Ж.ЭРДЭНБАТАД ЗУРГААН ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-06 04:33

Сэтгүүлчийн үг

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасч, зургаан жил хорих ял оногдуулав.  Гурав дахь өдрөө үргэлжилж буй эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэнд тооцон яллав.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020.05.15-ны өдөр хүлээн авсан.

Шүүхий шийтгэх тогтоолд:

С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.  Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсон байна.  Ийнхүү Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял оногдуулсан. Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял тус тус оногдуулсан байна. 

Дээрх дөрвөн хүн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлнэ хэмээн шүүхийн тогтоолд заажээ. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-06 04:33

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?