С.ОТГОЧУЛУУ:“АЛСЫН ХАРАА 2050”-ИЙН СУДАЛГАА ҮНДЭСЛЭЛ НЬ БОДИТ БАЙДЛААС ЗӨРҮҮТЭЙ, ХЭТ ӨӨДРӨГ САНАГДСАН

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-10 11:57

Сэтгүүлчийн үг

Эдийн зaсагч Ч.Отгочулуутай Өдрийн сонин ярилцжээ. Тэрбээр эрх баригчдын "Алсын хараа-2050"-ийн талаар байр сууриа илэрхийлсэн байна...

 

-Эрх баригчид Алсын хараа 2050 энэ тэр гээд ирээдүйгээ харсан бодлогын баримт бичиг хийгээд яваа анзаарагдах юм. Тэр бичиг баримтыг нь олж харсан уу?

-Хальт харсан. Зангидсан зүйл нь тааруу юм билээ. Судалгаа үндэслэл нь бодит байдлаас зөрүүтэй, хэт өөдрөг санагдсан.

-Судалгаагүй мөрөөдөл бичсэн гэдэг дээр ямар жишээ байна?

-Их л олон хот суурин байгуулна гэсэн байна лээ. Эдийн засгийн хувьд өөрийгөө тэтгэх боломжтой, ядаж л эмч, багш нарын хүрэлцээ сайн байж хот бий болдог. Гэтэл тэр талыг нь шийдсэн юу ч харагдаагүй.

Хүмүүсийн цалинг маш өөдрөгөөр төсөөлсөн харагдсан. Бүтээмж, гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр цалин өсөхгүй. Гэтэл өнөөдөр ямар байгаа билээ, гадаадын хөрөнгө оруулалтыг бараг бүгдийг нь хөөгөөд гаргачихсан. Солонгос, Японы жишээг нэлээд сайн авсан гэж тайлбарлаж байсан.

Гэтэл тэр улсууд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байж хөгжсөн түүхтэй. Манайх шиг гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж гаргаад, дотооддоо бизнес хийж яваа бүх хүнээ барьж авч шоронд хийгээд байвал хөгжихгүй. Уг нь “Тогтвортой хөгжил 2030” олон улсын стандартаар хийсэн сайн бодлого байсан юм. Яг энэ бодлогын дагуу Сангийн сайд саявтар НҮБ-аас нэлээд том төсөл авч харагдсан.  АН арай олон суудалтай байхдаа энэ бодлогыг гаргасан болохоор 2050 гэсэн бодлого баталж сөргүүлж тавиад байгаа ч юм шиг. Хамгийн аюултай нь Германы Хөгжлийн яам Тогтвортой хөгжил-2030, хүний эрх ардчилал дээр дэвшил гаргахгүй байна гэсэн шалтгаанаар төслөө зогсоох орнуУдын тоонд Монголыг оруулсан байна лээ. Монголын гол бэрхшээл энэ л дээ.  Тодруулж хэлбэл, Засгийн газар бүр өөрсдөө урт хугацааны бодлого гаргаж ирээд байна.

-Эдийн засагчийнхаа хувьд Засгийн газарт ямар зөвлөгөө өгөх вэ?

-Өмнөх Засгийн газрууд иймэрхүү хүнд байдал, хямралуудыг даваад гарч байсан. Дэлхийн эдийн засгийн хямралын нөлөө манайд жилийн дараа нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл дараа жилийн өдийд хямралын нөлөө жинхэнэ утгаараа мэдрэгдэнэ. Тэгэхээр хямралтай жилүүдэд зовлон үзсэн, асуудлыг давж гарсан хүмүүсээс бүрдсэн зөвлөхүүдийн баг байгуулах ёстой. Тэгэхгүй бол манай Засгийн газрын сайд нарт багийн тоглолт гэж алга.

Хүн бүр хувийн тоглолт хийж, тус бүрдээ ардын баатар болоод байна л даа. Нэг л юманд маш сайн байна. Цэдэнбалын үеийнх шиг пропоганда хийхдээ үнэхээр сайн байгаа. Зохиомол дайсан олохдоо сайн хэр нь шийдэл олохдоо маш муу байна. Уг нь шийдэл олж байсан, одоо ч олж чадах хүмүүс бий. Хамгийн том жишээ нь С.Баяр, М.Энхсайхан хоёр. Гэтэл нэгийг нь хорьж, нөгөөг нь хорих гээд шүүж байх жишээний. Уг нь тэд шүүхийн танхимд биш УИХ, Засгийн газрын танхимд зөвлөгөө өгөөд сууж байх ёстой.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-10 11:57

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?