ИРГЭНИЙ ИНДЭР:ХОТЫН ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ХОТЫН ДАРГЫН ГАРТ БАЙДАГ...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-08 04:13

Сэтгүүлчийн үг

Хот суурин газар үзэсгэлэнтэй, хүн амьдрахад тухтай байх нь хотын даргыг хэрхэн сонгохтой шууд холбоотой. Та нар нэгэн зүйлийг анзаарсан уу?  Франц, Англи, Итали гэх мэт Европын орнуудаар аялах, ядаж л нэвтрүүлэг үзэхэд уран барилгын гайхамшиг, хот төлөвлөлт, зохион байгуулалтыг өөрийн эрхгүй шүтмээр... Парис, Лондон, Венеци гээд үнэхээр үзэх, шүтэх юмтай хот дэлхийд цөөнгүй бий. Харин Хятад, Япон гэх мэт улсуудад хааны ордноос өөр үзэх, харах эртний барилга байгууламж бараг байдаггүй гээд хэлчихэд буруудахгүй байх.  Мэдээж уран барилга гэж тооцож болох сүм, хийдүүд байдаг л даа.

Тэгвэл ОХУ-ын хотуудын зөвхөн төв хэсэг нь хүн сонирхож болохоор байдаг. За тэгээд хотынхоо зах руу гарахад социализмын үеийн угсармал байшингуудаар дүүрсэн нь ер нь аль хотод яваад байгаагаа мартахуйц байдалд оруулмаар. Мэдээж энэ нь тухайн хот суурингийн эртний хөгжил, уламжлал гээд олон зүйлээс шууд хамаарна.

Тухайлбал, Итали улс нь олон хот-улсаас бүрдэж байгаад бүүр 19 зууны дундуур нэгдмэл улс болсон байдаг.  Бие даасан байдалтай, өөрсдөө баян чинээлэг байна гэдэг нь тэр хотын тусгаар тогтнолын асуудал байсан учир өнөөгийн хэлээр бизнесийг дэмждэг, шинэ техник, технологийг нэвтрүүлдэг, шинжлэх ухааныг хөгжүүлдэг гэх мэт олон төрлийн дэвшлийг тэр хотууд авчирсан. Гэхдээ хамгийн гол нь өөрсдийнхөө удирдлагыг өөрсдөө сонгодог зарчим.  Сэргэн мандалтын үед аугаа Леонардо да Винчи, Микеланжело нар нь гэрээгээр (мөнгөний хойноос гэж бичмээргүй байсан учир) Генуя, Флоренци, Милан хотуудад очиж бүтээлээ туурвиж байсан. Гол нь ард түмний шууд сонголтоор тухайн хот /улсын захирагч нь нэг талаас хот/ улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалахын тулд эдийн засгийн хувьд хүчирхэг байх ёстой. Энэ нь бизнес, худалдааг хөхүүлэн дэмжүүлэх шаардлагатай уялддаг. Нөгөө талаас ард иргэдийн дэмжлэгийг авахын тулд хотын инжинерингийн асуудлуудыг шийдвэрлэх барилга байгууламжуудыг бүтээх хэрэгтэй болдог.  Зөв бодлого хэрэгжүүлж, санхүүгийн чадавхитай болмогц гоо сайхны шаардлагыг хангасан барилга байгууламжуудыг босгосноор өнөөдөр тэр хотууд нь жуулчдыг татах үндсэн хэрэгсэл болж ирээдүйдээ оруулсан асар том хөрөнгө оруулалт болжээ.

Зөвхөн Итали улсын Флоренци хотын түүхийг харахад тэр хотыг Медичи гэдэг гэр бүлийнхэн олон зуун жил удирдаж өнөөдөр тэр гэр бүлийнхэн сураггүй алга болсон ч гэсэн тэдний байгуулсан Понте Веккьо-хуучин гүүр, Палаццо Веккьо-хуучин ордонг жил бүр хоёр сая орчим жуулчин ирж үздэг нь Флоренци хотын нийт орлогын 40 хувийг бүрдүүлдэг гэнэ. 400 сая биш ч гэсэн  чамлахааргүй тоо.

За яах вэ, ардчилсан системтэй улс ийм байдаг байж. Тэгэхэд хязгааргүй эрхт хаант улс байсан дундад зууны Францын хотууд яагаад ийм гоёмсог байна вэ?

Хааны эрх нь хязгааргүй гэдэг байсан ч хот бүр өөрийн дарга/мэр/-ыг сонгодог уламжлал бүүр 1128  онд хамгийн анхны удаа 6-р Луи хаан Лаон хотын иргэдэд хотын дарга, шүүгчдийг сонгох эрхийг олгож, татварын тодорхой хэсгийг өөрсдийн хэрэгцээнд авч үлдэхийг зөвшөөрсөн тунхагт гарын үсэг зурснаар зуун жилийн дотор энэхүү эрхийг Франц улсын бүх хотууд эзэмших болсон юм.

Францын хааныг дэмжих биш бүр тэрсэлдэж байсан Ним гэж хот байдаг. Дашрамд сонирхуулахад, Деним гэж өнөөгийн жинсний материалыг тэр хотод анх үйлдвэрлэж эхэлсэн гэдэг.

Энэ хотын иргэд Христос шашны протестантизм урсгалд нэгдэж Франц улсын үндсэн шашин болсон католикуудыг нь хүйс тэмтэрч байсан хот. Хэдийгээр тодорхой шийтгэл хүлээсэн ч гэсэн Франц дахь протестантуудын төв болж үлдэж чадсан.

Францын хаан Ним хотыг үнсэн товрого болгоогүйн гол шалтгаан нь бол татварт их мөнгө төлдөг баян хот байсан.  Ним хотын иргэд нь эртний Ромын театр, сүмүүдийг бүтнээр нь хадгалж үлдсэн дэлхий дээрх цорын ганц хот.

14-р зууны үед Ним хотын захиргаа Францын хааны зарлигаар 200 цэрэг явуулах ёстой байсан ч хөрш зэргэлдээ хотоос мөнгөөр цэрэг хөлсөлж, өөрсдийн мэргэжилтэй залуучуудаа дайнд явуулалгүй авч үлдсэн тухай түүх байдаг.

Хятад, Японы түүх бол үндсэндээ бүх эрхийг гартаа атгасан эзэн хааны түүх. Бээжин хотод Хориотой хотхоноос өндөр байшин барьж болдоггүй байсан.  Өөрөөр хэлбэл, Бээжин хотын хамгийн эртний барилга нь Чан Кай Ши-гийнх,  дараа нь Мао-гийн үеийн тэгээд орчин үеийн барилга байгууламжууд гэсэн үг.

Хятадын бүх муж хааны илгээсэн хүмүүсээр удирдуулж  ирсэн түүхтэй агаад томилогдсон муж, хотын дарга нар нь томилсон эздийнхээ төлөө зүтгэнэ үү гэхээс нутгийн ард түмний төлөө зүтгэх ямар ч сонирхолгүй байсан нь мэдээж.

Өнөөдөр Хятад улсын хамгийн үзэсгэлэнт хот гэгдэх Шанхай хотын нэрийн хуудас болсон Пудон дүүрэгт 1920-оод оны европчуудын бүтээсэн барилгууд байдаг.

Япон улсын хувьд ч гэсэн хааны ордноос илүү барилга барьж болохгүй байсан учир өнөөдөр бид энэ хоёр улсад эртний барилга гэж зүйл олж хардаггүй. Сүм, хийд бол өөр асуудал.

Өөрийн гэсэн удирдлагатай, тодорхой хэмжээгээр төрөөс бас ангид байдаг байсан учир өнөөдөр бид сүм хийдийн гоё барилгуудыг бас харж болно. Гэхдээ хааны ордон гэдэг дээд хязгаарын дотор бүгд багтана.

ОХУ-ын улсын бүх хотуудын төв хэсгүүд нь нэг л өөр байдаг. “Цуст” гэгдэж байсан Романовынхны үед оросын бүх хотууд даргаа сонгодог байсан.  Тиймд өнөөдөр бидэнд жаахан үзэх юм үлдээсэн. Тэгээд хотын шинэ бүтээн байгуулалтыг төвөөс томилогдсон хотын намын хорооны дарга төвлөрсөн эдийн засгийн үед хамгийн хямд, барихад хялбар угсармал байшингуудаар дүүргэсэн.

Тэгвэл манай улсын Засаг даргыг тухайн аймаг нийслэл, сум дvvрэг, баг хорооны хурлаас нэр дэвшvvлж, аймаг нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум дvvргийн Засаг даргыг аймаг нийслэлийн Засаг дарга сонгож батламжилдаг. Товчхондоо төрийн эрх барьж буй намаас сонгодог гээд хэлчихэд болно.Хэрэв Улаанбаатар хотын дарга тус хотноо оршин суугчдын саналаар сонгогддог байсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан гэж итгэдэг.

Хотын даргыг шууд сонгох ач холбогдлын бас нэг өнцөг бий.

Францын ерөнхийлөгч асан Жак Ширак Парис хотын даргын суудлаас Ерөнхийлөгч болсон. Өнөөгийн Их Британи улсын ерөнхий сайд Борис Жонсон нь Лондон хотын мэр байсан.

Томоохон хотыг сайн удирдана гэдэг улс төрийн асар том шалгуур болж, шинэ, залуу улстөрчдийг бэлдэх том полигон болдог нь дэлхийн жишиг...

П.ХИШИГБАЯР

 

 

МАНАЙ САЙТЫН “ИРГЭНИЙ ИНДЭР” БУЛАНГ  П.ХИШИГБАЯР ХӨТЛӨН ЯВУУЛАХААР БОЛЛОО. БУЛАНГААР МААНЬ ДАМЖИН П.ХИШИГБАЯРЫН НИЙТЛЭЛ ЦУВРАЛААР ХҮРЭХ БОЛНО. ИХ ХОТЫН ИРГЭН ТА Ч  БАС МАНАЙ ИРГЭНИЙ ИНДЭР БУЛАНД ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХҮСВЭЛ DAILУNEWS.MN2016@GMAIL.COM  ХАЯГААР ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-08 04:13

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [103.229.120.xxx]

    Нэр дэвшихгүй гэсэн. Харин ч дэвшээсэй.

  • Зочин

    Зочин [59.153.114.xxx]

    Хаха эргүү хүүр вэ. Энэ нэг тэнэг авгай бас дэших гээд номын үг хуулаад байгаан байх даа

  • Зочин

    Тэнэгт [188.29.164.xxx]

    Монголынхоо түүхийг уншиж судал эхлээд

  • Зочин

    Зочин [202.9.46.xxx]

    Мундаг дайчин эмэгтэй шүү . Амжилт хүсье.

  • Зочин

    Зочин [202.55.188.xxx]

    Улс төрийг ингэж гоё илэрхийлж болох юм байна.

  • Зочин

    jkhjk [183.177.99.xxx]

    jl;jkl

  • Зочин

    Х [202.179.13.xxx]

    Амжилт хүсье!

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?