үгийн баялагтай байх хэрэгтэй. Эрдэм ном сурахаас гадна хүмүүжлийн өндөр түвшинтэй, бүр тодруулбал ёс суртахуун өндөр байж бүх зүйлдээ амжилт гаргана.

-51 жилийн хугацаанд олон гарын шавь бэлтгэсэн байгаа. Тэд ч гэсэн хайртай багшаараа бахархаж явдаг юм билээ?

-Би олон сайхан шавьтай. 10-н жилийн сургуульд гэвэл Төрийн соёрхолт МУ-ын Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, “Жинжиймаа” кинонд тоглодог МУ-ын Гавьяат жүжигчин  Батцэцэг, Гангар инвестийн Пүрвээ, Гадаад явдлын яаманд ажиллаж байсан дипломатч залуу Эрдэнэбилэг..... Эдийн засгийн ухааны доктор, Монгол Улсын Гавьяат Эдийн засагч Дашзэвэг, гадны оронд монголынхоо нэрийг гаргаж  яваа, яруу найрагч Энхтуяа маань саяхан Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан дандаа намайг интернетээр гоё үгээр урамшуулж байдаг олон сайхан  шавь  маань байна. Багшийнхаа хүчинд өдий зэрэгтээ явж байгаа гээд сэтгэл дүүрэн ярихыг нь сонсоход үнэхээр сайхан мэдрэмж төрдөг шүү. Тухайлбал, энэ сургуулийг төгссөн одоо Боловсролын газар менежер хийж байгаа шавь Уртнасан, 10-н жилийн сургуульд багшилж байгаа Аюуш, Оюуны Нахиа сургуулийн захирал  Өнөрцэцэг, манай сургуулийн Бямбацэрэн доктор, МУБИС-д багшилж байгаад бурхны оронд очсон Доктор Дашдаваа нарын олон шавь нараа нэрлэхэд таатай  байна. Дээр нь олон магистр, доктор гээд тэднийгээ эрдэм номтой сайн сайхан яваад багш хүний хувьд баярлаж явдаг. Боловсролын Хүрээлэнд  ажилладаг одоо докторын зэргээ хамгаалах гэж байгаа Энхтулга, мөн удахгүй докторын зэргээ хамгаалах гэж байгаа Гандулам зэрэг шавь нараараа бахархаж явдаг шүү!. Энэ бол амжилттай яваа олон мянган шавь нарын маань зөвхөн төлөөлөл нь юм шүү! Нэрийг энд  дурьдаагүй шавь нараасаа багш нь уучлал хүсье!

-Хүний амьдрал олон сайхан дурсамж дурдатгалаар дүүрэн байдаг. Тэдгээр сэтгэлдээ тодохон үлдсэн сайхан дурсамжуудаас хуваалцахгүй юу?

- Миний удирдаж төгсгөсөн  12 ангийн төлөөлөл болох шавь нар маань  2011 онд  миний Хөдөлмөр алдрыг тэмдэглэсэн. Энэ үеэр 1995 оны  төгсөгчид  маань  багшийнхаа бүтээлийг тавьж, бичлэг хийж бэлтгэсэн нь  надад үнэхээр гэнэтийн бэлэг болсон. Энд анхны төгсгөсөн анги Соёлын ангийнхан маань бараг бүгдээрээ ирсэн дээ./Энэ анги маань энэ жил төгсөөд 40 жил болсныхоо ойг тэмдэглэж хамтдаа зургаа авахуулж, багшийнхаа бүтээлийг тавьж, бичлэг хийж бэлтгэсэн нь  надад үнэхээр гэнэтийн бэлэг болсон/. Энэ арга хэмжээг УГЗ Ш.Гүрбазар хөтөлсөн сайхан үйл ажиллагаа болсонд багш хүний хувьд  мартагдахааргүй дурсамж болж үлдсэн дээ. Мөн”Тэнгэрлэг хүүхнүүд” номонд 12 эмэгтэйн  нэг зочин болж, дараа нь “Эх орны  бахархах хүмүүс”,“Их хотын баатрууд” зэрэг номуудад орж байлаа. Энэ бол миний шавь нар, намайг дэмждэг бүх хүмүүсийн ач буян гэж бодож байгаа. Мөн  2015 онд Турк улсад болсон Олон улсын эрдэм шинжилгээний хуралд уригдаж оролцсон. Би “Монгол ардын уламжлалт тоглоом ба математик сургалтанд хэрэглэх боломж” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Турк улс өв уламжлалаа их дэмждэг, тэр талаараа дэлхийн 38 орныг хамарсан төсөл хэрэгжүүлж байсан юм билээ. Энэ хуралд эрдмийн зөвлөлийн гишүүнээр сонгогдож “Монгол ардын түлхүүр буюу алаг мэлхийг яаж сургалтанд хэрэглэдэг вэ” гэдэг сэдвээр илтгэл тавихад маш их сонирхож байсан. Ингэж Монгол Улсаа сурталчлах боломж тохиосонд баяртай байгаа. Судлаачид  ч танай монголын тоглоом ямар их эрдэм судалгааны ажил болдог өргөн цар хүрээтэй юм бэ гэдгээр гайхаж байсан. Эрдмийн ажлаа хамгаалснаас хойш олон жилийн дараа энэ сэдэв маань дэлхийд сонирхогдоно гэдэг том завшаан юм. Энэ бол миний сэтгэлд үлдсэн сайхан дурсамж гэж боддог. Энэ талаараа Монгол Улсдаа олон улсын хурал зохион байгуулъя гэсэн саналыг авчирсан. Хэзээ нэг өдөр олон улсын хурал болно гэдэгт итгэлтэй байгаа. Надтай хамт тоглоом үйлдвэрлэгчээр ....Оюун ухааны музейн төвийн захирал МУ-н Гавьяат Түмэн өлзий гуай дөрвөн чемодон дүүрэн тоглоомтой очиж 4 өдрийн турш хүмүүс ихэд  сонирхож байсан.

-Таны ханийг халамжтай, ялангуяа эрдмийн ажлыг тань ойлгож маш их  дэмждэг гэж сонссон?

-Тэгэлгүй яахав. Хань маань хуульч хүн. Төрийн тусгай хамгаалалтын албанд олон жил ажилласан, өөрөөр хэлбэл төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хариуцан ажиллаж явсан гэдгээр нь нөхрөөрөө бахархдаг. Одоо гавьяаныхаа амралтанд сууж байгаа. Том хүү Ариунсайхан маань дизайнарийн мэргэжлээр  Солонгос улсад ажиллаж байна Удаах хүү Ариунбилэг Дүрслэх урлагийн сургууль төгссөн, одоо хувийн хэвшилд морин хуур хийдэг Охин Ариунзаяа Радио телевикийн дээд сургууль төгссөн, Боловсролын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Сэтгүүлч,судлаач мэргэжилтэй. Бага хүү Мөнхжаргал аавынхаа ажлыг залгамжлаад Төрийн тусгай хамгаалалтын албанд ажиллаж байгаа.Хүүхдүүд маань бүгдээрээ хань ижил үр хүүхэдтэй.

-Таны амьдралаас олж авсан үнэт зүйл гэвэл юу байна вэ?

-Хүн зөв сайхан хүмүүсээс үлгэр дууриал авдаг, өөдрөг үзэл бодолтой, итгэл, сэтгэлтэй байх ёстой. Миний хувьд эгэл жирийн багш энэ сургуульд ирээд багш хүн гэдэг ямар байх ёстой юм, оюутан хүн ямар байх ёстой юм гээд алхам тутамдаа хөгжиж бусдаас суралцах ёстой юм байна  гэдгийг бүрэн дүүрэн  ойлгож ирсэн. “Би болчихлоо гэх биш, болоогүй байна гэвэл хөгжихийн нэр гэдэг” юм билээ. Тийм учраас үргэлж л болоогүй байна гэж бодох ёстой гэсэн. Академич Мекей агсан нэгэнтээ “Багахан юм мэддэг хүний  мэдэхгүй юм нь бага санагддаг. Харин  их мэддэг хүний  мэдэхгүй юм нь их санагддаг. Учраас ухаантай хүн би болоогүй байна, улам их юм сурах хэрэгтэй гэж үздэг гэсэн” гэж хэлж байсан нь санаанаас огт  гардаггүй юм.”Их мөрөн дөлгөөн, “Эрдэмтэй хүн даруу” гэсэн үг ч байдаг шүү дээ. Тэгэхээр манай сургуулийн багш нарын баримталдаг нэг зүйл нь, намайг энэ сургуульд  ирэхэд, Ахмад  настай багш нараасаа олон жилийн туршлага, залуу багш нараасаа шинэ сэргэг мэдээллийг олж авдаг ийм харилцан суралцдаг зарчимтай байсан. Үүнийг энэ сургуулийн имиж юм болов уу гэж боддог. Тантай ярилцсан завшааныг ашиглаад энэ сургуульд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа эрдэмтэн багш нар болон үе үеийн төгсөгчид ,шавь нартаа эрүүл энх байж аз жаргалтай ,амжилт бүтээл арвинтай  байхыг ерөөж байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?