Д.НЯМХҮҮ:44 ХҮН ЭМЧЛЭГДЭЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-28 04:41

Сэтгүүлчийн үг

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр өчигдөр 308 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй байна. Дээрх тооны хүмүүст ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймаг дахь лабораторт шинжилгээ хийжээ. Тодруулбал: 

  • Австрали улсаас буюу Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор эх орондоо ирж тусгаарлагдаад буй 262 хүний давтан шинжилгээ,
  • Ажиглах байранд тусгаарласан 9 хүний давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан 3 хүний шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочийн шинжилгээнээс коронавирусний халдвар илрээгүй байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, "Манай улсад "COVID-19"-ийн халдварын 219 тохиолдол батлагдсан. Үүнээс 175 хүн эдгэж, эмнэлгээс гарлаа. Одоогоор ХӨСҮТ-д 44 хүн эмчилгээнд байгаагаас 35-ынх нь биеийн байдал нь хөнгөн, 9 хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 81 хүн хяналтад, 7 хүн  ажиглалтад шилжжээ. Нийт 2636 хүн ажиглалтад байгаагаас 1-5 насны 131, 54 жирэмсэн эмэгтэй, 34 архаг хууч өвтэй хүн байна.Тусгай үүргийн онгоцоор ирэх дараагийн ээлжийн иргэдээ хүлээн авах бэлтгэлээ ханган ажиллаж байна гэв.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, "Дэлхийн хэмжээнд коронавируст цар тахлын халдварын тохиолдол 10 саяд хүрлээ. Одоогийн байдлаар 10 сая 69 мянган тохиолдол бүртгэгдэж, 500 мянган хүн нас барж, 5.4 сая эдгэрсэн. 

БНХАУ, АНУ, Энэтхэг улсын эрдэмтдийн тооцооллоор дэлхийн хүн амын таван хувь буюу 1.7 тэрбум хүн коронавирусээр өвдөж, хүндрэх магадлалтай гэж үзжээ.

Улмаар 60-аас дээш насныхан илүү хүндрэх магадлалтай байна. ОХУ, АНУ-д халдварын тархалт өндөр байна. Манай улстай хиллэдэг ОХУ-ын Тува улс болон Эрхүү мужид халдварын өвчлөл нэмэгдсээр байна" гэлээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-28 04:41

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?