ТАВДУГААР САРЫН ЕСӨН - ЯЛАЛТЫН БАЯРЫН ӨДӨР

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-09 03:21

Сэтгүүлчийн үг

Аугаа эх орны дайны Ялалтын 75 жилийн ойн баяраа Оросууд тэмдэглэж байна. Коронавирусний цар тахлын улмаас Ялалтын баярын жагсаалыг хойшлуулаад байгаа хэдий ч Улаан талбайд агаарын цэргийн хүчний үзүүлбэрийг толилуулах төлөвтэй байна. Агаарын цэргийн хүчний үзүүлбэр ОХУ-ын 47 хотод, мөн хилийн чанад дахь Оросын цэргийн баазуудад болох аж. Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлж, Мөнхийн галд цэцэг өргөнө. Коронавирусний халдвар тархсантай холбоотой нөхцөл байдлын улмаас Аугаа Эх орны дайнд ялсны 75 жилийн ойд зориулан зохион байгуулахаар төлөвлөсөн олон арга хэмжээ, тэр дундаа “Мөнхийн хороо” арга хэмжээ цахимаар болох юм. Ялалтын 75 жилийн ойн баярын хөтөлбөр ёслолын буудлагаар өндөрлөнө. 

Дэлхийн II дайнд Фашист Германыг даран сөнөөхөд оролцсон улс болгон оруулсан хувь нэмрээрээ бахархах ёстой,тийм эрхтэй. Түүн дотроос Монгол Улсын байгуулсан гавьяаг өндөр үнэлж ирсэн билээ. Монгол Улсын тусламж ЗХУ-ын Улаан армийн хүнд хэцүү дайнд ялахад чухал тус дэм болсон юм. Монголчууд “Тэнэгэр явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тивнээр тусла” гэж ярьдаг ард түмэн. Угаасаа тусалж дэмжсэнээ ярих дургүй ард түмэн тул чимээгүй даруухан суун, энэ талаараа кино, жүжиг ч бүтээсэнгүй. Тэгвэл тэр үед сая хүрээгүй хүн амтай байсан манай улсын хувьд ЗХУ-д үзүүлсэн тусламж бол жинхэнэ гавьяа байлаа. Фашист Германы арми ЗХУ-д итгэл эвдэн, халдан довтлоход ЗХУ-ыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн хамгийн анхны улс нь БНМАУ байлаа. 1941 оны зургаадугаар сарын 22 буюу дайны эхний өдөр МАХН-ын Төв Хороо, АИХ хуралдаж, Зөвлөлтийн ард түмэнд бүх талын тусламж үзүүлэхээр санал нэгтэй шийдвэрлэжээ.

Манай улс ЗХУ-д юуны өмнө эд материалын тусламж үзүүлсэн бөгөөд энэ тусламжийн хэмжээ дэлхийн бусад орны тусламжаас илүү байсан гээд бод доо. Хүн амын тоо бага, жижиг буурай орон хүн төрөлхтнийг фашизмын аюулаас аврахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэжээ.

Тэсвэр хатуужилтай, хүчирхэг 500 мянган монгол адуу фронтод хүчин зүтгэсэн. Дэлхийн II дайн мотор, техникийн өрсөлдөөн, тэмцэл байсан ч дайтагч талуудад морь маш хэрэгтэй байлаа. Морин цэрэгт ашиглагдахаас гадна их буу, зэвсэг техник зөөхөд монгол морь их дэм болсон юм. 1943-1945 онд фронтын шугаманд байсан таван морийн нэг нь монгол морь байлаа.
Монголчуудын тусламжийн хөрөнгөөр бүхэл бүтэн танкын цуваа байгуулсан. Бүх танк нь өөрийн нэртэй. “Ардын Их Хурал”, “БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл”, “Сүхбаатар”, “Маршал Х.Чойбалсан”, “Хатанбаатар Магсаржав”, “Монгол чекист”, “Монгол ард” гэсэн нэртэй танкууд Зөвлөлтийн армитай хамт чөлөөлөх дайнд оролцсон. Т-34 танк (32 ширхэг), Т-70 танк (21 ширхэг), Т-70 танк 5 ширхэг нийлүүлжээ. Мөн манай Засгийн газраас ЗХУ-ын Гадаад худалдааны банканд 2.5 сая рубль, 100 мянган ам.доллар, 300 кг алт шилжүүлж, энэ хөрөнгөөр “Монгол ард” нисэх эскадриль байгуулж байлаа.

ЗХУ-ын Удирдагч Иосиф Сталин 1943 оны наймдугаар сарын 18-нд “БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсанд. ЗХУ-ын Засгийн газар, өөрийн нэрийн өмнөөс танд болон Монголын Засгийн газар, ард түмэнд Гитлерийн булаан эзлэгчидтэй баатарлагаар тэмцэж байгаа Улаан армид “Монгол ард” нисэх эскадриль байгуулахад зориулан, хоёр сая рубль бэлэглэсэнд талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн цахилгаан мэдээ илгээж байжээ. 

Улаан армийн офицеруудад зориулан богино дээл хувцас оёх хонины арьсыг зөвхөн Монгол нийлүүлж байлаа. Нийслэл Москвад тулж ирсэн фашистууд өвлийн хүйтэнд хөлдөж үхэх гэж байхад Зөвлөлтийн цэрэг дайчид монгол арьсан дээлтэй дулаахан байсан гэдэг. Цэрэг дайчдын шинельд хэрэглэгдэх ноосыг галт тэрэгний цуваагаар тасралтгүй илгээж байв. Мэргэжилтэн шинжээчдийн тооцоолсноор Монгол Улс АНУ-ын ленд-лизийн шугамаар нийлүүлсэн мах, арьснаас илүү бүтээгдэхүүн ЗХУ-д нийлүүлсэн байдаг.

1942 оны 11 дүгээр сард ЗХУ-д илгээсэн галт тэрэгний нэг цуваанд багтсан барааны жагсаалтыг толилуулья.

“Богино дээл - 30 115 ширхэг; эсгий гутал - 30 500 хос; үстэй гутал - 31 257 хос; үстэй  хантааз - 31 090 ширхэг; цэргийн бүс - 33 300 ширхэг; үстэй малгай - 2 290 ширхэг; үстэй хөнжил - 2 011 ширхэг; жимсний чанамал - 12 954 кг; зээрний бүхэл мах - 26 758 ширхэг; мах - 316 000 кг; хувийн илгээмж - 22 176 ширхэг; хиам - 84 800 кг; тос - 92 000 кг” гэж 1971 оны “Монгол ард эскадриль” номонд дурджээ. Ганцхан цувааны бараа шүү дээ. Ийм цуваа хэдэн арваараа хойд зүгийг зорьж байлаа. Монгол эмэгтэйчүүд ээмэг бөгжөө хандивлаж, эрчүүд нь адуу малаа бэлэглэж, ер нь байдагаа барьж байсан тул Монголын зарим аймагт өлсгөлөн гарч байжээ.

Нийт илгээсэн 237 вагон тусламжийн бараанд 1000 тонн мах, 90 тонн тос, 80 тонн хиам, 150 тонн чихэр, 30000 богино дээл, 30000 хос эсгий гутал, 30000 үстэй өмд байжээ.

Эд материалаас гадна фронт дээр Германы фашистуудтай цус урсган тулалдсан, амь насаа алдсан монгол эрчүүд ч байлаа. Дайн эхлэх үед ЗХУ-ын цэргийн сургуульд суралцаж байсан хэдэн зуун монгол оюутан бүгд сайн дураар фронтод байлдахаар явсан. Тэднээс гадна хэдэн мянган монгол залуу сайн дураар фашистуудын эсрэг байлдсан байдаг. Одоо хүртэл тэдний нарийн тоог гаргаагүй, түүхийн нэгэн цагаан хуудас болон үлджээ. Малчин, анчин хүний төрөлхийн соргог зан, авьяас чадвартай тэд ихэнхдээ мэргэн бууч, тагнуулч болж байсан гэдэг.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-09 03:21

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?