Н.ГАН-ОД:ХОТЫН ДАРГАД ӨРСӨЛДӨХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙСАН Ч МАН-ЫНХНААС БОЛООД БОЛОМЖГҮЙ БОЛЧИХЛОО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-07 03:49

Сэтгүүлчийн үг

Нийгэмд адлагдаж, нэг нэр хоёр хоч дуулсан ч өөрийнхөөрөө байж, хүссэндээ хүрч чадсан учраас түүнийг би хувь хүний хувьд хүчирхэг хэмээн үнэлдэг. Ийм хүндлэл хүлээхээр зан чанар түүнд бий гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Хэдийгээр нийгэмд үзэгдэл болон чичлэгдэж явсан ч өөрийнхөөрөө зорилготой зоригтой явсны үр дүнд тэр өнөөдрийн, өөрийнхөө хүссэн Ган-Одыг бий болгож чадсан  юм. Хэний тухай яриад буйг маань ойлгосон биз. Ингээд олноо Ганбууш хэмээн нэршсэн Н.Ган-Одтой ярилцсанаа хүргэе. Бид хувь хүн, дотоод ертөнцийнх нь талаар ярилцсангүй. Зүгээр л өнөөгийн нийгэм, улс төрийн нөхцөл байдалд хувь хүний зүгээс ямархан бодолтой байгааг нь сонирхсон. Тэр Монгол Улсын иргэн... Тэр Үндсэн хуульд заасан эрхээ эдлэн УИХ-д нэр дэвшиж байсан бол өдгөө Орон нутгийн сонгуульд хүч үзэхээр шийдсэн гэнэ.

-Та УИХ-ын сонгуульд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвшээд өвдөг шороодсон ч эдүгээ Орон нутгийн сонгуульд хүч үзэхээр шулуудсан гэх мэдээлэл байна. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Хан-Уул дүүргээс нэр дэвшинэ. Уг нь Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших санаатай байсан ч иргэний үнэмлэхний харьяаллаасаа болоод Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших боломжгүй болчихлоо. Хан-Уул дүүргийн 15 хороонд харьяалагддаг учраас Хан-Уулаас л нэр дэвшихээр болсон гэсэн үг. Нэмээд хэлэхэд би дүүрэг нийслэд өрсөлдөхөөс гадна хотын даргад өрсөлдье гэж бодож байсан ч энэ удаад амжихгүй нь бололтой.

-Хотын даргад уу... Арай зоримог шийдвэр юм биш үү?

-Яагаад болохгүй  гэж...  ЛБГТ хүмүүсийн төлөөлөл болж, төр засагт дуу хоолойгоо хүргэх эрх минь Үндсэн хуулиар нээлттэй. Хотын соёл, зам, тохижолт гэж яриад байдгаас хүний эрхийн асуудал дээр төвлөрч мөрийн хөтөлбөрөө батлан хотын даргад нэр дэвшиж байсан түүх Монголд байна уу. Хүний эрх зөрчигдөөд байхад хичнээн сайхан зам байгаад яах юм бэ. ЛБГТ хүмүүсийн эрхийн асуудлыг нууж хааж, зөрчөөд байдаг ч нийгэмд байдаг л хөндүүр сэдэв ш дээ. Далд л болохоос... Энэ талаар иргэдийн дунд явган яриа байж л байдаг. Би л ил тод зарлаад, заргалдаад байдаг болохоос биш.

-Ингэхэд та өнгөрсөн УИХ-ын сонгуульд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвшсэн. Хэдэн хүний санал авав. Нөгөөтэйгүүр сонгууль будлиантай болсон гэх гомдол өнөө хэр тасраагүй л байна. Та үүнтэй санал нийлэх үү. Энэ тохиолдолд ахиад нэр дэвших хэрэг ер нь байгаа юм уу?

-Хулхиддаг гээд хулхидуулаад байгаад байж болохгүй л дээ. Хулхидахгүй, хуурахгүй болтол нь тэмцэх хэрэгтэй. Өөрийн чинь хэлдэг үнэн. Улсын Их хурлын сонгуулийн хэл ам тасраагүй байна. Үнэндээ цэг, таслал орж ирээд л самраад хаячихдаг юм байна лээ. Ил тод нээлттэй гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн хэдэн хувийн санал авч гарсныг Монголын ард түмэн харсан. Хаана нь эргэлзээтэй, ээдрээтэй, эрсдэлтэй тохиол үүсэж, эргэлзэж гайхсан нь ил тод байхад миний хэдэн хүний санал авсныг асуух чинь илүүц хэрэг.  Ямартай ч би  Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын хамт олон, удирдлагад их баярлаж байгаа. Намайг нийгмийн гажуудал гэж биш иргэн хувь хүний хувьд харж, итгэл хүлээлгэн ойлгож нэр дэвшүүлсэнд нь... Үнэнийг хэлэхэд би УИХ-д нэр дэвших бодолгүй явсан юм. Намайг нэр дэвшүүлэх тухай ярих болох үед нам дотор маргаан болсон нь үнэн. Яг тэр үед хэвлэл мэдээллээр Ган-Од нэр дэвшиж байна. Яагаав, Чингис хаан, Өүлэн эх, Нара бид хэ.дийг нэр дэвших гэж байна гээд хэсэг шуугисан даа. Тэр талаар төлөвлөөгүй явсан болохоор хувь хүний хувьд анх жаахан цочирдсон. Овгийг маань Л гэж байгаад л минйи зургийг тавиад мэдээнүүд гараад эхлэхээр нь папараци дээр очоод хэзээ ч  нэр дэвшихгүй гээд ярилцлага хүртэл өгсөн. Дараахан нь намныхаа дарга руу яриад ийм яриа гарчихаж яах вэ гэж ярилцаад л нэр дэвших шийдэлд хүрсэн дээ. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам маань 10 жил болсон нам. Харин би сүүлийн таван жилд нь идэвхтэй гишүүн нь байлаа.

-Гэнэтийн шийдвэр гаргахад нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйл юу байв?

-Сонгинохайрхан дүүрэгт иргэдтэй уулзалт хийж байхаар яваад очсон. Очтол дэд бүтцийн асуудлаар ярилцаж байсан. Би чинь Сонгинохайрхан дүүрэгт олон жил амьдарсан хүн ш дээ.

Гэр хорооллын дэд бүтцийн талаар юу гэж боддог вэ гэхээр нь бодож явдгаа л хэлсэн.

-Юу гэж?

-Яахав дээ хүмүүс олон жил гэр хороололд амьдраад хэвшчихсэн. Мэдээж ядуу зүдүү, арчаа муутай, амьдралын боломжгүй нь бий ч хашаандаа мод цэцэг, тариад хүнсний ногоогоо ургуулаад тов хийтэл өрхийн амьжиргаа эрхлээд явдаг хэсэг ч бий. Өнөөдөр тэр хүмүүс хананаасаа усаа аваад, дэд бүтцээ шийдээдэхвэл байшиндаа байх нь байранд орохоос илүү ашигтай. Зам тавьж гудамж зүлгэжүүлэх нь хотын өнгө үзэмжинд нэмэртэй ч дэд бүтцээ шийдчихвэл илүү иргэндээ э.лтйэ хот болох юм даа гэж л хэлсэн. Сонгинохайрхан дүүрэгт зөндөө олон хүн нэр дэвшиж, гишүүн болдог ч тэр асуудлыг анзаардаггүй юм уу ямар ч байсан шийдэгдээгүй л байгаа. Гэтэл иргэдэд их хүлээлт бий.

Нэр дэвшчихээд гэр хорооллоор нэлээн явсан. Анх надтай уулзах гэж хүн ирэх юм болов у угэж эргэлзэж багахан айдастай байснаа нуухгүй ээ. Бусад нэр дэвшигчид уулзалт хийх гэж иргэдээ цуглуулах гэж зүддэг юм байна лээ. Гэхдээ би хорооны дарга нар руу утасдаж, хүн цуглуулаад зар түгээгээд өг гэж гуйдаггүй ээ.

-Яагаад?

-Яах юу байхав дээ. Угаасаа тэд нар чинь намаасаа гарсан болохоор хөдөлж өгдөггүй. Нам нь сонгуульд амжилт үзүүлэхгүй бол ажилгүй болчих гээд юун Ганбууш манатай...

-Тэгээд яаж зар түгээж, иргэдээ цуглуулж байсан юм бэ. Гэр гэрээр нь ороод явсан хэрэг үү?

-Тэр нь бас хаашаа юм бэ. Бүтэхгүй ш дээ. Би чинь аргаа олчихсон. Нийгмийн аижлтан юм уу, зохион байгуулагч уруу нь утастдаг юм. Сайн  байна уу, би Ган-Од байна аа, маргааш танай хороон дээр очоод иргэдтэй уулзалт хиймээр байна.  Тав арван хүн ч хамаагүй Цуглуулаад өгөхгүй биз, маргааш чадахгүй гэвэл нөгөөдөр очсон ч болно гээд л ярьсан. Тэгсэн харин, тэг тэг гээд маргааш та яг цагтаа ирэх үү гэхээр нь хүмүүс нь цуглах уу гэхэд цуглана аа л гэсэн. Яваад очтол юун тав арав... 200 гаруй хүн... Ганбуушийг амьдаар нь харахаар ирсэн байсан. Миний амьдралын замналын давуу тал биш гэж үү. /инээв/

Урам ордог л юм билээ.  Би чинь тэр үед одоо шуугиад байгаа Үндсэн хуулийн 6.2-ыг ярьж эхэлсэн ш дээ. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил би Сэлэнгийн Ерөө сум руу явсан юм. Тэгээд замаа олохгүй төөрөөд зам асуутал, Ерөнхий сайд Ч.Сайханбилгийн алтны уурхайг тойроод яв гэдэг юм даа. Гайхаад Сайханбилэг сайдын алтны уурхай байдаг юм уу гэж асуутал тийм гэсэн. Албан бичиг зөвшөөрөл энэ тэр дээр нь нэр нь байхгүй ч ард түмэн андахгүй дээ. Хувийн галт тэргээр хувийн төмөр зам тавьчихаад хятад уруу 24 цагаар  алт зөөдөг юм байна лээ. Муухай хэрэг шүү. Улс орон хэцүүдлээ, ард түмэн минь алт мөнгөн эдлэлээ хандивлаад өрөө даръя гээд байдаг юм байж өөрөө болохоор 24 цагаар хятад руу алт зөөж байдаг. Нутгийн хүмүүс андахгүй хэлээд өгнө.

Төрөөс буухдаа төрийн өмчийг хувьдаа авдаг. Тийм муухай, манай улстөрчид. Жаахан хадуурчихсан уу.

-Зүгээр ээ... Харин ч шинэ мэдээлэл өглөө, судлах ёстой юм байна гэж бодоод сууж байна?

-Тэгээрэй. Би хэлсэн дээ, Сонгуулийн үеэр МҮОНРТ-д ярилцлага өгөхдөө 6,2-ын талаар хэлсэн гэж... Тэр үед хүмүүс сонгууль гээд анзаараагүй. Одоо анзаарч зарим нэг попууд нэлээн сэвж байх шиг байна. Угтаа ямааны мах халуун дээр нь хэлээд байхад тоогоогүй байж,  болоод өнгөрсөн зүйлийн араас 1000 хашхираад яах вэ дээ гэж бодох юм. Ер нь бол төрийн нйитийн гэж биш улсынх гэж тодотгох л хэрэгтэй. Төрийн байвал төрийн өндөр албан тушаалтнууд залилж авчихаад байдаг юм билээ.

-Ингэхэд та энэ удаа бие дааж нэр дэвшиж байгаа гэл үү?

-Манай нам орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ өгч чадалгүй хоцорчихсон учраас бие дааж байгаа юм. Яг УИХ-ын сонгууль гэж бужигнаж байхад хүсэлтийг нь аваад  хаачихсан. Бас л жижиг намуудыг хааж боох аргачлалынх нь нэг гэж харж байгаа. Гэхдээ бие дааж нэр дэвшигч хотын даргад бие дааж өрсөлдөх боломжтой гэхээр бас ч тэгтлээ дордчихоогүй байна гэж харж байтал МАН-ын бодлогоос болоод бас боломжгүй болчих шиг боллоо. Тэгээд яах вэ дээ, Хан-Уулынхаа 11 хороонд нэр дэвшинэ дээ.

-Яагаад хотын даргад нэр дэвших боломжгүй болчихсон юм бэ?

-Намын нэрийн өмнөөс нэр дэвшиж байсан хүн туршлагагүйтээд МАН-ын найруулсан бодлгод өртчихгүй юу. Бие дааж нэр дэвшигч 500 хүний гарын үсэг цуглуул. Есөн сарын 6-наас өмнө гэж таванд нь хэлж байгаа юм чинь. Яаж амжих вэ дээ. Тэгээд л ядаж дүүрэгтээ хүч үзье гэж бордоод гүйж явна, би...

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-07 03:49

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [64.119.17.xxx]

    Анужин энд Ганбууш

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?