1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ДАЛИМДУУЛАН ЛУЙВАР ХИЙЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-07 01:23

Сэтгүүлчийн үг

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, Монгол Улсын нэг сая 888 мянган иргэн эзэмшдэг.  Тус компани 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж, хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа нэгж хувьцаанд 81 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн билээ. Энэ шийдвэр дагуу тус компанийн хувьцааны ногдол ашгийг өнгөрсөн Пүрэв гаригаас иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. 

Хамгийн эхэнд үнэт цаасны компанид дансаа нээлгэсэн нэг сая 170 мянган иргэний данс руу хувьцааны ногдол ашгийг шилжүүлсэн бол дараагийн ээлжийн иргэдийн ногдол ашиг долоо хоногийн дараа дансанд шилжих талаар холбогдох албанаас мэдээлэв.

Мөн үнэт цаасны компанид дансаа нээлгэсэн ч хувьцааны ногдол ашгаа арилжааны банкны ямар дансны дугаараар авахаа баталгаажуулаагүй 600 мянга гаруй иргэн бий аж. Тэдгээр иргэдэд үнэт цаасны компани дээрээ очиж, дансаа баталгаажуулж амжихгүй байгаа бол ebarimt аппликейшн ашиглан ногдол ашгаа авах боломжтойг албаныхан мэдээлсэн. Хажуугаар нь залилагчид зүгээр суугаагүй бололтой. Цахим сүлжээнд “1072 хувьцааны данс нээлгээгүй хүмүүс ebarimt ашиглан мөнгөө авах боломжтой. Тиймээс ebarimt нээж өгнө. Найдвартай шүү”, “Хүүхдийн 1072 хувьцааг 141072 дугаарт регистрийн дугаараа бичиж, зай аваад хүүхдийн мөнгө авдаг дансыг нь бичиж бүртгүүлнэ” гэх мэт худал хуурмаг зар, мэдээлэл олноор цацагдаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс “Хүүхдийн 1072 хувьцааны ногдол ашгийг ebarimt аппликейшн ашиглан авах боломжтой” гэсэн мэдээллийг ашиглан иргэдийг хуурч, залилан мэхлэх оролдлого гарч байгааг анхаарууллаа.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-07 01:23

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?