ХАНИАД ТОМУУ, КОРОНАВИРУСИЙН ТАРХАЛТЫГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛДЭГ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-11 01:45

Сэтгүүлчийн үг

Германы Макс Планкын Хүрээлэн, Францын Пастьюр Хүрээлэнгийн эрдэмтдийн хамтарсан судалгааны үр дүнд ханиад томуу нь коронавирусийн тархалтыг хамгийн багадаа хоёр дахин нэмэгдүүлдгийг тогтоожээ.

Дунджаар коронавирусийн халдвар авсан хүн цааш нь өөр хоёр хүнд халдвар тараадаг гэнэ. Харин ханиад томуутай хосолбол коронавирус цааш 4-5 хүнд халдварладаг гэсэн дүгнэлтийг Европын эрдэмтэд хийсэн байна.

Эрдэмтдийн судалгааны тайлан Лхагва гаригт анагаах ухааны medrxiv.org сайтад нийтлэгджээ.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст оршдог улс орнуудад энэ намар цар тахлын илүү хүчтэй давалгаа үүсэх магадлалтай гэсэн таамаг эрдэмтэд, судлаачдын дунд яригдаж байгаа.

Өнгөрсөн сард АНУ-ын халдварт өвчин судлалын гол мэргэжилтэн, доктор Энтони Фаучи хэвлэлд ярихдаа “Энэ намар юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй байна” гэж байжээ.

Герман, Францын эрдэмтэд Бельги, Итали, Испани, Норвеги зэрэг Европын хэд хэдэн улсаас цуглуулсан коронавирусийн тархалтын мэдээлэл дээр өөрсдийн боловсруулсан математик загварыг ашиглан улирлын чанартай ханиад томуу, Covid-19 өвчнүүдийн давхцлыг тооцоолсон байна.

Улирлын чанартай ханиад томуу, коронавирусийн өвчлөл хоёр бие биедээ хэрхэн нөлөөлдөг тухай сэдэв эрдэмтдийн дунд маргаантай байгаа.

Зарим нь томууны дараа хүний биед үүссэн дархлаа коронавирусийн өвчлөлийг сулруулдаг байж магадгүй гэж үздэг.

Харин нөгөө хэсэг нь хоёр өөр вирус зэрэг өвчлүүлснээр хүний биеийг улам доройтуулна гэж үзэж байгаа юм.

Дээрх судалгааны тайланд өнгөрсөн хавар болж өнгөрсөн цар тахлын эхний давалгаа зөвхөн хорио цээрийн дэглэмийн улмаас намжаагүй, бас улирлын чанартай ханиад томуу буурснаас болсон байж магадгүй гэж дүгнэжээ.

1918 онд дэлхий дахинд дэгдсэн “испани ханиад” тахлын улмаас 50 сая орчим хүн амиа алдсан байдаг. Уг тахал нь хэд хэдэн удаа давалгаалж байсан ба улирлын чанартай ханиад томуу үүнд нөлөөлсөн байж магадгүй гэж зарим судлаачид үздэг юм.

Хятадын Анагаах Ухааны Хүрээлэнгийн захирал, доктор Ван Чэн саяхан болсон арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ хүн амыг арваннэгдүгээр сараас өмнө томууны вакцинд хамруулах нь дараагийн давалгааны эрсдлийг бууруулах чухал арга хэмжээ гэж онцолж байв.

 

Эх сурвалж: South China Morning Post



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-11 01:45

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?