ТАВАН СУМЫГ ЖИШИГ СУМ БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-24 01:37

Сэтгүүлчийн үг

Улсын хэмжээнд таван сумыг эхний ээлжинд жишиг сум болгон хөгжүүлэхээр болжээ. Архангай аймгийн Эрдэнэмандал, Завхан аймгийн Отгон, Хэнтий аймгийн Батноров, Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан гэсэн таван сум шалгараад байгаа юм байна.

“Алсын хараа-2050” Урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт ч нэр бүхий 99 сумыг эхний ээлжинд заавал төрөөс дэмжиж хөгжүүлвэл төвлөрлийг сааруулах, тухайн сумдад ажиллаж, амьдрах таатай орчин бүрдэнэ гэдэг дүгнэлт тусгагдсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллах үеэрээ мэдээлжээ.

“Сумын төвийн шинэчлэл”-ийн хүрээнд тус суманд Нутгийн удирдлагын ордон, цэвэрлэх байгууламж, 320 хүүхдийн багтаамжтай ЕБС-ийн хичээлийн байрны өргөтгөл зэрэг нийт 4,3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд хийнэ.

Одоогийн байдлаар “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт хамрагдах бэлтгэл ажлаа Батноров сумынхан бүрэн хангасан бөгөөд Сангийн яам, БХБЯ зэрэг газруудаас санхүүжилт шилжиж орж ирэх, зарим зураг төсөл нь хийгдэх, гүйцэтгэгч компанийг шалгаруулах зэрэг ажлууд бэлэн болохоор бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхэд бэлэн болжээ. 

“Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд тухайн сумын төвд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, айл өрхүүдийг халуун, хүйтэн ус, дулаан хангамж бүхий дэд бүтцэд холбох, авто зам, цэвэрлэх байгууламж зэргийг нь бүрэн шийднэ. Үүнд зарцуулахад зориулж дээрх таван суманд тус бүр 4 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргахаар болсон юм. Хэрэв эдгээр таван суманд уг хөтөлбөр амжилттай хэрэгжвэл цаашдаа Монгол Улсын бүх сумыг тус хөтөлбөрт хамруулахаар Засгийн газар төлөвлөсөн гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-24 01:37

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?