Л.ЭНХТАЙВАН:ШҮҮХ ЦАГДАА НЬ ЭНЭ ХЭДЭН ЛУЙВАРЧДАА ДИЙЛЭХГҮЙ БОЛ “АРД ТҮМНИЙ ШҮҮХ” БАЙГУУЛЬЯ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-29 02:34

Сэтгүүлчийн үг

“Даяар тайван” ТББ-ын тэргүүн Д.Энхтайваныг урьж ярилцлаа. 

-Хоёулаа яриагаа төрж өссөн нутаг ус, уг гарвал угсаа ёсноосоо эхлэх үү?

-Манай ээжийн талынхан Ховдынх. Буянт гол, Тоорой банди гээд ардын дуугаараа алдартай нутаг даа. Харин аавын талынхан маань Говь-Алтай аймгийн улс. Би ер нь хэнэггүй  тэнэг нь дэндсэн амьтан даа. Саяхан бага дүү маань бурхан болсон юм. Тэр үед л бурхан болоочийн  намтарыг уншлаа.  Тэрхүү намтарыг монгол бичгээр бичсэн байдаг юм. Тэгж л Торой бандийн удам гэдгээ мэдлээ. Ах, эгч нар маань сургууль соёлын мөр хөөгөөд гурван үеийн түүхээ бичиж өгдөг учраас удмынхаа талаар мэдээлэл сайтай байж. Сонин л юм билээ. Аав Дашзэвэг маань  аймагтаа сонины сурвалжлагч хийж байгаад л  Эрдэнэт рүү шилжин намын хороонд үзэл суртлын дарга, зааварлагч хийж байсан.  

-Тэгвэл таны бага нас Эрдэнэтэд өнгөрсөн байх нь ээ?

-Үгүй дээ, нийслэлд... Би чинь одооныхоор бол Өргөө амаржих газар, тэр үеийнхээр нэгдүгээр төрөхөд төрж, 40 мянгат, микро хавиар өссөн хүн.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй билээ?

-Мэргэжил эзэмшээгүй ээ. Нэгдүгээр ангидаа нийслэлийн 33 дугаар сургуульд ороод, 52 дугаар сургууль руу шилжиж тавдугаар ангиа төгсөөд аав, ээжийгээ дагаад Эрдэнэт хот  байгуулагдахад очоод долдугаар анги төгсөөд л орхисон. Ичсэндээ сургуулиа хаясан хүн дээ, би...Угаасаа олигтой сурлагатай байсан биш,  “Х, У” үзэж байх үе л дээ. Самбарт дуудахаар нь, багшаа үсэгтэй тоо яаж боддог юм хэлээд ангийнхан пирхийгээд л инээлдсэн. Ичсэндээ цүнхээ үүрээд хичээлээ хаяад гараад алга болсон доо. Дахиж сургууль руу зүглээгүй.

-Социализмын үед үндэсний үзэл гэдэг ойлголт тун хаагдмал зүйл байлаа шүү дээ?

-Пропуск үзүүлж, орос дэлгүүр ордог байсан үе. Эрдэнэтийн орос дэлгүүр их гоё оо. Орос кино гаргана.  Тэгээд л бодлоо... Монголчуудад яагаад энэ бүгд байж болдоггүй юм бэ. Яагаад бид бүгд энэ бүхнийг үзэж, хэрэглэж болохгүй хязгаарлагдмал байна вэ гээд... Сургууль соёл дүүргээгүй учраас ойлголт мэдлэг жаахан тиймхэн ч сэтгэл дундуур оргиод болох юм биш. Тухайд үед сонин хэвлэлээр Эрдэнэт Монголыг тэжээж байна гэж их бичнэ. Тэгээд Эрдэнэт Монголыг тэжээж байхад оросууд давуу эрхтэй, монголчууд хонь шиг хүлцэнгүй байх юм яагаад гээд бодоод л явдаг байлаа. Тэгсэн нэг өдөр ээж маань надад гуутай бурхан өгч,   зүүж явж байгаарай гэсэн. Хэсэг зүүж явснаа болиод хас тэмдэг зүүсэн. Хас бол Монголынх гэдгийг харин нэг муухан мэдээд байсан хэрэг. Тэгж яваад 1984 оны үед Эрдэнэтийн бацаануудтайгаа нийлээд бүлгээ байгуулсан. Футболкныхоо арыг цоолж,  Даяар Монгол бүлэг гэж цоолбороор бичээд өмсчихсөн. Даяар монгол бүлгийн маань эхлэл ингэж л тавигдсан түүхтэй.

-Хас тэмдгээр гоёно гэдэг соц нийгмийн үед бүтэшгүй асуудал байсан атал зүүчихсэн явсан та ардчилалтай анх холбогдсон түүхээ хуваалцаач?

-Эрдэнэтийн хэд маань хааяа нийслэл рүү зүглэнэ. Сонин цаг үе л дээ. Бүх юм нэг хэвийн баахан уйтгартай ч гэж болохуйц. Бид Битлзээс илүү ч байж мэдэх метал рок дуунууд нууцаар сонсоно. Рок дуучид шиг хувцасламаар оргиод өмсч байсан тарпицан өмдөө эвдээд л, өөрсдөдөө хувцас оёж өмслөө. Шивээс хийлгэлээ. Аминдаа л үзэл бодлоо илэрхийлж байгаа нь царай тэр. Биен дээрээ Монголын газрын зургаа шивээд л... Түмэнбаяр, Ганбаа, Улаан Мөнхөө, Пүүжээ гээд нэрлэвэл олон залуус нийлж,  үзэл бодлоо нэгтэж явлаа. Тэгж яваад үзэл бодлоо илэрхийлж жагсая гэж ярилцаад 60-70 орчим  залуус  цуглараад жагсахаар болсон.

-Жагсаал цуглаан хийж болно гэж хэн нь санаачилсан бэ?

-Би л дураараа шийдэж байхгүй юу. Жагсаал цуглааны талаарх мэдээлэл байхгүй. Зүгээр л мэдрэмжээрээ шийдчихсэн. Үнэндээ тэр үед би хүмүүст орос дэлгүүр орж чамин бараа бүтээгдэхүүн олж өгдөг ажилтай, рок  хувцасласан залуу. Хувцасныхаа хүчээр л энэ бүгдийг хийж явлаа. Тэгэхдээ тухайн үедээ хангалуун амьдарч байсан. Тэгсэн хэрнээ л дотроос юм хатгаад болдоггүй... Миний зам мөр ийм л байсан юм байлгүй. Тэгээд л жагслаа. Биднийг  жагсаал цуглаан хийх гэж байгааг мэдчихсэн байсан. Горняков орсон чинь Энхтайван гэдэг нөхөр  жагсаал хийх гэж байна гээд хуралдаж байна. Гараад зугтсан ч цагдаа нарт баригдлаа. Баахан дүвчигнэж байгаад салсан. Тэгээд л маргааш нь жагссан даа.

Сүүлдээ манайхаар Сосорбарам тэргүүтэй залуус орж гардаг болсон. Эргээд бодох нь ээ, эрх чөлөөтэй сонголт хийж болохгүй байсан учраас л эсэргүүцэн үзэл бодол маань төлөвшиж эхэлсэн юм билээ. Үсээ ч ургуулж болохгүй тайраад хаячихдаг л цаг үе шүү дээ.   Мэдээж хэрэг миний бодол их өнгөц. Нарийн учир холбогдлыг нь сайн ухаж мэдэхгүй. Эрх чөлөө, ардчилллын талаар ойлголт муутай явж... Зүгээр л үзэл бодлоо илэрхийлж, өөрийнхөөрөө байх чин хүсэлтэй... Басхүү сургууль соёл төгсөөгүйдээ их ичдэг байлаа. Иймэрхүү шалтгаануудаасаа болоод ил гарах дургүй. Өөрийгөө их дарж амьдарсан даа. Төдийгөөс өдий хүртэлх хугацаанд олон төрийн бус байгууллагууд гарч ирлээ. Оюунлаг хүмүүстэй нөхөрлөлөө. Найзууд маань  намайг зоригжуулна, юунаас нь ичдэг юм бэ гээд л  урам өгнө. Гадаадад улсад боловсролгүй ч гэсэн төр барьсан мундаг хүмүүс зөндөө  байна гэх мэтээр их ятгана. Тэгж л би ичих айдсаасаа салж, ил гарсан хүн.

Залуу байхад үсээ панк рок стильтэй болгоод үеэс л аавын ажил ганхаж эхэлж байгаа юм. Тушаал буурахаас эхлээд юм юм болсон. Үзэл суртлын дарга гэж явснаа боловсон хүчин болсон. Аав маань МАХН-ын  үнэнч  гишүүн байсан ч хаа очиж намайг “чи тэгж болохгүй, ингэж болохгүй” гэж зэмлэдэггүй байсан. Ганцхан “ Битгий л хэрэгт орж  үзээрэй” гэж их  захьдаг. Миний хүү, өөрийнхөө үзэл бодлоор л яв гэдэгсэн.

-Ардчилсан хувьсгалынхаа мөн чанарыг хэдий үеэс ойлгож ухамсарлаж эхэлсэн юм бэ?

-Яг ардчилсан хувьсгал гарлаа мандлаа гэсэн чинь наагуур нь худлаа “би, би” гэсэн нөхдүүд  гарч ирээд баахан сагсалзсан. Ямар муухай худалч хүмүүс вэ л гэж хардаг байлаа. Тэгснээ ардчилал гэдэг үгийг өмчлөөд авчихсан янзтай аяглаад эхэлсэн. Тэр үеэс л би  болгоомжилж, ойлгож эхэлсэн гэх үү дээ.  Ард түмэн тэр худалчдыг үнэн зөв мундаг хүмүүс гэж харцгаагаад л...  Хувьчлал явагдлаа. Аймаар юм болж байна. Ард түмний өмч хөрөнгийг үнэгүйдүүлж авч байхыг хараад ой гутсан. Хувьцаат компани гэдэг чинь ёстой хог юм байна гэж ойлгосон. Ардчилал гэдэг үг  ард түмний нэрийг барьж, байдаг юмыг эвдэж сүйтгэхийг хэлдэггүй. Үйлдвэрүүд яагаад байхгүй болчихов, байхгүй болгочихов. Ардчиллын нэр баригсад хотод орж ирэнгүүтээ компани  байгуулцгааж, дор бүрнээ л  цөөвөр чоно шиг  аашилцгаасан. Ашиг хуваахын дон тусцгаасан. Байшин үйлдвэрлэх комбинат ямар байдалтай үлдэв. Үнэн аймаар... Энэ бүхэнд ихээхэн эмзэглэж явдаг байлаа. Энэ тухайгаа  дотны найзууддаа хэлж ярилцана. Манай бүлэгт Хон Хэрээдийн Энхбат байсан л гэдэг. Би сайн санадаггүй юм. Ямартай би Даяар монгол хөдөлгөөнийхөн дунд зүгээр л ажиглагчийн түвшинд  нийлж орлоо. Одоо ч гэсэн тийм л байдлаар  залуустай харилцдаг. Харин  хөдөлгөөний маань залуучууд маань жинхэнэ  үндэсний үзлийг шингээж явдаг. Тэд зөв юм ярьж байна гэдгийг олж харсан.

-Үндэсний үзэлтэн гэхээр баахан рекетчин гэх ойлголт нийгэмд бий. Тэгж ойлгогдохоор нөхөд ч бас байсан даа?

-Залуус маань рекет хийгээд нэр хүндээ навс унагасанд харамсдаг. Уг нь анх их хүчтэй гарч ирсэн. Өө нээрээ ийм  хүмүүс байж байж, хууль ёс сахидаггүй гадныхныг  номонд нь оруулж болох юм гэж  ард түмэн их дэмжсэн. Алдаа ч бий оноо ч бий. Одоо би залуустаа хэлдэг юм. Үнэхээр үндэсний үзэлтэй бол дэмий юманд битгий холбогдоочээ гэж... Буруу гараар орж ирсэн мөнгөнд бүү автагд. Үзэл бодлоо мөнгөөр үнэлвэл машин байтугай л олдоно. Зарим нь надад янз бүрийн юм амлаж ч байсан. Би татгалзсан, татгалздаг. Мэдээж алдаж  оносон залуустаа дэм өгөхийг чухалчилдаг.  Залуусаа ажилтай байлгахын хажуугаар эвгүйтснийг нь очиж эргэнэ. Түмэн  олонтойгоо хамт эргэсэн дээ. Хон Хэрэйдийн Энхбат, Гал үндэстэн холбооны тэргүүн Мөнхбаяр гээд бүгдийг нь л “аав”-ынд байхад нь очиж эргэсэн.

Жаахан хальчих уу? Ер нь 1990 оноос хойш монгол хүний сайхан сэтгэл мөн чанар огт байхгүй болсон. Гадныхан манай орныг дээрэлхэж доромжлоод л... Дотоодын дайснуудын ааш аяг хэрээс хэтэрч... Энэ бүхэн  миний хувьд ил гарахад түлхэц болсон. Ард түмэнд тараагдаад байгаа хувьцааны үнэ цэнийг ард түмэнд мэдрүүл. Дараа нь  хэрхэн ашиглах талаар ярьж зөвлө. Үнэ цэнийг нь ойлгуул...  20 гаруй жил эх хүүхдийн мөнгөний асуудлыг хөндлөө. Өнөө л 20 мянган төгрөг 50  мянган төгрөгийн асуудал  шүү дээ. Асуудал мөнгөндөө биш. Тэр хүүхдийн хэрэгцээг нь хангаж чадахаар байвал л гүйцээ. Хэрэглээгээ хангаж чадсан хүүхэд цаашдаа боловсрол эзэмшээд оюунлаг залуусын нэг болно. Ингэж л бодох хэрэгтэй.  Хувьцаа гэхэд  хууль нь чанга байх ёстой. Гурван сая ард түмнээ зовлонгүй  авч явах хэрэгтэй биз дээ. Ард түмнээ зовлонгүй тэжээчих арга байгаа л  байхгүй юу.

-Ямар арга байна, таныхаар бол?

-Энэ улс оронд үүссэн намын завхралыг ард түмэн нэгдэж зогсоох хэрэгтэй. 60-70 орчим үндсэрхэг үзэлтэй залуус Сахигтун хөдөлгөөнд нэгдэж чадлаа. Ард түмний эв  нэгдэл, улс оронд нүүрлэсэн завхралыг арилгаж чадна. Ард түмэн нийтээрээ дуугардаг байх хэрэгтэй.  Бид талбай тойроод гороолж жагсахаа болъё. Гэрт нь очоод хөөж гаргая.

Шүүх цагдаа нь энэ хэдэн  луйварчдаа дийлэхгүй бол  “Ард түмний шүүх” байгуулья. Бүх ялзарсан төрийн байгууллагуудыг үндсээр нь солъё. Өөрсдийн эгнээнээсээ оюунлаг залуусаа оруулъя. Солъё л доо. Ганц цагдаагийн байгууллагаар энэ үйл ажиллагаа хязгаарлагдахгүй шүү. Төрийн байгууллагууд нээх гоё гоё тангарагтай байдаг даа. Нэг нь ч биелдэггүй. Тэгвэл одоо тангаргийг тангараг болгож сахиулъя. Хүний нас тоотой шүү дээ.

Номхон тэмээ шиг ноомойж сууж дарлуулсаар байтал хамаг цаг хугацаа зүгээр л хий дэмий урсаад байна. Бид өөрийг хүсч өгөөмөр шударга амьдрал, нийгмийг мөрөөдөж байгаа бол хойч үеэ огт  өөрөөр хүмүүжүүлмээр байна.  Улс орноо хойч үедээ шал өөрөөр үлдээе л дээ. Дэлхий, улс орнууд хөгжөөд байна. Тэрэнд зохицсон монгол сэтгэлгээг хөгжүүлмээр байна.  Алийн болгон  бид ийм ядруу байх юм бэ. Өөрсдийнхөө эрхийн төлөө өөрсдөө зогсохгүй бол өөр хэн зогсох юм бэ. Иргэний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх  нарыг чадлаараа л ажиллаж байна гэж дүгнэдэг. Иймэрхүү байдлаар ажиллаад байвал бас ч гэж болж байна.

... Идэж ууж болноо. Гэхдээ ард түмэндээ  үнэнээ хэлээд идэж уусан бол үнэнээ хүлээгээд дээр нь ийм ийм ажлыг хийж гүйцэтгэлээ гэдгээ ил тод зарлаад явж байх хэрэгтэй. Жудагтай, зориг зүрхтэй байх хэрэгтэй. Тэгвэл ард түмэн дэмжинэ шүү дээ. Уг нь энэ хоёрт их найдвар тавьж байсан ч бас биш зүйл их байх юм. Наад зах нь нэртэй төртэй эрдэмтэн мэргэдээ хажуудаа авч ажиллуулсангүй. Улсаа хэрхэн төвхнүүлэх уртын төлөвлөгөөгөө гаргаж чадсангүй. Сэтгүүлч Уянга, Чөлөөт ахмадын Холбооны тэргүүн Баасан гээд хачин хачин юмнуудыг дэргэдээ авч зөвлөхөөрөө ажиллуулах юм. Басхүү тэнгэрлэг заяатай монгол түмэн  бусдыг дагаж далдаганаж  явах ёстой юу. Ардчиллагчид гэгддэг нөхдүүд битгий биеэ тоо. Хүн чанартай хүн  шиг  амьдар. Би гэдэг өвчнөөсөө сал. Түмэн олноо л хайрлаж амьдар гээд  чангахан хэлчихье.

 

СЭТГҮҮЛЧ З.УРСГАЛ



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-29 02:34

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?