“THE HU” ХАМТЛАГ УОК-Т ХАНДИВ ӨРГӨХ ОНЛАЙН ТОГЛОЛТОО ЭНЭ САРЫН 23-НД ХИЙНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-14 07:33

Сэтгүүлчийн үг

“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийнэ.  Уг хандивын  тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллаж байна.  “The Hu” хамтлаг  нь хөөмий, хархираа зэрэг монголчуудын хийдэг хоолойн өвөрмөц техникүүд болоод морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн дуугаралтыг орчин цагийн рок хөгжмийн элементүүдтэй хавсарган Хүннү рок урсгалыг дэлхийн тавцанд танилцуулаад байгаа юм.

Дэлхийг тойрон аялах тоглолтын хугацаандаа цар тахлын улмаас түр зогсолт хийсэн “The Hu” хамтлаг улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулж, цар тахлын үед элэг нэгт монголчууддаа сэтгэлийн дэм өгөхөөр тоглолтын бэлтгэл ажилдаа аль хэдийнэ оржээ. 

"COVID-19"-ийн эсрэг амжилттай тэмцэж, ард иргэдээ хамгаалж буй хүмүүст талархан,  иргэн бүр хариуцлагатай байх нь чухал энэ цаг үед урьдчилан сэргийлэх, хамгаалах ажиллагааг сулруулахгүй, сонор сэрэмжээ алдахгүй байхыг нийт монголчууддаа сануулж уг тоглолтыг зохион байгуулж байгаа аж.   МҮОНРТ-ээр шууд дамжуулан дунджаар хоёр цаг орчим үргэлжлэх тоглолтын үеэр үзэгчид, ард иргэд мөнгөн хандиваа Хаан банкны данс болон Candy данс руу шилжүүлэх боломжтой ба тоглолтын хугацаанд цугларсан хандивыг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Улсын Онцгой комисст хандивлана.  “The Hu” хамтлаг Европын орнуудад хийх аялан тоглолтынхоо салхийг хагалж  “White Rock Center”-т 2019 оны тавдугаар сарын 23-нд “Гэрэг” хэмээх бие даасан тоглолтоо хийж байсан билээ. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-14 07:33

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?