НЭГ СТАНДАРТЫН 800-Н ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-29 01:13

Сэтгүүлчийн үг

Нийслэлд нэгдсэн нэг стандартын ХОТ такси өнөөдрөөс үйлчилгээнд гарч эхэллээ. Эдгээр нь жолооч нар нь мэргэшсэн, үйлчилгээний шаардлага хангасан баталгаатай, нэг см-ийн нарийвчлалаар очих газраа нарийн зааж харуулдаг, төлбөрийг алдаагүй, нэг хэмжээгээр гаргах тоолууртай, зорчигчийн аюулгүй байдлыг хангасан, цэвэр, тохилог таксинууд юм.

Нийслэлээс нийтийн тээврийг шинэчлэх бодлогын хүрээнд үйлчилгээнд ийм нийт 800 такси гарахаас эхний 50 таксийг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд танилцуулахад нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан оролцов. Тэрээр нийтийн тээврийг нэг стандарттай болгож буй нь үйлчилгээг шинэ шатанд гаргахын сацуу энд нийслэлийн Хөгжлийн корпорац, "Улаанбаатар такси каб" ХХК зэрэг төр, хувийн хэвшлийн компаниудтай хамтарч буйг онцоллоо.  Мөн хувийн машинтай таксийн үйлчилгээнд явдаг жолооч нар үүнд хамрагдах боломжтойг онцолж шинэ, тохилог таксийн үйлчилгээг нэвтрүүлж буй жолооч нарыг дэмжихээ илэрхийлэн амжилт хүслээ.

Нийтийн үйлчилгээнд явах эдгээр машин нь БНСУ-д үйлдвэрлэсэн "Хьюндэй" үйлдвэрийн, газын хийн хөдөлгүүртэй, "Соната" маркийн таксинууд бөгөөд  UB CAB аппликэйшнээр дамжуулан дуудлага өгөх, захиалах, мөн ийм такси хаана явааг мэдэх боломжтойг танилцууллаа. 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлэхдээ, “Нийслэл хотод стандарт, аюулгүй байдлыг хангасан такси үйлчилгээг нэвтрүүлж байгаа нь олон талын ач холбогдолтой. Иргэд хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг учраас ямар ч бүртгэл байдаггүй. Зарим тохиолдолд иргэд таксигаар үйлчлүүлснээс гэмт хэргийн хохирогч болдог. Такси үйлчилгээний наад захын шаардлага хангадаггүй. Тиймээс бид сүүлийн жил гаруй хугацаанд Нийслэлийн Хөгжлийн корпорацтай хамтран ажилласан. Бид шаардлага хангасан такси үйлчилгээ эрхэлдэг ААН-үүдийг бүртгэж, шинэ жолооч нараа 10 хоногийн сургалтад хамруулж байна. Ингэснээр таксины жолооч нартаа техникийн аюулгүй байдал, харилцааны соёл, замын хөдөлгөөний дүрэм, чиглэл маршрут, хувийн ариун цэвэр, англи хэл хүртэл зааж байгаа. Мөн дотроо тусгай үйлчилгээтэй. Бид замын нэгдүгээр эгнээгээр такси үйлчилгээ явах боломжтой болгож байгаа” гэсэн юм.

Такси үйлчилгээний  жолооч П.Хашбаатар хэлэхдээ, "Нийслэлд “UBcup” такси үйлчилгээг нээж,  20 гаруй жолооч, 100 гаруй машинтай  ирлээ.  Иргэд үйлчилгээ авахын тулд “UBcup” аппеликшныг татаж фэйсбүүк эсвэл утасныхаа дугаарыг бүртгүүлэн байршлаа тодорхойлох боломжтой. Аппликэйшин татах боломжгүй тохиолдолд 1133-1212 дугаарын утас руу залган үйлчлүүлэх боломжтой. 

Таксинд хүргэлтийн болон дуудлагын жолооч гэсэн 2 үйлчилгээг нэвтрүүлж байна. Улаанбаатар хотын хаяг байршлыг сайн мэддэг,  хамгийн багадаа 3-4 жил, түүнээс дээш 20 жил такси үйлчилгээнд ажилласан туршилгатай  жолооч нараас шалгаруулж ажилд авсан. “UBcub” Дархан, Эрдэнэт, Дундговь, Дорноговь аймагт салбартай. Нийслэл хот болон  орон нутгийн салбарын нийт 600 гаруй машин иргэдэд үйлчилж байна. Үнийн хувьд нэг км тутамд 1500 төгрөг юм" гэв. 

“Улаанбаатар такси каб" ХХК нь цаашид гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 100 хувь цахилгаан таксиг үйлчилгээнд нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд удахгүй хувиараа такси үйлчилгээ эрхлэх, тодорхой стандартын шаардлага хангасан, зөв талдаа рультай, өнгө үзэмж цэвэр цэмцгэр машинтай жолооч нарыг албан ёсоор бүртгэж эхлэх юм.

Нийслэлд 512 такси үйлчилгээнд явж байгаа нь хангалтгүй бөгөөд судалгаагаар нийт 3000-5000 такси явж байж эрэлтийг хангах боломжтой аж. 

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-29 01:13

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?