Л.НИНА:УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙН ҮНДЭС НЬ ЭДИЙН ЗАСАГ...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-10 06:39

Сэтгүүлчийн үг

1970-аад онд Өмнийн цэнхэр говийнхоо ХАА-ын нэгдэлд тооцооны нягтлангаар томилогдон очиж байсан залуухан бүсгүй Л.Нина эдүгээ санхүүгийн салбартаа өөрийн гэсэн өнгө, үнэ цэнэ, ажлын арвин туршлагыг хэдийнэ бий болгож чаджээ. Тиймээс ч тэрбээр эдүгээ Улсын драмын эрдмийн театрын ерөнхий нягтлангаар ажиллаж, урлаг соёлын алдартнууд, үе үеийн бурхад чуулсан гэгээлэг орчинд  ажиллаж байгаадаа туйлын бахдалтай баяртай байдаг юм билээ. Ингэж амьдралын туршид өөрийгөө зурж, ирлэж хурцалж,  бусдад тус дэмтэй зөв санаа бодлыг нь эргэх хорвоо ч шагнасан байдаг.  Энэ ч утгаар тэрбээр салбарын бүх шагнал, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаажээ.

 

-Та ажил мэргэжилдээ олон жилийн туршлагатай үүгээрээ манлайлж, түүчээлж яваа санхүүгийн ажилтны нэг. Эндээс хоёулаа яриагаа эхэлье?

-Би 43 жил санхүү, нягтлан бодогчийн ажлыг хийж байна. Санхүүгийн техникумыг төгсөөд төрөлх нутаг Өмнөговь аймагтаа очиж ХАА-ын нэгдэл гэдэг том айлд тооцооны нягтлан бодогчоор очиж байсан минь саяхан мэт санагдаж байна. Тэр үед манай нэгдэл аймагтаа нэлээн дээгүүр,  эхний гурван байранд  ордог байлаа шүү дээ. Энэ сайхан үед нь  нутагтаа есөн жил ажиллаад, мэргэжлээ дээшлүүлэхээр Улаанбаатар хотод ирж МУИС-д суралцаж төгсөөд тухайн үеийнхээр Ардын боловсролын яаманд ажилд орж их хотын хүн болох зам маань тавигдаж байлаа.  Дараа нь Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд Ерөнхий нягтлан бодогчоор очиж боловсролын салбарт 14 жил ажилласан.  Харин Улсын драмын эрдмийн театрт 2002 онд ирээд эдүгээ 18 дэх жилдээ ажиллаж байна. Тэр дундаа Соёлын салбар бүр ч  онцлогтой. Дандаа ард түмнийг соён гэгээрүүлж, баярлуулж баясгадаг учраас миний энд ажилласан он жилүүд маш их гэрэл гэгээг авчирсан. Урлагийн бурхад чуулсан ариун сүмд ажиллана гэдэг тэр болгон хүнд олдоод байдаггүй, ховор хувь тохиол гэж боддог.

-Үнэхээр сайхан хүмүүстэй  ажиллаж байжээ, тухайлбал?

-Төрийн соёрхолт АЖ Н.Сувд, АЖ Г.Мягмарнаран,МУАЖ П.Цэрэндагва,Д.Мэндбаяр,МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Д.Жаргалсайхан, Г.Урнаа ,Ж Оюундарь нарын үзэгч түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн алдар суутай хүмүүстэй ажиллаж байгаадаа баяртай байдаг. Ийм сайхан энергитэй хүмүүстэй ажилладаг болохоор үеийнхнээсээ харьцангүй залуу харагддаг юм билээ. Бас  бүтэхгүй ажил ч гэж байхгүй. Эрч хүчтэйгээр  улам л ажиллаад баймаар тийм их зориг эрмэлзлэл төрдөг шүү. 1990-ээд онд зах зээлийн эдийн засгийн үед бүхий л байгууллага шинэ  журам зарчмаар ажиллах болоход бидний үе ч мөн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд мэдлэг чадвараа дээшлүүлж, хөрвөх чадварт суралцах шаардлага зүй ёсоор гардаг юм билээ. Гэвч манай улс шилжилтийн үеийг эрсдэл багатай, богино хугацаанд даван туулсан л даа. Улс орны хөгжлийн үндэс ерөөсөө л эдийн засаг шүү дээ. Түүний нэгэн адил Соёл урлагийн салбарын ууган байгууллага болох манай  байгууллага 2021 онд 90 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Энэ хугацаанд хөгжлийн олон үе шатыг даван туулжээ.  Алтан үе, ахмад үе, дунд үе, одоо ажиллаж байгаа залуу хойч үеийнхэнтэйгээ хамтдаа ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсийн  хөтөч нь болж ирлээ. Тиймээс миний хувьд энэ салбар, энэ байгууллагын түүхийн хөгжлийн тодорхой үе шатыг хамт бүтээлцэж, хамт бичилцэж байгаадаа баяртай байдаг. Манай теарт нэг орсон хүн гарах сонирхол тун бага шүү. Сэтгэлтэй хүмүүс л энэариун сүмд уяатай байдаг юм шиг. 70,80 гартлаа тайзан дээрээ тоглож байна. Цалин хангамж төдийлөн өндөр биш. Сэтгэлтэй, мэргэжилдээ дуртай хүмүүс гавьяаныхаа амралтанд суусан хэрнээ театраасаа холдож чадахгүй ажилласаар байна. Хүний сурсан зүйл хэзээ ч хоцрогддоггүй, хаягддаггүйн тод жишээ энэ.  Ийм сайхан хүмүүстэй ажиллаж байгаа болохоор бүтэхгүй ажил гэж байхгүй. Эрч хүчтэй улам л ажиллаад баймаар тийм их зориг эрмэлзлэл төрдөг.

-Театрт байсхийгээд л сонирхолтой шинэ жүжиг тавигдаж, үзэгчдийг хошууруулдаг даа?

-Тиймээ,  Манай байгууллага  зах зээлийн үед ч гэсэн эрэлт хэрэгцээ буураагүй, үргэлж хаалга маань нээлттэй байсаар ирсэн. Жилдээ хоёроос гурван уран бүтээл шинээр тавьдаг. Сангийн сайдын тушаалаар Соёл урлагийн байгууллагууд уран бүтээлээсээ олсон орлогоо өөрсдөө захиран зарцуулах эрхийг олгосон. Өөрөөр хэлбэл энэ мөнгийг байгууллагынхаа тоног төхөөрөмж, тохижилт засвар гээд бусад үйл ажиллагаанд зарцуулна гэсэн үг. Энэ жилийн хувьд гэхэд гурван шинэ уран бүтээлээ үзэгч түмэндээ толилуулчихаад мөдхөн энэ оны сүүлээр  дөрөв дэх уран бүтээлээ тавих гэж байна. Жүжгийн зохиолууд их хомс болсон. Гарын таван хуруунд багтах жүжгийн зохиолчид байдаг. Жүжгийн зохиол манай байгууллагад ус агаар мэт хэрэгтэй.  Бид жүжгийн зохиолчдын дунд уралдаан зарлаад зургаан авьяаслаг уран бүтээлчийн зургаан жүжиг амилж тоглогдоход бэлэн болсон. Б.Мөнхамьдрал  гэж уран бүтээлчийн “Миний аав миний баатар” гэдэг жүжиг шалгараад энэ жүжгийн дасгал сургуулилтаа хийж байгаа. Тийм учраас манай театрын хувьд уран бүтээлийн олз омогтой сайхан жил болж байна. 700 сая төгрөгийн шахам орлого олсон. Энэ бол Соёл урлагийн байгууллагыг дэмжиж байгаа маш том бодлого юм. Энэ нь бидний ажилд  урам зориг өгч, нөгөө талаар  улам чанартай уран бүтээл хийх хүсэл эрмэлзлэлийг төрүүлсэн өгөөжтэй шийдвэр болсон. Тиймээс энэ дашрамд төр засгийн удирдлага болоод, сайддаа баярлаж талархсанаа илэрхийлье.

-Уран бүтээлийн зардал гэж нэлээд гарна биз. Энэ хэмжээгээр чанар,  үр дүнг ч  чухалчилдаг байх гэж бодож байна?

-Нэг уран бүтээл хамгийн багаар бодоход 60 орчим сая төгрөгөөр босдог. Үүн дотроо гол ба туслах дүрүүдийн хувцас, тайзаа бэлтгэх гээд олон зүйлд зарлагадана.  Дундаж уран бүтээл гэхэд 100 гаруй сая төгрөгөөр бүтдэг. Дээр нь уран бүтээлчдийн ажлын хөлс, реклам зар сурталчилгаа гээд гурван чиглэлээр уран бүтээлээ ард түмэндээ хүргэдэг. Эдгээр бүтээлийг  маань үзэгчид шимтэн үзэж таашаал авахын хэрээр орлого нэмэгддэг. Дэлхийн сонгодог, түүхийн, хүүхдийн гээд олон төрлийн жүжгүүд тавигддаг.

-Санхүүгийн ажилтан байхын онцлог юу вэ?

-Санхүүгийн хүмүүс маш их ачаалалттай, илүү цагаар ажиллладаг, ар гэртээ ч төдийлөн зав гаргаж чаддаггүй. Зарим хүмүүс биднийг харамч хахир байгууллагын мөнгийг өөрийн юм шиг харамладаг гэж ярих нь бий. Гэтэл 40 жилийн өндөрлөгөөс эргээд харахад дандаа  л гараа сунгаж бусдад өгсөн байдаг. Тийм учраас би ажил мэргэжлээ өглөгийн эздүүд гэж хэлэх дуртай.  Ар гэр, үр хүүхдүүдийнхээ төлөө бус яаж тухайн байгууллага хөл дээр зогсч, оршин тогтнохов, тухайлбал нэг зардал гаргалаа гэхэд аль зардал нэн түрүүнд шаардлагатай байна гэдгийг шөнө нь бодож хонодог. Ингэж тархи толгой мөнхийн ажиллаж байдаг. Байгууллагаа өнгө үзэмжтэй байлгахын төлөө мөн л сэтгэл зовно. Мөнгөгүйгээр ямар ч уран бүтээл босохгүй. Энэ бүгдийг мөнгөөр тооцож хийж байна. Тийм учраас уран бүтээл гэдэг бол хамтын бүтээл байдаг.

-Хүүхдүүд тань ямар мэргэжилтэй вэ. Таны мэргэжлийг өвлөсөн үү?

-Би гурван хүүхэдтэй. Том охин МУИС-ийг төгссөн багш ,сэтгэл судлаач мэргэжилтэй хүн бий. Англи,  Солонгост мэргэжлээ дээшлүүлсэн. Одоо Онцгой байдлын ерөнхий газар ажилладаг. Дунд хүү мөн МУИС-ийг Улс төр, судлаач, нийгмийн ухааны чиглэлээр төгссөн. Одоо Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа. 2 охинтой. Бага охин маань Хүмүүнлэгийн ухааны их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр сурч байгаа, надтай хамт амьдардаг. Ингэж би дандаа багш нар бэлтгэсэн хүн шүү дээ. Санхүүч хүн олон түмэнд нэртэй, нүүртэй сайхан мэргэжил. Гэсэнч  ч ачаалал ихтэй, цаг зав багатай гэдэг утгаар хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлье гэж бодоогүй ээ.

-Таны ажил амьдралаасаа авсан үнэт баялаг гэвэл?

-Би сайхан сэтгэлийг л авсан юм шиг байгаа юм. Сэтгэлээс илүү үнэт баялаг гэж байдаггүй байх. Сайхан хүмүүстэй уулзаж ярилцаж, сайхан хүмүүсийг харж баясч, сэтгэлээ сэргээж, тэднээс урам авч, тэдэнд бас сэтгэл бэлэглэж байх хамгийн аз жаргал гэж боддог. “Сэтгэл сайхан бол заяа сайхан” гэдэг  үг ч бий. 

-Таны аав ээж, нутаг ус?

-Би говь нутгийн малчин айлын охин. Тиймээс  учраас говь шигээ уужуу сэтгэлтэй. 80 гаруй настай ээж маань нутагтаа энх тунх амьдарч байгаа. Есөн хүүхэд төрүүлж өсгөж, ажил амьдралд нь хүргэсэн. Тийм учраас ээжийгээ бага ч гэсэн  баярлуулах юмсан гэж боддог. Жил бүр ээж дээрээ очдог, ээжийгээ авчирна. Гурван дүү маань АНУ-д байдаг. Тэдэн дээрээ  ээжийгээ  өнгөрсөн зун авч явж уулзуулсан. Үр хүүхэд, ач зээ нар дээрээ очоод бөөн баяр ирсэн, буцахдаа Солонгост улсыг үзүүлсэн.  Гэсэн ч эхийн ачийг хариулж яаж барахав дээ. 

Таны гангараа гоёл. Ер нь таныг их монголжуу гэж сонссон шүү?

-Би монгол дээл өмсөх дуртай. Залуу байхдаа дээл хувцсаа өөрөө оёж өмсдөг байсан. Эмээ маань намайг 12 настай байхад дээл хийхийг зааж өгөөд аавдаа дээл оёж өгч байлаа. Тэр цагаас хойш хүүхдийнхээ ойр зуурын хувцсыг өөрөө л оёчихдог байсан, харин сүүлийн үед оёж шидэх зав хомс болоод байгаа.

Ярилцсан Д.Нэргүй



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-10 06:39

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [192.82.69.xxx]

    Даруухан эгэлхэн эмэгтэй

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?