О.АМАРТҮВШИН: АРВАН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТУТМЫН ДОЛООГИЙНХ НЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХҮНДРЭЭД БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-19 02:05

Сэтгүүлчийн үг

"Монголд бизнес эрхлэгч 10 ААН-ийн долоогийнх нь үйл ажиллагаа хүндрээд байна" гэж МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдэгдлээ. 

Үүнийг тэрээр тус танхимаас гаргасан сүүлийн судалгаанд үндэслэн хэлж байна гэв. Тэрээр, "Өнгөрсөн 6 сарын хугацаанд бид бизнесийн орчинд 3 удаа судалгаа явуулсан. Эхний судалгаагаар нийт хамрагдсан ААН-ийн 57 хувьд "COVID-19" цар тахлаас үүдэлтэй хүндрэл нөлөөлсөн байсан. Харин энэ нөлөөлөл 2 дахь судалгаагаар 67 хувь, сүүлийн судалгаагаар 73 хувь болж өсжээ. Өнөөдөр зах зээлд бодитой хямрал аль хэдийн үүсээд эхэлсэн" гэв.

Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчдийг салбараар нь авч үзвэл аялал жуулчлалын салбарын 88 хувь тэг зогсжээ. Үүний дараа зочид буудал зоогийн газрууд, боловсрол, тээвэр зэрэг үйлчилгээ хүнд байдалд байна. Харин мэдээлэл холбооны салбарт хамгийн бага нөлөөлж байна. Энэ жил ипотекийн зээлийг шийдсэнээр барилгын салбар харьцангуй эрсдэл багатай байна. 

"Орлогод үзүүлж байгаа нөлөөг судалгаагаар харахад эхэн үеийн хүлээж байсан төлвөөс харьцангуй бага болжээ. Гэхдээ орлого буураагүй бизнес гэж алга. Анх 3 дугаар сард нөхцөл байдлын талаар танилцуулж байхад 5-8 дугаар сарыг хүнд үе гэж харж байсан. Гэвч одоогийн нөхцөл байдлаас харахад УИХ-ын сонгууль дуусахтай зэрэгцээд 7 дугаар сард бид их олон асуудалтай нүүр тулахаар харагдаж байна" гэв.

Судалгаанд хамрагдагсдын 63 хувь нь орлого буурсан учир банканд хандаж эргэлтийн хөрөнгийн зээл хүссэн байна. Гэтэл зээл авах шаардлагууд нь өссөн учир тэдний 25 хувь нь зээл хамрагджээ. Иргэдийн хувьд 68 хувь санхүүгийн нөхцөл байдал нэлээд муудсан. Бага орлоготой иргэдийн хувьд нөлөө илүү өндөр байна. Хувиараа бизнес эрхлэгчид болон зах худалдааны төвүүдэд лангуу түрээслэгч, цагийн ажилчид ихэнх нь ажилгүй болжээ.

Ханшны өөрчлөлтийн хувьд долларын ханш өдрөөс өдөрт суларсаар байна. Энэ нь цаашдаа доллароор орлого олдоггүй компаниудын хувьд нөхцөл байдал нэлээд хүндрэх шинжтэй харагдаж байгааг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч онцлов.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-19 02:05

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?