“ЧИНГИС ХААН” МУЗЕЙГ 15 ТАНХИМТАЙ БАЙХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-17 00:24

Сэтгүүлчийн үг

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлээр ахлуулсан “Чингис хаан” музейн эрдэмтдийн зөвлөл хуралдаж  Ажлын багийн танилцуулгыг хэлэлцэв.  Хурлаар “Чингис хаан” музей байгуулах ажлыг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах үүрэг бүхий "Эрдэмтдийн зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ын төслийг хэлэлцэж баталлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамжаар тус “Эрдэмтдийн зөвлөл”-ийг  байгуулсан юм.

Түүнчлэн дээрх хурлаар БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан Соёл урлагийн газар, Чингис хааны өв соёлын хүрээлэн, ШУА-ийн түүх угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Монголын үндэсний музейн төлөөлөл багтсан  Ажлын баг төлөвлөгөөний дагуу хийж буй ажлаа танилцуулав. “Чингис хаан” музей нь нийт 15 танхимтай байхаар төлөвлөсөн бөгөөд одоогоор 3-4, 5-6 дугаар давхруудын дэглэлтийг гаргасан байна.

Музейн 3-4 дүгээр давхарт Эртний улсуудын танхим буюу Хүннү гүрэнтэй холбогдох үзмэрүүд байх бол 5-6 дугаар давхрыг Эзэнт гүрний түүхтэй холбон дэглэх аж.  Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд “Чингис хаан” музей нь Үндэсний түүхийн музейгээс ялгарах онцлог нь юу байх, “Чингис хаан” гэсэн нэрээ бүх үзмэртэй холбон ажиллах чиглэлд анхаарахыг Ажлын багт зөвлөжээ.

Ажлын хэсгийн ахлагч Д.Рэгдэл “Өнөөдрийн бидний уулзалт “Чингис хаан” музейн гол дэглэлтийг  юун дээр  зангидах тухай байв. Хүн бүр саналаа хэллээ. Жишээ нь, А.Цанжид гишүүн “Монголын түүх дээр зангидаад явъя” гэж байна. Бид саналаа нэгтгэж зөвлөмж хүргүүлнэ. Ерөнхий сайд “Чингис хаан” музей  нь Монголын төрт ёсны түүхийн музей байх юм шүү. Төрт ёсны түүхээ үзээд монгол хүн бахархаж байх ёстой гэж хэлсэн. Тиймээс бид төрт ёсны түүх, дэлхийн хүн төрөлхтний хөгжил дэвшилд монголчууд ямар хувь нэмэр оруулсан юм гэдгийг “Чингис хаан” музейн гол чиг шугам болгох учиртай. Зөвлөлийн гишүүдээс гарсан бас нэг чухал санал бол Чингис хаан гэдэг нэрээ үзмэрийн сан бүрдүүлэхдээ онцгой анхаарахыг хэллээ. “Чингис хаан” музейн барилга бол том биш, зай талбай багатай. Тиймээс  орчин үеийн технологи ашиглаж таарна. Виртуаль байдлаар 3D, 5D хэмжээгээр тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлгэцүүдийг бэлдэх, 5 хэлээр тайлбараа хийдэг байх нь хүнд  асуудал биш. Бие даан хийхэд амаргүй байж мэдэх тул гадаадын энэ чиглэлийн  мэргэжилтнүүдийг урьж  ажиллуулах талаар ч манай Ажлын баг зөвлөлдөх нь зүйтэй” гэлээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-17 00:24

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?