Ч.ЭНХЭЭ:ТАНЫ ИТГЭЛ- МИНИЙ ХУЛХИДАЛ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-12 00:14

Сэтгүүлчийн үг

ФБ-ийн найз зарим хүмүүсийн сэтгэгдэлд хариу болгож өөрийнхөө "Хар ном"-ыг Та бүхний таалалд өргөн барьж байна. Уул нь шижир алтан цаасан дээр хэвлэж, үнэт болон хагас үнэт эрдэнийн чулуугаар чимэглэн тараах бодолтой байсан боловч цаг давчуугаас, нөгөө талаар зарим нэг ухвар мөчид хүмүүс хог руу хаяхаар байнга заналхийлж байгаагаас хамааран амжаагүйдээ хүлцэл өчье.


"Сансар орчлонгийн оюун ухаантай амьтадын Нэгдсэн холбооны их хуралд Монгол улс тойрогоос сонгогдон ажилласан Ч.ЭНХЭЭ миний ажлын тайлан.


1. Гишүүний хувьд хийсэн ажлууд:


-Тайлангийн хугацаанд сансар огторгуйг энх тайвны зорилгоор ашиглах зарчимд харшилсан үйлдлүүдтэй идэвхтэй тэмцэж, зарим ухвар мөчид гарагийн иргэдийн өнөөг хүртэл хэрэглэсээр байгаа чавх, гар эрзээн зэргийг бүрмөсөн хориглох хуулийн төслийг боловсруулж, өргөн барьж, батлуулав
-Дэлхий гараг дээр ялаа, шумуулыг ялгаварлан гадуурхаж, амь насыг нь, алгадах зэрэг хуулиар хориглосон аргуудыг хэрэглэн зэрлэгээр хөнөөсөн аймаглан устгах шинжтэй гэмт хэргийн тоо өсч байгааг харгалзан, ийм хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгах хуулийн төслийг боловсруулж, энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулав.
-Цаашид корона буюу титэмт вирүсийг, байгалийн бодгаалийн хувьд нь хамгаалах хуулийн төслийг боловсруулж байгаа болно.


2. Сонгогдсон тойрог дээрээ хийсэн ажлууд:


-Өөрийн сонгогдсон Монгол Улс тойргоо хөгжүүлэх сан байгуулж, эдийн засгийн хүндрэлийг давахад зориулан бусад гарагуудын Засгийн газраас 105 мянган сая их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл авах асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд, эхний хэсгийг 237 жил, 8 сар, 11 хоногийн дараа, оройн 16 цаг 18 минут 30 секундээс хэтрэлгүйгээр Монголбанкинд байршуулах гэрээг байгуулж, үзэглэв.
-Байгаль хамгаалах шинэ технологийг боловсруулж, хавар намрын хуурайшилтай үед ихээр гардаг гал түймрийг алсаас удирдан унтраадаг шинэ төхөөрөмж гарган Богд хан уулын "Соёмбот" хошуунд гарсан түймэр дээр амжилттай туршив. Жич: шинэ төхөөрөмж гарсныг мэдээгүйгээс өөрсдөө унтраах гэж очсон иргэдийн хүчин зүтгэлийг үгүйсгэхгүй боловч, гол үр дүн нь төхөөрөмжийн ажиллагаа байсан гэдгийг зориудаар тэмдэглэхийг хүсч байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, үнэн бодит байдлыг гуйвуулсан худал мэдээ тарааж байгаа этгээдүүдийг Оюуны өмчийн газарт өгч шалгуулах болно


3. Тойргийн иргэд надад дахин итгэл хүлээлгэж сонгох ахул дараахь ажлуудыг хийж гүйцэтгэх болно.

Үүнд:
-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засварын ажил удааширч байгааг харгалзан Монгол Улсын газрын зураг дээрх тэмдэглэгээнд өөрчлөлт оруулж, Одоо Дархан хот байрлаж байгаа Бурхантын хөндийг хот суурин байхгүй, эзгүй зэлүүд газар гэсэн тэмдэглэгээг оруулах нь зүйтэй. Ингэснээр иргэд Дархан явах шаардлага багасч, ачаалал хөнгөрөн, зардал хэмнэгдэх сайн талтай юм.
-Сонгуулийн хугацаандаа иргэн бүрийг "Карлсон" системийн, хувийн нисдэг төхөөрөмжөөр хангуулах талаар ТЭЗҮ боловсруулж байна. Ингэвэл Монголд ерөөс зам харгуй шаардлагагүй болж, улс орон байгалийн унаган төрхөндөө эргэж орох боломж бүрдэх юм.
-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлыг харгалзан, бүх шатны боловсролыг, хүүхдийг эхийн урагт байх хугацаанд багтааж шийдвэрлүүлэх болно. Тухайлбал бүх шатны сургалтыг дуу хураагчид бичин, жирэмсэн эхийн байгаа орчинд өдөр шөнөгүй тавих замаар шийдвэрлэх боломжтой юм. Шинээр төрсөн хүүхдэд, төрөх тасагт бакалаврын диплом, ромбыг гардуулдаг болсноор, багш нар шалгалтын үеэр авилга авах, төгсөлтийн баяр хэмээн үрэлгэн зардал гаргах асуудлаас ч бас ангижирна гэж үзэж байна. Яваандаа зөвхөн бакалаврын ч биш, магистр, докторын зэрэгтэй хүүхдүүдийг төрүүлэх асуудлыг судалж байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэж чадвал дараагийн шатанд хүүхэд бүр Кант, Гегель, Шекспир, Королевын хэмжээнд бэлтгэгдсэн байх асуудлыг шийдвэрлэх боломж нээгдэх юм.
-Эрүүл мэндийн үйлчилгээний асуудал толгойны өвчин болсоор байгаа харгалзан, бүх эмнэлгүүдийг хааж, эмч, сувилагчийн орон тоог цомхотгох асуудал нэн чухал гэж үзэж байна. Үүний оронд оршуулах ёслолын үнэлэмжийг дээшлүүлж, үзэл суртлын өндөр хэмжээнд зохион байгуулдаг болох, нас барагсдыг нутаглуулах үеэр нэртэй хамтлаг, дуучдын тоглолтыг өргөнөөр зохион байгуулдаг байх, шарил хадгалдаг газруудыг Францын хааны ородноос дутахгүйгээр тохижуулах шаардлагатай. Энд бас нэг тулгамдсан асуудал бол хүн амьддаа буян, нүглийн алийг түлхүү хийснээс хамааран зарим нь диваажинд, зарим нь тамд очдог тэгш биш байдлыг халах нь зүйтэй. Ийм байдлаас болоод албан ёсны баталгаатай нэг гэр бүлийн гишүүдийг хуулиас гадуур аргаар салгадаг байдалд ч зарим тохиолдолд хүрч байна. Иргэдийн ийм тэгш бус байдал нь Ардчилсан ёсны зарчим, Үндсэн хуульд заасан иргэдийн ижил тэгш эрхийг ноцтой зөрчиж, нас барагсдыг хооронд нь талцуулан хуваагдахад хүргэж байгаа байдлыг харгалзан Үндсэн Хуулийн Цэцээс энэ байдал Үндсэн хууль зөрчиж байгааг тогтоолгон, иргэн бүр диваажингийн оронд төрөх эрхтэй гэсэн шийдвэр гаргуулахаар нэр бүхий хуульчидтай хамтран ажиллаж байгаа болно.
Та бүхэн миний тайлан, мөрийн хөтөлбөрийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байхын ялдамд, өөрсдийн хувьд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх тал дээр санаа оноогоо хуваалцахыг урьж байна.


ТАНЫ ИТГЭЛ- МИНИЙ ХУЛХИДАЛ



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-12 00:14

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?