Н.ЭНХБАЯР:ОРОН ДАЯАР СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААХ ЯВЦ ЛУЙВАР БОЛСОН

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-28 01:10

Сэтгүүлчийн үг

Ардчилсан намын зүгээс бие даагчид, эвслүүдтэй хамтран Ерөнхийлөгч Х.Баттулгад УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнг олон нийтэд ил болгох шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Энэхүү шаардлагад УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтад Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйл ажиллагаа хэрээс хэтэрч, Үндсэн хуульд Засгийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалтыг ноцтой зөрчиж, Монгол Улсын түүхэнд байгаагүйгээр ард түмний эрхийг зөрчиж, гутаан доромжилсон үйл явдал болсон тул дахин сонгууль зохион байгуулах нь зүйтэй гэжээ.

Ардчилсан намаас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнд нийт 29 тойргийн хэмжээнд хяналтын тооллого зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ. Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Одхүү томилогджээ. Түүний хэлснээр, нийт 29 тойрогт сонгуулийн үйл явцтай холбоотой гомдол, мэдээлэлд хяналт тавьж, энэ удаагийн сонгууль иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзжээ.

Ардчилсан намын мэдээлснээр, энэ удаагийн сонгуулийн санал хураалтын үеэр маш олон ноцтой зөрчил гарсан байна. Тухайлбал, нэг хүн олон удаа санал өгсөн, хуурамч хаяг, огт байхгүй орон сууцны хаяг ашиглаж санал өгүүлсэн, гадаадад байгаа иргэдээр санал өгүүлсэн болон нас барсан иргэний нэрийг ашиглаж санал өгүүлсэн, иргэдийн зөвшөөрөлгүй хаяг дээр нь амьдардаггүй хүмүүсийг бүртгэж санал өгүүлсэн. Санал өгөөгүй иргэдийг өгсөн болгож бүртгэлжүүлсэн зэрэг сонгуулийн автоматжуулсан системийг бүхэлд нь зөрчсөнийг иргэдээс мэдээлжээ. Хууль зөрчсөн энэ үйл ажиллагааг МАН удирдан зохион байгуулж байна гэж иргэд үзсэн тул нэн даруй үнэнийг тогтоох шаардлагатай гэж улс төрийн нам, эвслүүд болон Ардчилсан нам үзжээ.

УЛС ТӨРИЙН НАМУУД, БИЕ ДААГЧДЫН ШААРДЛАГАТАЙ САНАЛ НЭГДЭЖ БАЙНА

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.ОДХҮҮ: 

-Ардчилсан намаас УИХ-ын ээлжит сонгуулийн дараа иргэдээс ирүүлж буй гомдол, бие даагчид, улс төрийн намуудаас ирүүлсэн гомдлыг анхааралтай харж байна. Бид өнгөрсөн хоёр хоногт нийт 29 тойргийн хэмжээнд мэдээллүүд авч цэгцэллээ. Сонгуулийн явцтай холбоотой бүх гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийсний эцэст энэ удаагийн сонгууль иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Тиймээс сонгуульд оролцсон гурван нам эвсэл, бие даагчдын шаардлага эсэргүүцэлтэй Ардчилсан нам санал нэгдэж, Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлж байна.

Үндсэн хуулийн бус үйл ажиллагаанд төрийн алба хаагчид идэвхтэй оролцсоныг улс төрийн намууд, иргэд мэдээлж байгаа тул сонгуулийг шууд удирдан зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрийн жагсаалт, санал тоолох машин, бусад шалгах шаардлагатай баримт материалуудыг тусгайлан авч шалгах шаардлагатай байна. Хянаж шалгах үүргээ хариуцлагагүй биелүүлсэн Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрыг оролцуулахгүй сонгуульд оролцоогүй төрийн байгууллагаар хуулийн дагуу шалгалтын үйл ажиллагааг явуулж, дүн мэдээллийг олон нийтэд хүргэхийг хүсч байна.

ДАХИН ШУДАРГА СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХЫН ТӨЛӨӨ ТУУШТАЙ ТЭМЦЭНЭ

Хэвлэлийн хуралд “Та бидний эвсэл”-ийн тэргүүн, МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцсон юм. Тэрбээр "Сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг татан буулгаж байж сонгуулийн үйл явц шударга болно. Сонгуулийн санал хураах үйл явцын үеэр нэг хүн хэд хэдэн санал өгсөн гэх факт байгааг хуулийн байгууллага шалгаж тогтоох ёстой. Бидний хардаж буйгаар МАН байхгүй хүмүүсийн нэрсийн судалгааг урьдчилж тооцон, өөрсдийн нэр дэвшигчдэд санал өгүүлэх байдлаар давуу байдал үүсгэж байгаа юм.

Орон даяар сонгуулийн санал хураах үйл явц луйвар болсон. Бид яагаад сонгууль шударга бус болсон гэж үзэж байна гэхээр ардчилсан оронд Засгийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн суурь зарчим үйлчилдэг. Хэрэв энэ эрх Ардын намын мэдэлд шилжвэл Үндсэн хууль зөрчсөн төрийн эрхийг хууль бусаар авч буй гэмт хэрэг болж хувирч байгаа юм. Ардчилсан нийгмээ булшилж буй ноцтой гэмт хэргийг тайван орхиж болохгүй. Дарангуйлал, дарангуйлагч төрөхөөс сэргийлж энэ гэмт үйлдлийг таслан зогсоохгүй бол Монгол Улс тусгаар тогтнолоо алдах аюултай байдалд орж байна. Тиймээс бид шударга сонгууль дахин явуулахын төлөө тууштай тэмцэх болно" гэв.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-28 01:10

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?