С.Хүрэлбаатар:Ховсдох үед хорт хавдрыг эмчлэх шинэ төрлийн бодис тухайн хүний биед үүсдэг

Сэтгүүлчийн үг

Сэтгэшгүй” эмнэлгийн ерөнхий эмч С.Хүрэлбаатартай уулзаж ярилцлаа.

 

-Корона вирусын дэгдэлт хүн төрөлхтнийг айдаст автуулж байна гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Хэдийгээр манай улсад эл “тахал”-ын өвчлөл илрээгүй ч эмзэглэл болгоомжлол байгаа нь нууц биш?

-Вирус бол хамгийн жижигхэн амьтан. Энэ жижигхэн амьтныг хүн төрөлхтөн дийлж чадахгүй л байна. Вирусыг эмчлэх эмчилгээ нь  тухайн вирусын ДНК буюу РНК-г судалж, яг тохирсон эм хийх явдал. Гэвч эм хийх их явдалтай. Вирус чинь амьд амьтан учраас дүрсээ байнга хувиргаж байдаг. Тийм учраас хүн төрөлхтөн өдийг хүртэл ДОХ-ын вирусыг эмчилж чадахгүй байгаа юм. Шуудхан хэлэхэд шинжлэх ухаан ганцхан вирусыг устгах эм гаргахын тулд бүхнийг хийж байна. Өөрийн чинь хэлдгээр хүн төрөлхтнийг айдаст автуулаад байгаа корона вирусээр өвчлөөд нас барагсдын олонх нь хөгшид хүүхэд байгааг судалгаанаас харчихаж болно. Залуус харьцангуй цөөхөн. Үүнийг би биеийн ерөнхий  эсэргүүцэлтэй холбож тайлбарлана. Биеийн ерөнхий эсэргүүцэл гэж организмын өөрийнх нь бүрэн бүтэн байдлыг хэлдэг. Гэхдээ хүн төрөлхтөн, шинжлэх ухаан өнөөг хүртэл дархлаа гэж яг юу юм бэ гэдгийг нарийн тодорхойлж нээгээгүй л байна. Хэдийгээр дархлааг дэмжих эм гэж байдаг ч цаад үр дүн буруудчихдаг. Дархлаа дэмжигч янз бүрийн эм бүтээгдэхүүн хэрэглэж, тариа хийгээд дархлааг дэмжчихлээ гэдэг ч тэр эм тариа бие организмаас гарахаар ямар байдал үүсэх вэ гэдэг асуудал тодорхойгүй. Хүн төрөлхтөн, алдарт америк, хятадууд ч учрыг нь олж чадаагүй л байна. Энгийнчилбэл, уг вирусээр өвдсөн олон хүн, амьд үлдэж байгаа нь залуу дархлаа сайтай нэг ёсондоо биеийн эсэргүүцэл сайтай л гэсэн үг.

-Тэгвэл таныхаар дархлаа гэж яг юу юм бэ?

-Миний бодол, амьдрал практикаар гаднаас орж ирсэн биетийг организм өөрөө устгах чадварыг дархлаа гэнэ. Дэлхий нийтийн нэр томъёо л доо. Дархлаа чөмөгт болон хэмт ясанд үүсдэг юм. Харин удирдагч нь уураг тархи. Товчхондоо бие организмыг бүхлээр нь авч үзвэл нэг цогц. Зүрх цусаа шахна. Судас руугаа орно. Судас нь элгэндээ очино. Чөмгөндөө хүрнэ. Боловсрол явагдаад эргээд чөмөг рүүгээ очино. Буцаад цус руугаа очино, зүрхэндээ ирнэ. Энэ эргэлтийн системийг  цусны их, бага эргэлтийн систем гэж ярьдаг. Энэ системийн үйл ажиллагаа алдагдахаар дархлаа сулардаг. Өнөөдөр хүн болгон системийн алдагдалтай өөрөөр хэлбэл дархлаа сулралтай байна.

 -Яагаад, юунаас болж?

-Системийн үйл ажиллагаа доголдож алдагдаж байна гэдэг чинь гэмтэл. Нөгөөтэйгүүр бие организмын алдагдлыг эрчимжүүлэх эмчилгээ хийх ёстой. Их энгийн л дээ. Би хувийн эмнэлэг байгуулаад 30-н жил болох гэж байна. Ердөө л бариа засал, био орон зайн ховс эмчилгээгээр эмчилчихнэ.

-Та өмнө нь ДОХ-ыг эмчилж чадна гэж байсан. Одоо коронаг эмчилчилнэ гэх гээд байна уу?

-Элгэний В, С вирусыг эмчлэх тухай асуудал яригдсаар байна. Манайхны дунд их газар авсан өвчин л дөө. В, С вирусын өвчлөлтэй, эмчилгээ хийлгэж байгаа хүний судсыг бариад үзэхээр суурь өвчин байж л байдаг. Гэтэл бид зөвхөн В,С вирусыг устгаад суурь өвчнийг үл тоодог. 

Шуудхан хэлэхэд, энэ цагт хүн гэдэг амьтан бизнесийн хэрэглэгдэхүүн, орчин болчихсон. Би энэний эсрэг хүн. Өмнө нь В,С вирусын эмийг 1000 гаруй ам.доллараар авч уудаг байсан ч одоо ЭМД-ын шугмаар үнэгүй өгч байх шиг байна. Хэдийгээр В,С вирусыг устгаж болох ч цаана нь үлдэж байгаа үлдэц нь  өвчин болчихдог. Ямар ч өвчлөлийн тухайд би нурууны яс ярих дуртай. Дуртай гэхээсээ илүү шалтаг шалтгаан нь болдог учраас хүссэн хүсээгүй ярих болдог хэрэг. Нурууны яс мурийна, мушгирна гэдэг чинь бүх өвчлөлийн үндэс. Нуруу мурийж мушгирсан нь комьпютерын шинжилгээгээр илэрдэггүй юм шүү. Мурийлт мушгиралтыг бүрэн оношлож чаддаггүй гэсэн үг. Харин нурууны зураг авахуулахад гулзайлт, мурийлт, мушгиралт бүгд тодорхой гараад ирнэ.

За тэгээд, тэгш байсан нуруу мурийхаар мэдрэл гардаг нүхийг гэмтээнэ. Мэдрэл гардаг нүхний гэмтлийг комьпютер мундаг оношлодог. Мэдрэл гардаг нүх нарийссан, дарагдсан байна гээд... Нуруунаас хоёр янзын мэдрэл гардаг юм. Энгийнчилбэл чи бидний гар хөлөө хөдөлгөх мэдрэл. Анагаах ухаанд артикулит гэдэг. Оюун ухааны  мэдрэл. Нөгөө нь ургал мэдрэл. Ургал мэдрэл нь зүрх, ходоод бүдүүн нарийн гэдэс, сав өндгөвч, төмсөг дотор эрхтэн системд очдог. Хамгйин харамсалтай нь хүний ургал мэдрэл дарагдсан эсэхийг оношлодоггүй. Дэлхийн анагаах ухаан, мэдрэлийн лут эмч нар ч энэ талаар ярьдаггүй... Хөөрхий юугаа ч ярих вэ дээ. Эмчлэх практик байхгүй юм чинь. Тийм ч учраас би онгирдог. Би энэ талаар дэлхийд нэг номерын эмч. Монгол Улсын мэдрэлийн зөвлөх эмч нараас асуугаарай. С.Хүрэлбаатар гэж хүний ярьж байгаа зөв үү, буруу юу гэж. Тийм ээ л  гэнэ. Тэгээд тэр ургал мэдрэл чинь судсан дээр очдог юм. Судсан дээр очиж байгаа ургал мэдрэл чинь бас дотроо хоёр янз.

-Тодруулбал тэр хоёр мэдрэлийн үүрэг нь юу юм бэ?

-Синпатик ба парасинпатик  гэж... Синпатик мэдрэлийн нөлөөгөөр судас нарийсдаг гээд ойлгочиход болно. Нуруу мурийснаас судас нарийсаж, хэмт ясан дээр очдог цус төлжүүлдэг процесс доголдож дутуу төлжүүлдэг. Тэжээл дутуу аваад байна гэсэн үг л дээ. Харин парасинпатик мэдрэл нь судсыг тэлдэг. Ичсэн хүний царай хүрэнтээд барайгаад ирдэг дээ. Парасинпатик мэдрэл нь дарагдаад барайж байгаа нь тэр. Энэ хоёр мэдрэл тэнцвэрт байдлаас хүний судас тэнцвэрт байдалд оршдог. Ердөө л энэ. Жишээ нь зүрхний өвчтэй зүрхний цохилт түргэсдэг. Нуруунаас гардаг синпатик мэдрэл нь дарагдчихаар зүрх нь 100-200 хүртэл цохилно. Эсрэгээрээ парасинпатик нь давамгайлсан хүний зүрх 40-50 болоод зүрхний цохилт нь удааширчихна. Энэ хоёрыг тэнцвэрт байдлаас хамаарч эрүүл хүний зүрхний цохилт минутад  70-80 байдаг. Уг нь мэдрэлийн энэ системийг бариагаар эмчилж болдог. Био энергийнх нь хувьд эмчилчихээр хүн бүтэн болчихож байгаа юм. Бүтэн болчихсон бие организм корона, сарс, ДОХ бүгдийг эсэргүүцэх чадвартай. 1962 онд Англид хийсэн ховсын тухай судалгаа байдаг юм. –Ямар судалгаа?

-Хавдартай хүнийг ховсдож эмчилсэн. Ховсдох үед хорт хавдрыг эмчлэх шинэ төрлийн бодис тухайн хүний биед үүсч байсан нь тогтоогдчихсон. Өөрөөр хэлбэл, онолын хувьд  гаднаас орж ирж байгаа вирусыг эмчлэх бодис хүний биед үүсэх бололцоотой. Практикийн хувьд эмгүйгээр бариа засал, ховсоор элэгний ,ВС вирусыг эмчилсэн туршлага надад бий. Хавдрыг ч эмчилж байсан. Асуудал биш. Хүний бие организмын гадны биетэд хариу өгөх дархлаа гэгч юмыг би сэргээж чадаж байгаагийн илрэл. Мэдээж сэргээхдээ гол нь биш л дээ. Гаднаас биет орж ирлээ, эсэргүүцэх чадварыг нь бариа засал хийж нэмээд цус төлждөг чөмөгт ясанд тэжээлийг өгөхөөр организм өөрөө вирусын эсрэг ямар нэг юм гаргаад эхэлнэ. Хүүхдүүд ханиаж, халуураад эмчлэгдээд зүгээр болж байна гэдэг чинь дархлаа нь  сэргээд байна л гэсэн үг. Дашрамд хэлэхэд, халуурах сайн. Хэт өндөр халууруулж, таталт өгүүлэлгүйгээр бага зэргийн халуунтай ганц хоёр өдөр байлгаад халууныг дараад эмчилгээ хийлгэхэд бүрэн дүүрэн эмчилгээ хийх бололцоотой болдог. Бие организм чинь өөрөө бололцоотой болоод ирж байна гэсэн үг. Корона вирус болон бусад бүх төрлийн өвчнийг эмчлэх бололцоотой гэж би хэлнэ. Гаднаас орж ирсэн биет болгоныг эмчлэх боломжтой. Эмчилгээ нурууны зарчим дээр явагдана. Корона ч бай аливаа нэг вирус ч бай надаар эмчилгээ хийлгээд, нурууны блокоо гаргуулаад үр дүнд хүрчихсэн, миний энергийг авчихсан хүмүүс барагтай л бол үхэхгүй. Өнөөдрийн байдлаар энэ вирусын эсрэг дэлхий нийт эм хийж чадахгүй. Зөвхөн биеийн эсэргүүцэл сайжруулах журмаар торгооно. Би сая БНХАУ-ын  элчин рүү ярьсан.

-Ямар асуудлаар ярьсан юм бэ?

-Намайг хүлээж авахгүй юм шиг байна лээ. Тийшээ зүгээр л бариа заслын эмч, уламжлалт анагаахынхныг л оруулах ёстой юм. Био энерги, ховсыг сайн хийж өгөх хэрэгтэй. Асуудалгүй. Бас нэг зүйл байна. Энэ ЭМЯ Засгийн газар нийгмийг айдаст автуулж байна. Болохгүй шүү.

-Цагаан сараар хөл хорио тогтоосныг буруу гэх гээд байна уу?

-Уг нь бол зөв. 2000-3000 мянган км-ийн цаана байгаа вирус орж ирэхгүй ш дээ. Маск зүү л гээд байх юм. Хэрэггүй ш дээ. Чөлөөтэй байх ёстой. Олон нийтийн үйл ажиллагааг л хаачихад болно. Бусад нь чөлөөтэй байх ёстой. Ороод ирчихсэн бол нийт ард түмэндээ хэлэх ёстой. Чи контакттай газраас орж ирсэн бол үнэнээ хэл. Гэрийн хорионд бай. Өөрөө ухамсартайгаар бусдад халдаахгүйн тулд халдвартын эмнэлэгтээ оч. Ийм л байх ёстой. Мэдээж ард түмэнд хэлэхгүйгээр вирус судлалын хүмүүсийг бүгдийг өндөржүүлсэн байдалд байлга. Бүх ард түмэн өндөржүүлсэн бэлэн байдалд байх шаардлагагүй. Айдаст автуулж болохгүй. Зөвхөн коронна вирусээр үхдэг юм биш. Ямар ч вирусээр үхэж л байгаа. Тэр үхэл бол байх ёстой үхэл. Асуудал биш. Халдвар гэдэг утгаараа халдвар хамгааллын дэглэмийг бид өөрсдөө сайн барих хэрэгтэй. Сая манай эмнэлгээр орж ирэхэд юу үнэртэж байна вэ?

-Арц...

-Зөв. Аргалын утаа л үнэртэнэ ш дээ, манайхаас. Японы эрдэмтэд аргалын утаа 300 гаруй төрлйин бактери вирусыг устгадаг болохыг нотолчихсон шүү дээ. Нэмээд кварцын гэрэл асааж байна. Тэгээд л боллоо...

-Иргэдэд зөвлөгөө өгөөч, хувийн зүгээс ямар хамгаалалт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар?

-Дархлаа...Дархлаагаа сэргээе гэвэл нэгд, нурууныхаа зургийг авахуул. Эгц урд, хажуу хоёр талаас нь нурууны зураг авахуулаад эмчид үзүүлж, зөвлөгөө ав. Өөрчлөлт байгаа эсэхийг тодорхойлуул. Өөрчлөлт байвал бариа засал хийлгэ. Биеийн эсэргүүцэл султай, нуруу мурий хүмүүс заавал бариул. Тэгээд голохгүй бол над дээр ирж био орон зайгаа сэргээлгэ. Араас нь аарц, адууны махтай шөл ууж, агаарт ууланд алх. Дахиад хэлье. Дархлаагаа сайжруулахын тулд дархлаа дэмжих эм хэрэглэх нь хамгийн тэнэг асуудал. Уучлаарай, тэр витамин С чинь лимоны шүүсэнд байгаа. Тэрнийг л хэрэглэ. Хэрвээ вируст өвчин тусчихсан бол  эмнэлэгт очиж хэвтээд эмчилгээ хийлгэ. 

-Хятадын эмч Монгол үндэстэн бага өртөж байгаа нь харьцангуй эрүүл зөв хоололттой холбоотой. Цэвэр хоол хүнс ид гэж уриалсан байна лээ?

-Ер нь бие организм, махбодийн хувьд хятад, монгол, орос, европ хүн бүгдээрээ өөр өөр зохион байгуулалт, шинж чанартай байдаг. Хятадын Зян Руны “Чонон сүлд” дээр өнөө чоно чинь хятад хүнийг барьчихдаг, монгол хүнийг барьдаггүй гэж... Байгалийн ялгаа байна. Байгалийн мах иддэг чонотой адилхан махчин хүмүүс ш дээ бид чинь. Өнөөдүүл чинь өвс иддэг, хатуухан хэлчихэд хүн сармагчингууд. Физиологийн өөрчлөлт онцлог гэж нэг юм бий. Дашрамд нэг юм хэлэхэд манайхан тэр Ж.Амарсанаа эмчийг коронагийн голомт руу явуулчих л байсан юм. Дэлхийн том эрдэмтэдтэй хамт баг болж ажиллахад ямар их юм сурна гээч. Монголын анагаахын шинжлэх ухаанд олдох сайхан боломж. Тэгээд ч амжилтанд хүрэхийн тулд золиос гардаг гэж зүгээр ч нэг үг биш шүү. 

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчлөе. Нийгэмд  архидалт хар тамхидалт донтолт газар авчихсан. Бүгдийг нь харааж зүхээд шоронд хийчихэж бас болохгүй. Нэр төрийн асуудал хөндөгддөг учраас хар тамхидалт нууцлагдмал байдалтай байна. Ингэхэд донтолтыг ховсын аргаар эмчлэх боломж бий юу?

-Хар тамхи татсны төлөө шоронд суулгана гэдэг утгагүй асуудал. Зөвшөөрчих. Голландад хар тамхичдын гудамж байдаг. Тэр орчиндоо л татна. Нууц гадуур хийгдэх асуудал үндсэндээ зогсчихно. Би энэ асуудлаар өмнө нь ярьж л байсан. Манай нэг нэртэй бизнесмэний охин хар тамхинд хэрэглэж байгаад баригдаад бөөн сенсаци болсон доо. Тухайн үед нь аав руу нь  мессеж бичиж эмчлээд өгье гэсэн ч хариу өгөөгүй. Хар тамхи татаад мансуурахад сэтгэл санаа тайвшраад гоё болдог юм шиг байгаа юм. Тэгэхээр гудамж гаргаад зөвшөөрчих л хэрэгтэй гэж боддог доо би.

Тэгээд хүмүүс намайг юу ч гэж боддог юм бэ, мэдэхгүй. Миний нэр хүнд олон түмний дунд нэлээн унасан, өнөө олон эхнэртэй хуулиас болж... Гэхдээ би нэг л юмыг танай сониноор дамжуулж хэлэхэд, С.Хүрэлбаатар гэдэг хүн таньд таалагдах албагүй. Би олон эхнэртэй байна уу, цөөн эхнэртэй байна уу миний хувийн асуудал. Гагцхүү миний хийх эмчилгээ, таньд тавих оношлогоо хүн болгонд таалагдах ёстой. Энэ бол миний зарчим. Би ийм л зарчмыг баримталдаг. Тэгээд ер нь биеийн эсэргүүцэл хэдий чинээ сайн байна, төдий чинээ корона, элэгний В,С  вирус, ДОХ-ыг ялж, хавдар өвчин тусахгүй байж болно. Энэ бол нотлогдсон асуудал.

-Ямартай ч буйлны үрэвсэл улаан хоолойн хорт хавдар үүсэх шалтгаан болдог гэж сонсож байсан юм байна. Ингэхэд хавдар үүсэх гол шалтгаан юу гэж үздэг вэ, та?

-Өчнөөн онол байдаг юм. Гэхдээ буйлны үрэвслээс болж хэзээ ч хавдар үүсэхгүй. Ганцхан хараал буюу хар орон зайгаас л хавдар үүсдэг юм, орчлон ертөнцөд. Ердөө л тэр. Би өчнөөн ийм юмтай тулж байсан. Зүгээр л хараал. Би жишээ ярьж өгөх үү? 

-За...

-Олоон жилийн өмнө 16-17-той гоё охин ирж надаар галын засал хийлгэе, үзээд өгөөч гэсэн. Үзтэл , хөхний хавдар нь дөрөвдүгээр шатандаа орчихсон төдийгүй  зүрхний өвчтэй байсан. Галын засал хийтэл үхээрийн бузар болчихсон байсан. Зайлуул хөдөөний хүүхэд. Тэгсэн тэр охины байж байсан айлын эзэн элэгний хорт хавдраар нас барсан. Нас барангуут нь ор дэрийг нь гадаа салхинд гаргаагүй. Оршуулсных нь дараа орон дээр нь тэр охин унтчихсан учраас талийгаачийн шаналгаатай хавдрын орон зайг шууд авчихсанб айсан. Засал хийлгээд хэд хоногийн дараа очъё гэснийхээ дагуу яваад очтол нас барчихсан байсан. Хүндэрчихсэн байсан даа, хөөрхий. Ийм тохиолдол өчнөөн бий. Хүн чинь  дархлаагаараа эмчлэгддэг. Дархлаа сул, дээр нь нурууны мурийлт, тэжээлгүйдэлттэй болчихвол ямар ч аргагүй хавдар болоод явчихна. Хавдрын эс хүн болгонд үүсдэг. Чамд ч үүснэ. Надад үүсчихсэн л явж байгаа. Тэглээ ч дархлаа маань харь биет үүсчихлээ гээд өнөөхийг чинь идчихдэг байхгүй юу.

-Эсэргүүцэж байна гэсэн үг үү?

-Тийм. Ахиад хэлэхэд хавдар бол хараалаас гаралтай. Дээр нь нурууны мурийлттай бол дуусаа.

-Та яг ямар мэргэжилтэй билээ. Эмч гэж бодож явтал засал хийдэг гэхээр жаахан гайхаад л асууж байна?

-Би мэс засалч. Хожим 1998 онд дуран шинжилгээний курс төгссөн. Ходоод, уушги, бүдүүн гэдэс дуранддаг мэргэжлийн эмч л дээ. Дорнодын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаад 1990 онд Улаанбаатарт шилжиж ирээд орох эмнэлэг олдоогүй учраас хувийн хэвшлийн эмнэлэг байгуулсан. Монголын хамгийн анхны хувийн эмнэлгүүдийн нэг. Одоо болтол хүнээ бариад ховс эмчилгээгээ хийгээд л явж байна.

-Таныг хорт хавдар, хараалтай холбоотой гэхээр л ямар мэргэжилтэй билээ гээд асуучихлаа?

-Ховс эмчилгээний асуудал гэж ярьдаг юм. Хүний биеийн энергийн асуудлуудыг хөнддөг. Ховс дотроо олон янз. Дуу дуулах, гоё хоол идэх, сайхан хүнтэй ярилцах, дурлах дурлуулах, секс хийх ч ховс. Бүгд өөр өөрийн энергитэй. Энэ өөр өөрийн энерги нөхцөл байдлыг би анх удаа ховс био орон зайн өвчлөл, эмчилгээ гэж ном болгож бичсэн. Ховс харааны мэдрэлд, зүрхэнд тэгж нөлөөлнө. Ингэж удаашруулна. За ховсод орчихлоо, зүрхний хэм удааширна гэхчлэн бүх ятгалга эмчилгээ дэлхий нийтэд маш өндөр түвшинд хөгжчихсөн. Тэгсэн атлаа яг ховс гэдэг чинь юу юм  бэ гэдэг мөн чанарын талаар аль ч эрдэмтэн, ямар ч ховсчин бичээгүй. 

Миний бусад ховсчдоос ялгарах онцлог бол анагаах ухааны сургууль төгссөн. Анатоми физиологийг үзчихсэн учраас бусдаас давуу талтай гэж хэлж болно. Надад ном заасан хоёр том ховсчин бий. Нэг нь Батбаяр гэж монгол хүн. Химийн шинжлэх ухааныг төгс эзэмшчихсэн, доктор. Нөгөөх нь ОХУ-ын иргэн Виктор Михайлович Кандиба гэж инженер хүн. Гэхдээ яг эмч хүн байдаггүй. 

-Архинаас гаргана, кодлоно гээд байдаг даа. Ховсддог байх л гэж боддог ш дээ?

-Ховсын нөлөөн дор унтуулангуутаа тархин дотор нь ахиж архи уувал чи үхнэ гэсэн код суулгачихдаг. Тэгэхээр хүн ахиж уухаараа архиндаа навс ордог. Бүр үхсэн тохиолдол ч сонсогдож л байна. Энэ буруу. Архинаас гаргаж байгаа нь зөв ч кодлох нь буруу. Код хийх хэрэггүй.

-Та яаж архинаас гаргадаг юм бэ?

-Бариа засал хийж, эрүүлжүүлээд архинаас гаргадаг. Эмчилгээний дараа хүн  архинд дургүй болдог. Уух сэдэл ч төрөхгүй.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?