Н.БАТСУУРЬ:БИ ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ... ГЭХДЭЭ ДАВТАН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХГҮЙ ЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-14 08:09

Сэтгүүлчийн үг

Улсын наадамд таваас дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг бөгөөд энэ жилийн наадамд зодоглосон гурван бөхөөс допинг илэрсэн талаар мэдээлэл гараад буй. Энэ талаар Улсын аварга Н.Батсуурь мэдээлэл хийлээ. Допинг илэрсэн гурван бөхийн нэг нь Н.Батсуурь аварга гэх мэдээлэл гараад байгаа учраас тэрбээр албан ёсоор ийнхүү мэдээлэл хийж байгаа юм байна.

Улсын аварга Н.БАТСУУРЬ

-Таны биеэс триметазидин гэх бодис илэрсэн гэсэн хариу өгсөн. Шинжилгээний хариу нь үнэн, зөв гэдгийг онцолж байна. Би 2020 оны есдүгээр сарын 10-нд хариугаа аваад, гурав хоногийн хугацаанд надаас илэрсэн эмийг судалсан. Энэ эм нь зүрхний эм бөгөөд Монголд аптекуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр худалдаалагддаг эм юм. Миний бие 10 удаа допингийн шинжилгээ өгч байсан. Энэ удаа надаас ийм бодис илэрлээ гэж хэлэхэд нь гайхаж хүлээж авсан. Шинжилгээнээс маш бага хэмжээгээр илэрсэн ч WADA-ийн допингийн шинжилгээнд хориглосон эмийн жагсаалтад ордог юм байна. Тиймээс миний бие хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Б сорьцын шинжилгээ өгөхгүй, хүлээн зөвшөөрч байна.

Гэхдээ би маш их харамсч байна. Өдий зэрэгт хүрэхдээ үнэнчээр, хүч хөдөлмөрөөрөө барилдаж ирсэн. Ингээд Монгол төрийнхөө баяр наадмыг үзсэн, наадамчин олон, ард түмнээсээ албан ёсоор уучлал гуйж байна. Нэгэнт ам нээснийх энэ эм нь зүрхний шигдээстэй үед өдөрт 60 мгр-аар ууж хэрэглэдэг эм юм билээ. Монголд бүртгэлтэй эмийн жагсаалтад бүртгэгдсэн, Польш улсад үйлдвэрлэгдсэн, жоргүй зарагддаг эм. Энэ эм Дэлхийн допингийн эсрэг байгууллагын хориотой эмийн жагсаалтад орсон бөгөөд 2016 оноос эхлэн бүх цаг үед хориглосон жагсаалтад орсон эм юм билээ. 2014 онд БНХАУ-ын тамирчин Сүн Ян эмчийн заавраар хэрэглэж байсан зэрэг бодит кейсүүд бий.

Миний хувьд энэ эмийг уух ямар ч үндэс байхгүй учраас идэж, уусан зүйлд минь найруулж өгсөн гэж би хувьдаа хардаж байгаа юм. Ийм зүйл хэрэглэх шаардлага байхгүй ч миний биеэс илэрсэн нь үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Залуучууддаа, бөхчүүддээ хандаж хэлэхэд ууж, идэхдээ маш болгоомжтой байж хоол, хүнсэндээ анхааралтай хандахгүй бол маш цөвүүн цаг иржээ гэж бодож байна. Миний хувьд энэ эмийг худалдан авах, эсвэл уух шаардлага үүсээгүй, өөрийн хайнга, анхаарал болгоомжгүй байсны л буруу байлаа. Хамгийн гол нь маш бага хэмжээгээр илэрсэн.

Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

"БУСАД БӨХЧҮҮД Б СОРЬЦЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУНЫХАА ДАРАА МЭДЭГДЭЛ ХИЙХ БАЙХ"

-Таны зүрх өвдөж байсан уу. Яагаад илрэх болов?

-Би зүрхний ямар нэг өвчингүй.

-Та Б сорьцын шинжилгээ өгөх үү?

-Өгөхгүй гэж бодож байна.

-Допингийн хариугаа авсан бөхчүүдийг өөрсдийгөө зарлаж болохгүй гээд байсан. Та яагаад ингэж өөрийгөө зарлах болов?

-Би өнөө өглөө бөхийн салбар хороон дээр очиж, А сорьцынхоо хариуг авсан. Тэгэхдээ Б сорьцын шинжилгээгээ өгөхгүй, А сорьцынхоо шинжилгээний хариутай санал нийлж байгаагаа мэдэгдсэн. Ийм учир миний мэдэгдэл хийх эрх нээгдсэн. Хэрэв А сорьцын шинжилгээтэйгээ санал нийлэхгүй бол Б сорьцын шинжилгээний хариу иртэл өөрийгөө зарлахгүй байж болно л доо. Бусад бөхчүүд Б сорьцын шинжилгээний хариуныхаа дараа мэдэгдэл хийх байх.

-Шинжилгээний хариу солигдох боломжтой юу?

-100 грамм шээсийг А, В хоёр саванд хийдэг. Би өөрөө лацдана. А, В сорьцын хариу зөрсөн түүх байхгүй. Өөрөөр хэлбэл, нэг шээсийг л хоёр хуваана гэсэн үг. WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас дахин давтагдашгүй тоотой шинжилгээний шилийг илгээдэг. Миний шинжилгээний 44066049 тоот сав дэлхийд ганц л бий. Хоёр биш ганц. Камерын өмнө бид гэрчтэй бие засна.

-Эм тан хэрэглэхдээ эмчээс заавар, зөвлөгөө авдаг уу?

-Би аптекаас өөртөө хамрын цацлага авахдаа диксомецинтай хамрын цацлага авдаггүй. Эм зүйчээс нь орц найрлагыг нь асуудаг. Би хэзээ ч 400 төгрөгийн эм уухгүй. Өөртөө итгэхгүй байна. Миний санамсаргүй, хайнга байсны буруу. Гэхдээ би хорлогдчихлоо гэсэн үг биш шүү. Би дархан аварга гэдэг цолыг хүсч барилддаг. Гэтэл цэвэр уснаас хямдхан эм хэрэглэсэн гэж гарч ирлээ.

-Тантай хамт хэд хэдэн бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн гэсэн мэдээлэл гарсан. Тэдний талаар мэдэж байна уу?

-Би яг тэрийг мэдэхгүй. Миний асуудлыг надад л хэлсэн.

-Эмч нар шинжилгээний хариуг дардаг, нуудаг, сольдог гэдэг. Эмч нарын нөлөө хэр их байдаг вэ?

-Надад бол мөнгө өгч шинжилгээгээ аргалуулж байсан тохиолдол байхгүй. Энэ жилийн хувьд Допингийн эсрэг үндэсний төв бүрэн шинэчлэгдсэн. Гадаадын тэмцээн уралдааныг хархад тамирчны ард допингийн шинжилгээг нь хариуцсан ажилтан алхаж байдаг. Гэтэл манай улсад энэ процесс алдагдаж байна. Шууд л допингийн шинжилгээний өрөө рүү явах байтал телевизийн эфирийн өрөө рүү ороод, цаашаа айраг цагаа идэж уугаад л, сүүлд нь шинжилгээгээ өгч байна. Нэгэнт миний хариунаас допинг илэрсэн учир би БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн энэ шинжилгээг үгүйсгэхийг хүсэхгүй.

-Допингийн эсрэг үндэсний төвөөс наадмын өмнөхөн бөхийн галуудаар явж таниулах, сэргийлэх арга хэмжээ авсан болов уу?

-Энэ жил хийгээгүй.

-Ер нь хийдэг байсан уу?

-Хийдэг байсан. Энэ жил л хийсэнгүй. Хотоос 130 км зайтай газар наадам боллоо. Тэнд очоод л зааж өгсөн гэрт нь ороод, олдсон юмыг нь л идэж уусан.

-Өнгөрсөн жил Э.Оюунболд аварга, энэ жил та допингийн асуудалд холбогдлоо. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Би үнэхээр харамсч байна. Хүүхэд байхаасаа л түүхт 100 жилийн ойгоор барилдахыг хүсч байлаа. Ид үе дээрээ ийм асуудалд орсондоо харамсч байна. Миний цэвэр хариуцлагагүй байдлаас боллоо.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-14 08:09

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [122.201.31.xxx]

    Уучлал гэдэг ухаан

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?