НЭР ДЭВШИГЧДИЙН 20-ООС ДООШГҮЙ ХУВЬ НЬ АЛЬ НЭГ ХҮЙСИЙН НЭР ДЭВШИГЧ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-09 02:36

Сэтгүүлчийн үг

УИХ-ын сонгууль гэдэг том даваагаа давсан монголчуудыг одоо орон нутгийн сонгуулийн удаах даваа хүлээж буй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 15-нд болно. Орон нутгийн сонгуулийг энэ удаа олонхын /мажоритар/ тогтолцоогоор явуулна.  

Нийслэлийн орон нутгийн сонгууль 45 мандаттай. Хуульд заасны дагуу намууд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, албан ёсоор зарлаж эхэллээ. Тухайлбал Нийслэлийн МАН-ын хорооны IV хуралдаан өнгөрсөн Ням гарагт болж, ирэх сард болох Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвших 45 хүнээ зарлалаа. 

Сөрөг хүчин Ардчилсан нам орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ арай зарлаагүй байгаа бөгөөд Нийслэлийн АН МАХН, ШИНЭ намтай хамтарч ажиллан, сонгуульд дэмжиж оролцохоор баримт бичигт гарын үсэг зурсан билээ. 

Ямартай ч энэ удаагийн орон нутгийн сонгууль энэ оны нэгдүгээр сард батлагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн хүрээнд явагдана. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль нь 12 бүлэг, 83 зүйлээс бүрдэх бөгөөд хуульд дараах онцлог зохицуулалтыг тусгажээ. 

Хуулийн Зургаадугаар бүлэгт төлөөлөгчид нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх талаар

  • 28.3.Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна: 

  • 28.3.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх; 

  • 28.3.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх гэж заажээ. 

Мөн 28.4.Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна: 

Үүнд дараах албан тушаалтнууд багтана. Төрийн жинхэнэ албан хаагч; төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан; төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн; Засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн. 

Хуульд төрийн албан хаагч, төрийн өмчит байгууллагын удирдлага сонгуульд нэр дэвшихээс өмнө зургаан сарын өмнө чөлөөлөгддөг байсныг наймдугаар сарын 1 болгож өөрчилжээ. УИХ-ын чуулганаар тус хуулийг хэлэлцэж байх үед ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар энэ талаар "Орон нутгийн сонгуульд 7000 хүн нэр дэвшдэг бөгөөд, дийлэнх нь тодорхой албан тушаал хашдаг. Нэр дэвшигч нь зургаан сарын өмнө ажилгүй болсноор тухайн айл орлогогүй болно. Мөн нэр дэвших эрхээ авсан даруй албан тушаалаасаа түдгэлзэх нь улсын ажил цалгардуулах эрсдэлтэй. Тиймээс хугацааг нь арай ойртуулж наймдугаар сарын 1 гэж тусгасан" гэж тайлбарласан юм. 

28.5.Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно. 

28.7.Гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно. 

28.8.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно. 

Мөн сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгон багасгасан. 

38.1.Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

Санал авах хугацаанд мөн өөрчлөлт оруулсан юм. САНАЛ ХУРААЛТЫГ 20.00 ЦАГТ ХААНА. Сонгуулийн санал хураалт дуусах цагийг оройн 20.00 цаг болгох, санал хураалтын ирцэнд 50 хувиас дээш байх гэсэн босго тавихгүй байхаар болсон юм. Оройн 20.00 цагаас хойш харуй бүрийд сонгуулийн хууль тогтоомжийг зөрчих, мөнгө тараах зэрэг сөрөг үйлдэл ихэсдэгийг, түүнчлэн олон улсын жишгийг харгалзан сонгуулийн санал хураалт дуусах цагийг 20.00 цаг болгон өөрчлөх санал оруулан тэрхүү санал олонхын дэмжлэг авсан гэдгийг ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хэлсэн юм.

61.1.Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00- 20:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна. 

Орон нутгийн сонгууль намар болдог зэрэг онцлогыг харгалзан оройн 20.00 цагаас хойш харуй бүрийд сонгуулийн хууль тогтоомжийг зөрчих, мөнгө тараах зэрэг сөрөг үйлдэл ихэсдэгийг, түүнчлэн олон улсын жишгийг харгалзан сонгуулийн санал хураалт дуусах цагийг 20.00 цаг болгон өөрчилжээ.

24.1.Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

Сонгуулийн өмнөх иргэдийн шилжих хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, дараах өдрөөс сэргээнэ гэж зохицуулсан байна.

29.2.Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна.

Орон нутгийн Хурлын сонгуулийн хувьд анхны удаа квотын асуудлыг хөндсөн бөгөөд нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байхаар зохицуулжээ.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-09 02:36

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?