СУРАГГҮЙ НАМУУДЫН СУРАГ ДУУЛДАЖ, СУУ АЛДАРТАЙ НЬ АЛСРАХ ЦАГ АЙСУЙ

Сэтгүүлчийн үг

Үндэсний аудитын газраас нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг шалгаж дууссан талаараа мэдээлэл хийлээ. Энэ удаагийн Их хурлын сонгуульд оролцохоор 27 нам мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн бөгөөд үүний долоо нь л хуулийн шаардлага хангасан талаар Үндэсний аудитын газраас мэдээллээ.

Монгол Улсын үндэсний аудиторын орлогч О.Тэнгис “Үндэсний аудитын газраас сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргаж дууслаа. Дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байдгаас 27 нь сонгуульд оролцохоор ямар нэгэн байдлаар мөрийн хөтөлбөр ирүүлсэн. Эдгээрээс 12 нам нь дөрвөн эвсэл болж орж байгаа бол 15 нам нь дангаараа бие дааж орж байгаа юм байна. Мөрийн хөтөлбөрүүд нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.3-т заасан эд мөнгө амлахгүй, үнэгүй, хямдруулсан үйлчилгээ үзүүлэхгүй, улс орон нутгийн төсвийг бусдад хандивлахгүй, уул уурхайн салбарын орлогыг хишиг хувь болгон олгохгүй байх гэж заасан. Мөн нам, эвслийн мөрийн хөтөлбөрт заасан төслүүдийн эх үүсвэр төсвийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх гэсэн хуулийн заалтад нийцсэн эсэхийг шалгасан. Энэхүү аудитыг хийх явцад 19 мөрийн хөтөлбөрийн 7 намын мөрийн хөтөлбөр хуульд нийцэж байна. Бусад 12 мөрийн хөтөлбөр буюу 20 улс төрийн намд хамаарах мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлага хангаагүй гэж буцаагдаж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.9-д Үндэсний аудитын газраас тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг шаардлага хангаагүй гэж буцаасан тохиолдолд засуулах боломж байгаа. Нам, эвслүүд календарийн тав хоногт мөрийн хөтөлбөрөө засч дахин хүргүүлэх боломжтой” гэлээ.

Мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангасан намууд:

1.   Зон олны нам

2.   Хөгжлийн хөтөлбөр нам

3.   Дэлхийн монголчуудын нам

4.   Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

5.   Эх орон нам

6.   Ард түмний олонхийн засаглал нам

7.   Ард түмний нам

Эдгээрээс бусад нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөр дээрх хуультай нийцэхгүй байна гэж үзжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?