АЛТАЙ КОНСТРАКШНЫ ЗАХИРАЛ Х.БАТ-ЭРДЭНИЙГ АХИН 30 ХОНОГ ХОРИХ БОЛСНЫ УЧИР...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-15 00:57

Сэтгүүлчийн үг

2019 оны зургадугаар сард өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн Б.Батбаярыг албан тушаал, давуу байдлаа ашиглан, НВЦ компанид  Хөгжлийн банкны хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан хэрэгт холбогдуулан шалгасан. Б.Батбаярын хувьд зөвхөн НВЦ компанийн удирдлагаар тогтохгүй, “Алтай групп” буюу олны дунд “Алтай констракшн”-ы гэдгээр нь мэдэх болсон Хадбаасангийн Бат-Эрдэнэд ч давуу байдал бий болгон, үнийн дүндээ хүрэхгүй объектуудыг зээлийн барьцаанд авахад нь нөлөөлсөн нь тогтоогдсон.

Тэгвэл Хөгжлийн банкнаас шаардлага хангахгүй үзүүлэлттэй аж ахуйн нэгждээ зээл авч, тус банкны удирдах албан тушаалтныг өдөөн хатгасан хэрэгт яллагдагчаар татагдсан “Алтай констракшн” компанийн захирал, тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгажээ.

Тусгай үүргийн онгоцоор ирж, 21 хоног тусгаарлагдаад байсан түүнийг мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар наймдугаар сарын 10-наас эхлэн нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн. Хэдийгээр Х.Бат-Эрдэнэ нуруу өвдсөн хэмээн тэргэнцэртэй шүүх хуралд очиж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих ангийнхан хүлээн авахгүй гэж байсан ч шүүгч нэгэнт захирамж гаргасан учраас түүнийг биелүүлэхээс өөр аргагүй болсон хэрэг. Тэгвэл өнгөрсөн пүрэв гаригт түүний цагдан хорих хугацаа дуусаж буйтай холбоотойгоор таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, эсэхийг хэлэлцэх хурал болж, үргэлжлүүлэн хорих захирамж гаргажээ.

Тэрбээр хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компанид Монголыг хуурай сүүгээр бүрэн хангаж, гадаадын улсуудад бүтээгдэхүүнээ худалдана хэмээн төсөл бичиж, Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан. Хөгжлийн банканд барьцаалсан, “Алтай констракшн” болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл түүнийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Балганы Батбаяртай үгсэн хуйвалдаж, чанаргүй, барьцаалбарын шаардлага хангахгүй байхад зээл олгуулсан хэрэгт буруутгагдаад байгаа юм.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-15 00:57

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зояин [66.181.186.xxx]

    Эд нар мөрөөрөө баяжихгүй дан хууль бус юм хийгээд явах юм.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?