ӨНӨӨДӨР ЕСДҮГЭЭР САРЫН 11-Н...

Сэтгүүлчийн үг

1993 оны намар ерөнцийн агуу их Нью-Йорк хотноо анх хөл тавихад минь, угтан авсан элэг нэгт монголчуудын минь дотроос,

-За тэр шүү дээ, 110 давхар Дэлхийн худалдааны төвийн нөгөө ихэр хоёр чинь. 1973 онд баригдсан дараагаа нэг хэсэг дэлхийн хамгийн өндөр барилга гэгдэж байснаа, өндрөөрөө гүйцэгдсэн ч, нэр цуугаараа тэргүүлсээр л байгаа хос хоёр. Өдөртөө үзэх гэж ирдэг хүмүүс нь гэхэд л, далан мянга хол гардаг гэдэг юм. Энэ хоёрын дотор ажлаа хийж байгаа алдартай таван зуугаад компанийн хүмүүс нь, гучин таван мянга болдог гэж байгаа хэмээн олон тоо баримт дурдан танилцуулж байж билээ.

Тэр цагаас хойш энэ хоёр ихэр барилгаар олон ч орж гарч дээ. Манай Монголоос хэн л ирнэ, Нью-Йоркийг танилцуулангаа заавал түүгээр орж, 107 дугаар давхар буюу ажиглах төвд нь хүрнэ. Цэлмэг сайхан өдөр бол, хааш хаашаагаа зуун километрийг ажиглан харж болно гэдэг, тэр өндрөөс харахад, нөгөө бусад асч цоройлсон асга хад шиг аварга том барилгууд нь цацсан шагай мэт тэртээ доор ирийлдэж үзэгдэнэ.

Ихэр хоёр барилгын доод давхраар алдартай ресторан хоолны газрууд, Barnes & Nobles-ийн салбар ч бил үү, хосгүй сайхан номын дэлгүүр байдагсан. Түүгээр орж авсан, “The New York Public Library: Desk Reference”, “English–Russian Dictionary” зэрэг ном өнөө хэр ширээн дээр минь тавиатай байх хэр нь өнөөх аварга барилгууд нь газрын хөрснөөс арчигдчихсан байх нь үнэмшмээр ч үгүй юм шиг.

2001 оны 9-р сарын 11-ний дэлхийг цочирдуулсан тэр хар бараан өдрөөс хойш хүүхэд шиг гэнэн цагаахан байсан Америк орны дотоод төрх байдал хоёр гуравхан жилийн дараа эргээд очиход, төрөл арилжсан юм шиг өөрчлөгдсөн байж билээ.

Хартай, сэжиглэнгүй, тэр ч бүү хэл хажиглангуй болсон Америк орныг ахин хараад муу юмны улбаа ямар их болохыг өөрийн биеэр анзаарсан юм.

Ямар ч бай, есдүгээр сарын арван нэгэн болгоноор ертөнцийн сүр жавхаа болон сүндэрлэж байсан Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр барилга санаанд орж, хар санаа, халдлага довтолгоон хаа газар бүү болоосой хэмээн сүсэглэн боддог юм.

by До.Чулуунбаатар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?