Ж.ОЮУНЦОГ:ИХ МӨНГӨНИЙ АРД МАШ ТОМ ХАРИУЦЛАГА БАЙДАГ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-15 03:41

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ерөнхий нягтлан, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч Жамсрангийн Оюунцог хэмээх гялалзсан цоглог, эрч хүчтэй, гэрэлтсэн царайтай, нүдэнд дулаахан эл бүсгүй анх уулзах гээд зорьж очихоос эхлээд уулзсан ч хэнд ч үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж чадахаар тийм эгэл сайхан бүсгүй байсанд  олон хүнтэй уулзаж явдаг сэтгүүлч миний бие тун ихээр олзуурхаж бахдаж суулаа. Нээрээ л эндээс хорвоод ийм хүмүүс олон байгаасай, тэгвэл нийгэм ямар их эрүүлжих вэ ч гэж бодсон шүү. Түүний бусдад туслахсан,өгөхсөн дэмжихсэн, хамтдаа хөгжихсөн, залуучууддаа үлгэр дууриал болохсон, нөгөө талаас өглөгч өгөөмөр сэтгэл нь энэ амьдралаас авсан үнэт чанар аж. Хүнсний технологич мэргэжилтэй тэрбээр МУИС-ийн салбар сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн нягтлан бодогч мэргэжлээр богино хугацаанд өсч дэвжиж амжилтанд хүрсэн азтай, хувьтай бүсгүй. Энэ хугацаанд Арилжааны банкуудтай хамтарч 180 гаруй гаруй хүүхдэд тус бүр 20,000  төгрөгийн хадгаламжийн дэвтэр нээж өгсөн. Дэлхийн банкны дэмжлэг санхүүжилтээр хэрэгжиж буй төсөлд 17-22 насны залуучуудыг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд 400 гаруй хүмүүсийг хамруулж, ажлын байраар хангасан. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотын хүүхдийн чуулганд халамж хамгааллын чиглэлээр салбар хуралдааныг даргалж, амжилттай зохион байгуулсан гээд дурьдаад байвал урт хөвөрнө. Хэзээний хийж буй ажилдаа үнэн сэтгэлээсээ хариуцлагатай тууштай  ханддаг ажлын арвин их туршлагатай нэгэн билээ. Орсон гарсанд унд устай, амьдралыг үргэлж гэрэл гэгээтэй талаас нь харж баясч, баярлаж, бусдын сайн сайхнаар бахдаж, суралцаж явдаг Оюунцог нягтлантай хэдэн хором саатаж суухдаа “Олонтойгоо  байгаа цагт хүний амьдрал сайхан замаар замнад”-гийн тод жишээг  олж харсан юм.

-“Хүүхдийн хэмээх” тодотголтой их айлд хөл тавьснаа тун ихээр бахдан ярих дуртай юм билээ?

-Тэгэлгүй яахав. Анх 2000 онд одоогийн Нийслэлийн гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар хэмээх том айлд  зочны өрөөний зохион байгуулагчаар орж ирж байсан минь саяхан мэт  санагдаж байна. Тэр цагаас хойш нэг л мэдэхэд 20 жил ард хоцорчээ. Тухайн үед одоогийн УИХ-ын гишүүн Цогзолмаа найз маань энэ байгууллагын дарга байсан.  Гэтэл нэг өдөр нярав маань олон сараар өвдөөд явахад байгууллагын санхүүгийн ажил хоцроод миний бие аж ахуй, няравын ажлыг давхар хийх болов оо. Ингээд зочны өрөөний зохион байгуулагчаа няравтайгаа хамт хийж байтал кассын нярав маань өөр ажилд шилжээд энэ орон тоо нь бас хүнгүй болоод гурван ажлыг давхар хийлээ. Энэ үеэс л за би санхүүгийн мэргэжилтэй болохгүй бол болохгүй юм байна гээд ажлынхаа хажуугаар тухайн үеийнхээр харъяа МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд эчнээгээр сурсан. Гэвч олон ажил хариуцдаг байсан болохоор араас байнга дуудаастай гэсэн ч би ажлаа зохицуулж сураад л төгссөн. Цогзолмаа бид хоёр багын найзууд. Өнөөдөр ийм сайхан тогтвортой ажил хийж,  сайн сайхан амьдарч яваагаа найзын маань  ач буян гэж боддог. Энэ үгийг хаа ч хэлэх дуртай. Өнөөдөр  миний бие Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч цол зэрэгтэйгээр  байгууллагынхаа ерөнхий нягтлан болтлоо дэвшин ажиллаж байна. Дараа  нь найзыгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллахаар явахад би тооцооны нягтлангаа хийгээд үлдсэн. Бас тэр үед манай орлогч дарга Алтанцэцэг гэж маш мундаг эмэгтэй байсан. Одоо төмөр замын удирдах  газарт хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байгаа. Бид 12 жил хамт ажиллаж, би ерөнхий нягтлангаар 10 жил ажилласан. Өмнө нь 1987-1992 онд Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт мастер, 1993-1994 онд “Хашболл“ХХК-д нярав, 1994-1996 онд Дарь Трейд ХХК-д зохион байгуулагч,нярав, 1997-1999 онд Дантэ ХХК-д менежерээр ажиллаж байсан.  

-Хүний ажил амьдралд үргэлж л дурсамж дурдатгалууд хөвөрч байдаг шүү дээ. Танд ч энэ бүхэн үргэлж нээлттэй байсан байх гэж бодож байна?

 -Олон сайхан дурсамж байлгүй яахав. Тэр дундаа манай Гэр бүл, хүүхэд залуучуудын байгууллага бол өөрөө их гэрэл гэгээтэй. Наад зах нь л манайд ажиллаж  байсан хүмүүс дандаа л албан тушаал дэвшээд гардаг. Тийм учраас ажлаас болоод тухайн үед үл ойлголцох асуудал гарч, бие биедээ хар буруу санаж  байгаа хүн надад л лав таарч байсангүй. Бүгд л хүүхэд шиг цагаан цайлган болчихдог юм билээ. Би орой болгон долоон бурхандаа Монголын маань мянга мянган хүүхдийн буян заяа үргэлж дэлгэрч байх болтугай гэж бодоод сүүгээ өргөхөөр ажил үйлс маань аяндаа л бүтээд ирдэг.

-Амжилттай яваа эмэгтэйчүүдийн ард талд сайн хань байдаг даа?

-Сайн ханьтай байна гэдэг сайн сайхан явахын эхлэл. Ханийг маань Дашжавын Гансүх гэдэг. Алт мөнгөний дархан хийдэг. Ээж нь тухайн үедээ АИХ-ын депутат гэж одоогийн УИХурлын гишүүний ажлыг хийж  явсан нутгийн зон олныхоо  хайр хүндэтгэлийг хүлээсэн  сайхан хүмүүсийн нэг байсан. Манайх хоёр охин, хоёр хүүтэй. Хүүхдүүд маань тусдаа гарсан. Одоо гурван зээ, нэг ачтай болоод улам л өнөр өтгөн болоод байгаа. Одоогийн манай байгууллагын дарга маань Цогзолмаа /сайд асан,гишүүн/  туслах  нь байсан Ган –Өлзий гэж мөн л эрч хүч энергээр дүүрэн сайхан  хүн байгаа. Үе үеийн дарга удирдлагатай  хамгийн олон жил ажилласан нь би юм билээ. Тиймээс манайхан, Цог эгч ээ энэ болж байна уу,тэрийг яавал дээр вэ  гээд бүхий л зүйлийг надаас асууж ярилцаж байдаг. Энэ бүхэнд чадлынхаа хэрээр зааж зөвлөдөг.

-Хоёргүй сэтгэлээр төрдөө зүтгэж яваа болохоор төр засгаас ажил хөдөлмөрийг тань олонтаа үнэлсэн байж таараа?

-Тэгэлгүй яахав. Нийслэл, НИТХурлын  шагналууд, -МЗХ-ны тэргүүний залуу алтан медаль, МЗХ-ны Хөдөлмөрийн алдар, МЗХ-ны Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхдийн төлөө сайн үйлстэн, Монголын эмэгтэйчүүдийн холбооны -Манлай эмэгтэй-, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны жуух,тэргүүний ажилтан, Санхүү банкны жуух, тэргүүний ажилтан, Засгийн газрын дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдсан. Энэ бол  ганцхан миний амжилт биш, гар сэтгэл нийлэн ажиллаж байгаа баг хамт олон, найз нөхөд, гэр бүлийн  маань  буян  маш  их байгаа Төрийн буян хишиг гэдгийг жинхэнэ утгаараа мэдэрч өдий зэрэгтэй ажиллаж амьдарч байна.

-Хүний амьдралыг чимдэг олон сайхан зүйл байдаг. Түүнээсээ хуваалцахгүй юу?

-Хүн зөв санаа  бодолтой л явбал хүний амьдрал тэр л сайхан жимээр замнана. Би хувьдаа “Санаа зөв бол заяа зөв” гэдэг үгийг хэлэх дуртай бөгөөд мөн зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэж дуулах ч дуртай. Бас үр хүүхдүүд маань зөв явах хамгийн чухал. Ажилдаа хариуцлагатай байх тусам тэндээс ажлын үр дүн харагддаг. Дээр нь сайхан хамт олныг бүрдүүлж ажиллаж  байгаа байгууллагын удирдлагууд байна. Ер нь хамт олон багийн хүч гэж их шүү дээ. Ажилдаа хариуцлагатай, амьдралаа зөв ухаанаар авч явах, хааяа нэг маргаан гарахад тэр бүгдийг эмэгтэй хүний мяндсан ухаанаар шийдэж, зөв гарцыг нь олох хамгийн чухал. Улсыг  төсөв мөнгөөр яривал  энэ байгууллагын ерөнхий сайд нь би шүү дээ.  Ер нь байгууллагын санхүү сайн байвал байгууллага сайн явдаг. Харин дарга бол хүнээ сайн удирдаж чиглүүлж байх ёстой болохоос, заавал санхүүгийн мэдлэгтэй байх шаардлагагүй. Харин  сайн санхүүч бол дарга аа энэ болж байна, энэ болохгүй байна, цаашдаа ийм тийм зүйл хийнэ гээд бүгдийг нь  танилцуулж өдөр тутмын  мэдээллээр хангах үүрэгтэй.

-Бас хүний амьдралд олон сайхан зүйл ард хоцорч, тэр хэмжээгээр  олон сайхан зүйл ард хоцорч байдаг шүү дээ?

-Улсын төсөвт хүүхдийн байгууллагад бага мөнгө төсөвлөдөг байсан. Харин 2018,2019  оноос эхлэн нийгмийн салбарт улсаас их анхаарч, төсөв  мөнгөний асуудлыг манай УИХ, Засгийн газар дэмжиж тухайлбал, 2019 онд 3 тэрбум төгрөгийг зөвхөн нийслэл шийдэж өгсөн байдаг. 2020 онд  Монгол Улсын хэмжээнд 8 тэрбум төгрөг шийдэж өгч байгаа нь нийгмийн салбарт хийх ажил  улам их байна л гэсэн үг. Өмнө бид  мөнгөгүй ч гэсэн сэтгэлээсээ ажлаа хийдэг байсан бол одоо  мөнгөтэй болчихоод бүр ихийг хийхийг эрмэлзэж, хаана эмзэг бүлэг нь байна, хаана хүүхэд гэр бүл нь байна, түүнд хүрч үйлчлэхийн төлөө манай хамт олон сайн ажиллаж байгаа. Тийм учраас санхүүгийн чадавхтэй байна гэдэг цаашид ажиллахад их урам дэм, хүсэл тэмүүлэл болж байгаа. Нөгөө талаас их мөнгөний ард маш том хариуцлага  байдаг болохоор амрах завгүй л ажилладаг болоод байгаа шүү дээ.

-Тэгэхээр их эрч хүчтэй  байх нээ?

-Би хэзээний ажлын хэнхэгтэй  хүн л дээ. Аливаа ажлыг эхэлсэн л бол  дуусгахгүй бол сэтгэл амардаггүй. Эцэж халширна ч гэж үгүй.

-Таныг мэргэжил мэдлэгээ гадны орнуудад очиж зузаатгаж, тэрхүү харж үзэж, судалсан зүйлээ ажилдаа шуурхай нэвтрүүлдэг тун санаачлагатай гэх хүн олон байдаг юм билээ.

-Хүүхдийн байгууллагын буянаар нэлээн олон  орноор аялсан. 2010 онд Энэтхэг улсын шинэ Дели хотод 33 орны төлөөлөгчид оролцсон Хүүхдийн хүчирхийллээс урьдчилан  сэргийлэх, Хүүхдийн утасны үйлчилгээний хуралд оролцож, хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаарх Олон улсын сүүлийн үеийн мэдээллүүдийг судалсан.2018 онд гэхэд БНСУ-ын Сеул хотын Хангүг их сургууль дээр Монгол, Солонгос Буриадын Нийгмийн халамжийн нийгэмлэг”-ээс зохион байгуулсан Солонгос Евро азийн орнуудын нийгмийн бодлогын асуудлуудын харьцуулалт” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний  хуралд оролцож, нийгмийн  халамжийн болон  хүүхэд хамгааллын чиглэлээр Солонгос, Оросын Холбооны улс,2019 онд  Казакстан, Турк, Узбекстан зэрэг орон  руу ажлынхаа 13 хүний бүрэлдэхүүнтэй явж  дөрвөн хоногийн хуралд оролцсон. Өнгөрсөн жил БНХАУ-ын Бей Да Хей хотод Азийн зуслангуудын холбооны хуралд  төлөөлөгчөөр оролцсон. Ингэж хэдийгээр ус цас шиг хэлгүй ч гэлээ гадаад руу явж, санхүүгийн чиглэл нь яаж ажиладаг юм байна,  хөдөлмөрийн салбарынх нь дүгнэлт яадаг юм байна гээд тэр бүхнээс дүгнэлт хийж туршлага судалсан. Хэдийгээр өнөөдөр манай улс нэг их мундаг хөгжөөгүй юмаа гэхэд тухайн улсын хэмжээний  бодлогуудыг хэрэгжүүлээд явж байгаа нь том үзүүлэлт шүү дээ. Ингэж харьцуулалт хийж, олон сайхан улсуудаар аялж үзлээ. Энэ мөн л төрийн хишиг буян.

-Сонирхоод асуухад танай хамт олныг Нийслэл дүүргийн мэргэжил нэгт ажилтан, албан хаагчдын дунд зохиогдсон уралдаан тэмцээнд маш идэвх  санаачлагатай амжилттай оролцдог гэж сонссон?

-Тиймээ, Ганхүү даргатай Нийслэлийн Засаг даргын дэргэдэх төрийн сангийн хэлтэст нийслэлийн хэмжээнд 400 шахам санхүүгийн бүртгэлийн ажилтан, албан хаагчид байдаг. Тэднийг найман баг болгож хуваагаад нэг багийнх нь ахлагч би. Манай багт нийслэлийн 32 агентлаг багтаж, 40 гаруй хүн хариуцаж ажилладаг.  Бидний дунд жилийн турш 4-5 ажил хийгддэг. Өнгөрсөн жил манай баг урлагийн наадамд нь l дүгээр  байр эзэлсэн. Спортын тэмцээн, явган аялал, шинэ жилийн арга хэмжээ, цэнгээнт нэвтрүүлэг гээд янз бүрийн уралдаан зохион байгуулдаг. Гэвч манай баг дандаа эмэгтэйчүүд болохоор зарим уралдаан тэмцээнд хүчин мөхөсддөг тал бий. Гэтэл Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар гээд дандаа эрэгтэйчүүд болохоор их хүчтэй. Эдгээр байгууллагууд түрүүлээд манай газар сүүлийн гурван жил дараалан lll дугаар байр эзэлж , багаараа Буриад, БНХАУ-ын Хөх хот, Ордос,Манжуур, Тянжинь хотуудаар   аялсан. Ингэж  нийгмийн салбарт нүдийг минь нээж өгсөн  Цогзолмаа найзыгаа үргэлж бодож өдий зэрэгтэй ажиллаж амьдарч яваагаа  найзын минь тус сэтгэл гэхээс өөр юу гэх билээ. 

-Ажлаас гадна хобби сонирхол гэвэл?

-Эрүүл мэндээ бодоод йогоор хичээллэдэг. Урлагт дуртай, дуулах дуртай. Хааяа найз нөхөдтэйгээ караокед ордог. Гэвч  санхүүгийн их  ажлын хажуугаар тэр болгон зав гарахгүй юм аа. Харин нэг амардаг өдрөө сайн унтаж байж ядаргаа тайлдаг шүү .

-Ажилдаа баримталдаг зарчим гэвэл?

-Санхүүгийн ажил бол маш хариуцлагатай ажил, нэг тоо ч зөрж болохгүй. Салан задгай байдал санхүүч хүнд байж болохгүй. Олон талын тэр дундаа хуулийн маш сайн мэдлэгтэй байх ёстой. Өөрийгөө хөгжүүлж, шинээр гарч  байгаа хууль дүрмийг байнга судалж ажилдаа хэрэгжүүлэхгүй бол өнөөдөр  нийгэм асар хурдацтай хөгжиж  байна шүү дээ. 

-Таныхаар өнөөдрийн нийгэмд тулгамдаад байгаа асуудал юу байна вэ?

-Өнөөдрийн залуучууд үнэхээр залхуу, чин сэтгэлээсээ ажилдаа хандахгүй,  дандаа л бэлэнчлэх сэтгэлгээтэй, өглөө ирж цаг бүртгүүлээд яаж өнөөдрийг өнгөрөөчих вэ л гэсэн бодолтой байдаг. Үүнд би эмзэглэдэг. Миний хувьд олон жил ажилласан болохоор ажилдаа чин сэтгэлгүй байгаа залуучуудын дутагдлыг  шууд хэлчихдэг юм. Ер нь ажил хийсэн хүн хэл ам дагуулж байдаг жамтай.

-Таныг өнөөдрийн амжилтанд хүргэсэн гол хүчин зүйл юу вэ?

-Өөртөө зорилго тавиад түүндээ хүрэхийн төлөө үнэнчээр зүтгэдэг. Энэ бол эцэг эхийн маань суурь хүмүүжил. Хариуцлагыг эрхэмлэн дээдэлдэг. Хариуцлагатай л байвал ямар ч амжилтанд хүрч чадна. Бас харилцаа хандлагын асуудал маш чухал.

-Та ажлын шугамаар олон газар хөл тавьж, сонин сайхныг ч олонтаа мэдэрсэн байх. Тэдгээр очсон газруудаасаа ямар бэлэг авчрах дуртай вэ?

-Хүүхдийн байгууллагад ажилладаг болохоор хүүхдийн зурагтай хөргөгчний наалт авчрах дуртай. Бас очсон газрынхаа музейг үзэх хамгийн сонирхолтой байдаг.

 Сэтгүүлч Д.Нэргүй

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-15 03:41

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?