ЦАР ТАХЛЫН ҮЕЭР ХАМГИЙН ИХ АШИГ ОЛЖ БУЙ САЛБАРУУД...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-13 00:39

Сэтгүүлчийн үг

Цар тахлын үеэр хамгийн их ашиг олж буй салбарууд

Дэлхийн олон оронд гарч, эдийн засаг, бизнес, эрүүл мэнд, боловсрол гээд бүх л салбарт нөлөөлж буй шинэ төрлийн коронавирусийн улмаас үнэт цаас, түүхий эдийн ханш савлаж, үйлдвэрлэл, тээвэр зэрэг олон салбар алдагдал хүлээж байна. Гэхдээ халдварт өвчний үеэр бүгд хохирч буй юм биш. Коронавирусийн халдвараас үүдсэн нөхцөл байдалд ашиг олж буй салбар, бизнесүүдийг онцолж байна. 

Эм, эмнэлгийн хэрэгсэл-Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, энэ төрлийн бизнес зөвхөн коронавирусийн үед ч бус, бусад халдварт өвчний тархалтын үед асар их ашиг олдог. Амны хаалт, ариутгалын бодис, оношлуур, хамгаалалтын хувцас, хэрэглэл, вирусийн гаралтай өвчний эсрэг эм, бэлдмэлийн эрэлт эрс нэмэгдсэнээр  үнэ нь өсөж, үүнийг дагасан  хөөрөгдөл ч гаардаг. Амны хаалтны үнэ ердийнхөөс дунджаар 4-8 дахин өссөн гэж ажиглагчид онцолж байгаа билээ. Эмнэлгийн хувцас хэрэглэл, ариутгалын бодис үйлдвэрлэгч “Kimberly-Clark” компанийн хувьцаа энэ сард түүхэнд байгаагүйгээр өссөн үзүүлэлттэй байгаа нь үүний баталгаа. 

Хувийн онгоц захиалга-“Ковид-19” халдварын тархалтын нөхцөлд эрэлт нь нэмэгдэж буй бас нэг бизнес бол өндөр орлоготой иргэдэд зориулсан VIP үйлчилгээ. Тухайлбал, олон оронд агаарын тээврийн үйлчилгээ саатсан энэ үед хувийн онгоц захиалгын эрэлт нэмэгдэж байна. Чинээлэг иргэд онгоц захиалж нисэх нь нэмэгдэж байгааг “Bloomberg” онцолжээ. Хувийн агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг “PrivateFly” компанийн тэргүүн Адам Твиделлийн хэлж буйгаар ийм олон захиалга хүлээж авсан удаа урьд хожид үгүй аж.

Онлайн худалдаа- Олон улсад тархаж буй коронавирусийн улмаас тогтоосон онцгой байдал, хөл хорионы дэглэмийн үед хүмүүс цахимаар худалдаа хийх нь эрс нэмэгдэж байна. “Амазон” компани бараа, бүтээгдэхүүнийхээ цэсэнд ахуйн хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, эм тариа нэмснийг “Financial Times” сонин онцолж байна. Технологийн салбар, тэр дундаа “Амазон”, “Алфабет”, “Эйпл”, “Алибаба”, “Тенсент”, “Таобао” тавцангуудыг хэрэглэгчид түлхүү сонгох болов.

Харилцаа холбооны салбар- Хөл хорионы үед зайнаас ажиллах нь  зайлшгүй болж байна. Одоогоор дэлхий даяар хэдэн арван сая ажилтан гэрээсээ, зайнаас ажиллаж байгаа бөгөөд үүнийг дагаад харилцаа холбооны салбарын өсөлт нэмэгдэж буй. Интернэт, үүрэн холбоо, харилцааны тавцанг ашиглан ажиллаж буй үзэгдлийг “smart working” гэж нэрлэж байгаа юм. Видео хурал, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг “Zoom” компанийн хувьцааны үнэ  хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд  101 хувиар өссөн байна. 

Энтейртаймент үйлчилгээ үзүүлдэг компаниуд- Кино, олон ангит цуврал, тоглоом, видео хичээлийн үйлчилгээ хамгийн эрэлттэй байна. Ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг “Netflix”, “Amazon Prime” болон “Disney+” компаниудын хэрэглэгчдийн тоо эрс өсөж, тухайлбал Италид 66 хувь, Испанид 35 хувиар нэмэгджээ. Харин БНХАУ-д онлайн тоглоомын зах зээл өсөж, “Apple Store” дэлгүүрээс тоглоом татах нь 27.5 хувиар өссөнийг “Sensor Tower” онцолжээ.

Шанхайн “Disneyland”-ийн бүх тасалбар дуусжээ

АНУ-ын “Walt Disney” компани БНХАУ-ын Шанхай хот дахь “Disneyland” паркийг цөөн үйлчлүүлэгч хүлээн авах зориулалтайгаар нээжээ. Уг парк коронавирусийн халдварын тархалтын улмаас гурван сар гаруйн турш хаалттай байсан юм. Даваа гарагт паркаар зочлох бүх тасалбар дуусжээ. “Disney” компанийн дэлхий даяарх зургаан паркаас Шанхайн парк хамгийн эхэнд нээгдэж буй нь энэ юм. Хятадад сүүлийн долоо хоногуудад халдварын тохиолдлын тоо ихээхэн буурсан бөгөөд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг аажмаар сулруулж байгаа ажээ. Тус улсад ням гаригт халдварын 17 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон хэдий ч даваа гарагт нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн нь зөөвөрлөгдөн иржээ. Хятадад өнөөдрийн байдлаар халдварын 82919 тохиолдол бүртгэгдэж, 4633 хүн нас барсан байна

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-13 00:39

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?