ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТҮР ХОРОО БАЙГУУЛЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-13 23:36

Сэтгүүлчийн үг

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы  (2020.05.13) нэгдсэн хуралдаанаас Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Түр хороо байгууллаа. Тодруулбал, Улсын Их Хурлаас өнгөрсөн долоо хоногт Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах тухай хууль баталсан. Уг хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Түр хороог УИХ-ын бүх Байнгын хорооны болон Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулахаар хуульд заасан.

Энэ үндсэн дээр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан юм. 

Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, түр хорооны гишүүдэд: УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ауйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн төлөөлөл О.Баасанхүү, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь ШИНЭ намын зөвлөлийн Л.Болд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Түр хороо нь уг хуулийн хэрэгжилтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэх, бусад Байнгын хороогоор энэ хуулийн хэрэгжилтийг хэлэлцүүлэх санал гаргах зэрэг чиг үүрэгтэй ажиллах юм байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэнээр “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоол батлагдав.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-13 23:36

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?