Ч.ЭНХЭЭ:АЛИВАА ЮМНЫ АРД СУГАРЧ ҮЛДСЭНДЭЭ ОДОО ХАРАМСААД ЯАХ ВЭ?...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-28 03:08

Сэтгүүлчийн үг

Би ер нь бусадтай оргил булаацалдаж чаддаггүй, их л тууштай биш хүн. Надад өөр чаддаг юм зөндөө байхад эдэнтэй албан тушаалын булан булаацалдаад яах ч билээ дээ гэж бодоод орхиод л явчихдаг.

Соц-ийн үед зөвхөн иргэд л төрийнхөө өмнө хариуцлага хүлээдэг, төр нь иргэнийхээ өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй, төрийн албан тушаалтнууд зөвхөн эрх баригч намынхаа өмнө л хариуцлага хүлээдэг байсныг өөрчлөхийг би ардчиллын төлөө тэмцлийн утга учир гэж ойлгож байлаа. Ардчилал гэдэг маань уг чанартаа төр нь нийгмийнхээ өмнө хариуцлагаа хүлээдэг тогтолцоо гэж үздэг байлаа. Гэмт хэрэг ихэсвэл цагдаа нь хариуцна, өвчин зовлон, эндэгдэл их нүүрлэвэл Эрүүл мэндийн яамныхан хариуцна, үйлдвэрлэл уналтад орвол Үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагынхан бурууг үүрнэ гэдэг ч юм уу. Нэг үгээр хэлэхэд ард иргэдээ эрх чөлөөтэй байлгахын тулд төрийн албан тушаалтныг байнгын дарангуйлалд оруулах, албан тушаал ахих тусмаа эрх мэдэл нь улам нь хумигдаж байх тогтолцоог ардчилал гэж ойлгоод байсан хэрэг. Төр нь иргэдээ дарангуйлах биш, адил тэгш үүргийг хэн хэнийхээ өмнө хүлээх, хариуцлагаа төр нь илүүтэй үүрч байх тогтолцоо гэсэн үг. Төрийн албан хаагчдад ногдох хариуцлага, нийгмийн дарамт их байх тусам иргэд илүү эрх чөлөөтэй, хөгжлийн боломж өндөр байх нь хэнд ч ойлгомжтой Гэтэл энэ асуудлыг хамтран зүтгэгчид маань хүлээн зөвшөөрдөггүй "Төрийн албаныхныг тогтвортой ажиллуулахгүй бол чадвартай хүмүүс төрд орохгүй зугатаана, хямрал ирнэ" гэх буюу "Ялыг нь эдэлж байгаа бол ямбыг нь ч бас тэр хэрээрээ эдлэх л ёстой, яах гэж олон намын оролцоотой сонгууль байдаг юм бэ, буруу ажилласан бол ард түмэн сонгуулиар л өөрчилчихнө шүү дээ" гэж ам тагладаг байв. Түүнээс болоод хуучин нэрээр МоАН, Ардчилсан намын даргад нэжгээд удаа нэр дэвшүүлэхэд нь хойшоо суун, доошоо малтаж, нэрээ татаж байлаа.

Одоо энэ байдал лавшраад, хулгайд юмаа алдсан бол өөрөө сонор сэрэмжгүй байсан, өвдсөн бол эрүүл мэнддээ анхаарал тавиагүйгээс л болсон, ажил олдохгүй бол арчаагүй нь тэр зэрэгтэй, халуун тогоонд түлэгдсэн бол хятадын хямдхан юмыг хэн ав гэсэн юм бэ, үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олж авч чадаагүй бол зөвшөөрөл өгдөг хүний гарыг цайлгахгүй яасан юм бэ ч гэх шиг, иргэд л бүх юманд буруутдаг болсон нь өмнөх нийгмийг санагдуулаад байгаа юм даа. Харин ч дарангуйлалд байх ёстой гээд байсан эрх мяндагтнуудын дураараа аашлах нь хэрээс хэтрээд, авилгач, хулгайчид, ЖДҮ-чид нь ямар ч хариуцлага хүлээхээ болиод эхлэхийг хараад суух тэвчээр барагдаж, өмч хувьчлалын луйвраас эхлээд, 90 оноос хойш төрийн албанд дундаас дээгүүр албан тушаал хашсан бүх хүмүүсийн жил жилийн орлогыг хуугаар нь шалгаж, шаардлагатай бол хөрөнгийг нь хурааж, тэдний өөрсдөдөө зориулж баталсан хуулийн заалтуудыг бүгдийг нь өөрчлөх боломж байсан ч, хувиа хичээж, би л болж байгаа юм чинь бусад нь буянаараа болог гэж бодож, аливаа юмны ард сугарч үлдсэндээ одоо харамсаад яах вэ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-28 03:08

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?