ОХУ ИРГЭДЭЭ ГАДААДААС ТАТАХ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭ ЗОГСООЛОО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-23 01:35

Сэтгүүлчийн үг

Коронавирусийн цар тахлын улмаас агаарын хилээ хааж, гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор татаж байсан ОХУ агаарын хилээ ерөнхийдөө нээж, тусгай үүргийн нислэгийг зогсоох шийдвэр гаргалаа.

Наймдугаар сарын 1-нээс хойш 11 улс руу олон улсын нислэгээ сэргээгээд байна. Хамгийн сүүлд Беларус, Киргиз, Казахстан, Өмнөд Солонгос руу агаарын хилээ нээсэн. Беларуссийн нийслэл Минск, Киргизийн нийслэл Бишкек, Казахстаны нийслэл Нур-Султан руу есдүгээр сарын 21-нээс, харин Өмнөд Солонгосын Сөүл рүү есдүгээр сарын 27-ноос нисэх юм. Эдгээр хот руу долоо хоногтоо нэг удаа ниснэ.

Үүнээс өмнө Турк, Их Британи, Танзани гэсэн гурван улс руу наймдугаар сарын 1-нээс, наймдугаар сарын 15-наас Швейцарь, есдүгээр сарын 8-наас Египет, Мальдив, Арабын нэгдсэн Эмират руу олон улсын нислэгээ ОХУ сэргээсэн билээ.

Агаарын хилээ нээснээр хоёр улсын иргэд харилцан чөлөөтэй зорчих учраас гадаад орноос нутагтаа буцаж ирэх оросууд жирийн нислэгээр ирэх боломжтой болж байгаа юм.

Коронавирусийн цар тахлын улмаас ОХУ энэ оны гуравдугаар сарын 27-ноос агаарын хилээ түр хаасан. Түүнээс хойш нийт 580 удаагийн үүргийн нислэгээр 92 мянган орос иргэнээ татаж авчээ.

Хэдийгээр агаарын хилээ нээсэн ч халдварт цар тахлаас хамгаалах ариутгал, урьдчилан сэргийлэх шаардлагыг нислэгт мөрдөнө.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-23 01:35

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?